1
Барууны ачааны машин Оросоор дамжин өнгөрөхийг хориглов
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны зарим ачааны машиныг Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг хориглох зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү зарлигт ОХУ-ын эсрэг хориг тавьсан орнуудад бүртгэлтэй ачааны машинуудыг тус улсын хилээр нэвтрэхийг хориглох тухай тусгажээ.
Европын холбоо өмнө Орос, Беларусь улсад бүртгэлтэй зарим ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Үүний хариу болгож Орос улс ийм арга хэмжээ авч байна.
2
Норвеги улс байгалийн хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна
Балтын тэнгисээр дамжин өнгөрдөг Оросоос Европ руу чиглэсэн хийн хоолойд гэмтэл гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Норвеги улс газрын тос, байгалийн хийн байгууламжуудаа болзошгүй аюулаас хамгаалахын тулд цэрэг байршуулна гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ Тэнгисийн цэргийн хүчнийг далайд, цагдаа нарыг хуурай газар дахь байгууламжид байршуулах аж.
3
Азийн эргийн хотууд хурдацтай живж байна
Өмнөд болон зүүн өмнөд Азийн эрэг дагуух хотууд хурдацтай живж буйг судалгаагаар тогтоожээ. Далайн түвшин нэмэгдэх тусам дээрх хотуудад оршин суудаг олон сая иргэдийн нөхцөл байдал улам дордож байгаа юм. Судалгааг Сингапурын Наньяан технологийн их сургууль хийж, өнгөрсөн долоо хоногт “Nature sustainability” сэтгүүлд нийтэлжээ. Хүн ам өсөхийн хэрээр тэдний хэрэглээнд зориулж гүний усыг ихээр ашиглах болсон. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад далайн түвшин нэмэгдэж, бүс нутгийн хуурай газар хурдацтай суултад өртөж буй. Дээрх хүчин зүйлүүд нь эргийн хотуудыг улам өндөр эрсдэлд оруулж байгаа аж.
4
Европын холбоо найм дахь хориг арга хэмжээгээ зарлав
Европын холбоо Орост чиглэсэн найм дахь багц хориг арга хэмжээгээ зарлалаа. Хориг арга хэмжээний хүрээнд худалдааны хязгаарлалтыг чангатгаж, илүү олон Орос иргэдийг хар жагсаалтад оруулах аж. Түүнчлэн гуравдагч орнуудад газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтооно гэжээ. Газрын тосны үнийн дээд хязгаарыг даатгагчдаар дамжуулан тогтооно гэдгээ Итали, Франц, Герман зэрэг томоохон аж үйлдвэржсэн орнууд хэдийнээ тохиролцоод буй.
5
ОХУ-ын цөмийн үйл ажиллагааг АНУ анхааралтай ажиглаж байна
АНУ-ын цэргийн тагнуулын нисэх онгоцнууд ОХУ-ын Европ дахь бүс нутагт нэвтэрч, Кремлийн болзошгүй цөмийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж эхэлжээ. Украинд явуулж буй дайнаас үүдэн ОХУ нь цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэх мэдэгдлийг Оросын албаныхан удаа дараа хийсэн учраас ийм арга хэмжээ авахаар болжээ.
АНУ-ын тагнуулын "Boeing RC-135" нисэх онгоц Их Британи дахь баазаас өчигдөр хөөрч, Балтын тэнгисийн дагуух ОХУ-ын Калининград хотын ойролцоо тойрон нисэж эхэлжээ. Тус онгоц нь тагнуулын мэдээллийг цуглуулж, нөхцөл байдлыг газар дээр нь шууд дүгнэх, мэдээлэл түгээх хүчин чадалтай бөгөөд дотор нь 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг байна.
