1
Дотуур өмд
Гадаа хасах градус заасан учир дотуур өмд, цамцыг заавал өмсөж байх хэрэгтэй. Ялангуяа зөөлөн дотортой ноосон өмд өмсөх нь, доороосоо даарах аюулаас сэргийлнэ. Мөн өмдөө хэт зузаан нэвсгэр байлгах гэсний хэрэггүй бөгөөд бариу атлаа ноосон өмдийг сонгоорой. Цамцны тухайд зөөлөн материалтай нимгэвтэр хэрнээ бариу байвал зохимжтой.
2
Бариу цамц
Гадуур өмсөх зузаан цамц тань аль болох бариу талдаа байх хэрэгтэй. Бие барьсан хувцас нь таныг нэвсгэр бүдүүн харагдуулахгүй юм. Ямартай ч захтай эсвэл хүзүүтэй цамцыг сонгон өмссөнөөр та илүү туранхай харагдах давуу талтай.
3
Ноосон цамц
Ноосон цамц нь өвлийн улиралтай салшгүй холбоотой. Та захтай цамцаа өмссөний дараа гадуур нь ноосон цамц өмсөж дулаалаарай. Энэ нь захтай цамцтай сайхан зохицох бөгөөд дулаахан тухтай байлгах болно. Үүнээс гадна та бариу ноосон даашинзыг нөмрөгтэй хослуулан өмсөх боломжтой. Өвлийн улирал гээд хамаагүй, хэнэггүй хувцаслах гэсний хэрэггүй юм шүү.
4
Гадуур хүрэм
Та гадуур өмсөх хүрэм, куртик сонгохдоо улиг болсон хар өнгөнөөс зайлсхийгээрэй. Энэ нь таны сүр хүчийг дарагдуулж, эрч хүчгүй сул дорой харагдуулдаг. Иймд аль болох тод өнгийг гялалзсан, таныг чимж өгөх хүрмийг сонгож өмсөх ёстой юм. Гэхдээ хүйтэн цаг гэдгийг санаж аль болох зузаан хэрнээ хэт нэвсгэр хувцсыг сонгохоос зайлсхийгээрэй.
5
Малгай өмсөх
Толгой нь биеийн хамгийн эмзэг хэсэг тул хүйтэн сэрүүнээс сэрэмжилж, малгай өмсөх хэрэгтэй. Мөн танд зохисон малгай нь улам бүр үзэсгэлэнтэй, дулаахан, гоо сайхан харагдуулж өгдөг юм. Та өөрийн нүүрний хэлбэр, толгойны онцлогоосоо хамаарч, малгайгаа сонгох хэрэгтэй бөгөөд том нэхээстэй олон өнгийн малгай нь хэдийн хоцрогдсон тул таныг мэдрэмжгүй нэгэн мэт харагдуулна. Харин та аль болох классик загварын ноолуур, ноосон материалтай ганган дэгжин малгайгаар гоёорой.
6
Яагаад малгай өмсөх хэрэгтэй вэ?
Дээр дурдсанлан заавал малгай өмсөх хэрэгтэй. Үүнийг аав ээжүүд үргэлж захиж хэлэх боловч тэдний үгийг биелүүлэх нь цөөн. Иймд яагаад заавал малгай өмсөх ёстойг танд тайлбарлая. Хүн болон амьтан хүйтний улиралд гадаа гармагцаа биеийн дулаанаа алдаж байдаг. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл цус урсаж тэжээлээр хангадаг бол даарсан үед буюу биеийн дулааны 7-10%-ийг алдахад л гүрээний судас нарийсч, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Өөрөөр хэлбэл хүн даарах тусам тархинд муугаар нөлөөлдөг гэсэн үг. Мөн тархины судас нарийсч, цусны эргэлт удаан болсноор тархиар хатгуулах, хараа сонсгол муудах, мэдрэлийн суурь өвчтэй болох, ой тогтоолт муудах зэрэг өвчин нүүрлэнэ.
7
Малгай өмсөхийн ашиг тус
Харин одоо та бүхэндээ малгай өмсөхийн ашиг тусыг хүргэе. Малгай нь зөвхөн сайхан харагдахад зориулагдаагүй зүйл юм. Өвлийн улиралд бидний тархи толгойг дулаанаа алдахаас хамгаалж, эрүүл саруул байхад тусладаг бол зуны улиралд нарны хорт цацрагаас та бидний эрүүл мэнд, гоо сайхныг авардаг билээ. Мөн малгай өмсөннөөр үс гялалзаж, эрүүл байх үндэс бүрддэг. Учир нь зуны халуун нар, өвлийн хүйтэн салхи нь үсийг гэмтээж байдаг бөгөөд малгай нь гол хамгаалагч болдог юм.
8
Бээлий өмсөх
Гар даарснаас болж халаасандаа гараа хийж явах нь маш эвгүй харагддаг. Яг л хөлдөх гэж байгаа мэт чичирч, хүйтэнд ялан дийлэгдсэн таны төрх бусдад сайхан харагдахгүй юм. Иймд та хувцаслалтандаа тохирох бээлийг сонгож өмсөөрэй. Пальто, даашинз өмссөн бол савхин бээлий, куртик өмссөн бол даавуу ноосон бээлийнээс сонголтой хийж өмсөх боломжтой билээ.
9
Ороолт
Чамин дэгжин ороолт нь ямар ч хувцсыг гайхалтай амилуулж, төгс харагдуулдаг юм. Ороолт зүүгээгүй тохиолдолд нэг л хоосон дутуу харагдах бөгөөд хүзүүгээр сийгэж, хоолойг өвтгөж ч мэднэ. Өмсөж байгаа гадуур хувцсандаа тохируулж, өвөрмөц байдлаар ороолтоо зүүж хэвшээрэй. Энэ нь таныг хаана ч хэзээ ч дэгжин эрхэмсэг харагдуулах болно.
10
Гутал өмсөх
Өмссөн хувцсандаа тохируулж гутлаа сонгох хэрэгтэй. Ганган дэгжин даашинзаар гоёсон атлаа бойтог, үдээстэй гутал өмсөх нь онцгүй харагдана. Хэрвээ та том куртикаар гоёсон бол хөлд тухтай болоод дулаахан бойтог, арзгар ултай гутлыг сонгож болно. Энэ нь цас, мөсөнд халтирч гулгахгүйн дээр хөлийг тань огтхон ч дааруулахгүй давуу талтай.
Та өвөл хэрхэн хувцасладаг вэ?