6
НАТО “Himars” системийн хүчийг үзүүлэв
НАТО Балтын тэнгисийг хамгаалахад бэлэн байгаагаа харуулах зорилгоор “Himars” пуужингийн системийг Латви улсад туршлаа. Тодруулбал, Латви улсад Германаас авчирсан өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн систем “Himars”-ыг турших цэргийн сургалтын өдөрлөг болов.
“Himars” нь дэлхийн хамгийн дэвшилтэт олон пуужин харвагч систем бөгөөд үүгээр 480 км хүртэлх зайд байгаа алсын байг онох боломжтой аж. Украины нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг Оросын армиас чөлөөлсөн сөрөг довтолгоонд “Himars” чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
7
АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав
Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг санууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин орос эрчүүдийг хэсэгчилсэн дайчилгаанд дуудсаны дараа уг сэрэмжлүүлэг гарчээ. Сэрэмжлүүлэгт АНУ-ын иргэдийг Орос руу зорчихгүй байх, ОХУ-д оршин суудаг болон аялж яваа хүмүүс тус улсаас нэн даруй гарахыг анхааруулсан байна.
8
Цагаачлал эрс нэмэгдсэнээр Канадын хүн амын өсөлт 1957 оноос хойших дээд цэгтээ хүрлээ
Канад улсын нийт хүн ам 38.9 сая хүрээд байна. 2022 оны II улиралд Канад улсын хүн ам 284 мянга 982-оор буюу 0.7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт дунджаар 3100-аар нэмэгдсэн гэсэн үг бөгөөд ингэснээр тус улсын нийт хүн ам 38.9 сая хүрсэн болохыг Канадын Статистикийн хороо мэдээллээ.
Энэ нь Канадад 1957 оноос буюу “Baby Boom” үеэс хойш бүртгэгдээгүй хамгийн хурдацтай өсөлт болсон байна. Хэдий тийм боловч энэ удаагийн өсөлтийн бараг бүх хувийг цагаачид бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.
9
Түүхэнд анх удаа Альцгеймерийн эсрэг эмийн туршилт амжилттай болжээ
Альцгеймер өвчний “Lecanemab” хэмээх эм нь тус өвчний эхэн шатанд үүсдэг оюуны чадавх болон тархины үйл ажиллагааны доройтлын явцыг удаашруулж байгааг албан ёсоор тогтоожээ.
АНУ-ын биотехнологийн “Biogen” болон Японы “Eisai” компаниудын хөгжүүлж буй альцгеймер өвчний эсрэг эм “Lecanemab” нь клиникийн шатны туршилтыг амжилттай давсан нь томоохон амжилт юм.
Дэлхий даяар 55 сая хүний тэмцэж буй альцгеймер өвчнийг анагаах үр дүнтэй арга олохын тулд эм үйлдвэрлэгч компаниуд олон туршилт явуулсан ч үргэлж бүтэлгүйтсээр ирсэн юм. Харин “Lecanemab” эм нь өвчний явцыг 27 хувиар удаашруулж, судалгааны гол зорилтыг хангаснаар анагаах ухааны салбарт чухал ололт амжилтыг авчирсны зэрэгцээ бусад компанийн судалгаанд эерэг үр нөлөөг дагуулж байна.
10
Ираны 4 дэх Ерөнхийлөгчийн охиныг “Бослого гаргагчдыг өдөөн турхирсан" шалтгаанаар баривчилжээ
Ираны Парламентад сонгогдож байсан Фаезе Хашеми Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанжийн охин гэдгээрээ олонд илүү танигдсан юм.
Ираны улс төрийн зүтгэлтэн асан Фаезе Хашеми “Бослого гаргагчдыг өдөөн турхирсан” гэх шалтгаанаар мягмар гарагт Тегеран хотод цагдаа нарт баривчлагдсан байна. Есдүгээр сарын 16-наас хойш Ираны 40 гаруй хотод үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглаанд тус улсын алдартай хүмүүс, өндөр албан тушаалтнууд татагдан орж эхэлснийг энэ үйл явдал харууллаа.