Отрядын үйл ажиллагааны талаарх олон баримт бичгийг устгасан боловч заримыг нь авч үлдсэн байна.
Тус ангиуд дээр туршилтад орж байгаа иргэдийг хүн гэж тооцдоггүй байсан бөгөөд "гуалин" буюу японоор "maruta" гэж нэрлэдэг байв. Тэдэнд үхлийн аюултай өвчнүүдийг зориуд халдварлуулж, бие нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах эсвэл шинээр гаргаж авсан хор өгөөд, үхсэнийх нь дараа нарийн задлан шинжилгээнд оруулдаг байна.
Туршилтын хохирогчид бүгд Хятад хүмүүс гэж үзэж байгаа боловч энэ нь үнэнд нийцэхгүй. Тэдний 70 хувь нь Хятад, 30 хувь нь Зөвлөлт Холбоот Улсын иргэд байсан бөгөөд цөөн тооны монгол, солонгосчууд байжээ.
Тэд янз бүрийн хувилбараар амьд хүмүүс дээр туршилт хийж байсан бөгөөд тухайн хүнийг үхэн үхтэл нь нарийн судалж, нян хүний биед ямар хугацаанд хэрхэн нөлөөлж, ямар нянгаар халдварласан хүн хэдий хугацаанд хэрхэн үхэж буйг ажигладаг байв. Хэрэв тухайн хүн бактериар халдварлуулахад үхэлгүй эдгэрвэл дахин туршилтад оруулах бөгөөд энэ отрядад туршилтад орсон хүн хэзээ ч амьд гарч байгаагүй тухай Токиогийн болон Хабаровскийн цэргийн шүүхийн материалуудад дурдагдсан байдаг.
731-р отрядын гол зорилго нь хими, бактериологийн зэвсэг, түүний нянг судлах, өсгөн үржүүлэх, хадгалан нөөцлөх, эмчлэх туршилт судалгааг явуулж, бактерийн зэвсгийн гол түүхий эд болох халдварт өвчтэй нянг гарган авч дайны зорилгоор ашиглахаар их хэмжээгээр нөөцлөн бэлтгэх явдал байжээ. Энд сард 300 кг тахлын, 500-600 кг хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан гэх баримт байна.
Туршилтад орж байгаа хүмүүсийг ганцаарчлан хорьдог байсан ч тэд хоорондоо яаж ийж байгаад холбоо тогтоосон байдаг. Учир нь нэг удаа тэдний оройн хоолонд үхлийн аюултай өвчний нян шингээсэн талх өгсөн боловч хоригдлууд бүгд мэдэж, гар хүрээгүй байна.
Улаан армийн нэг цэрэг бослого зохион байгуулж, хүн бүрийг чөлөөлж чадсан гэсэн мэдээлэл бий. Гэвч харамсалтай нь баазыг хэн ч тэндээс амьд гарч чадахгүй байхаар барьсан байжээ. Хэн нэгэн оргосон тохиолдолд хаалгууд автоматаар битүүмжлэгдэн хонгилууд хорт хийгээр дүүрдэг байсан учраас хэн ч гадагш гарч чадаагүй аж.
731-р отрядын байрыг Хятадын чөлөөлөх арми эцэст нь эзэлсэн юм. Хоригдлуудыг сайтар шинжилгээнд хамруулж дайны гэмт хэрэгтнүүдийг шоронд илгээж, дараа нь шүүсэн аж.
731-р отрядын удирдлага, ажилчдыг ЗХУ-ын Хабаровск хотод шүүсэн учраас "Хабаровскийн шүүх хурал" нэртэйгээр тэмдэглэн үлдээжээ.
Тус шүүх хурал 1949 онд болсон байна. Тухайн үед ЗСБНХУ-д цаазаар авах ялыг аль хэдийн халсан байсан тул бүгдэд нь хорих шийтгэл хүлээлгэсэн юм. Удирдлагууд 25 жил, туслахууд ердөө 1.5-5 жилийн ял авсан нь багагүй хэл ам дагуулсан байна.
Япон харин тэднийг хэзээ ч дайны гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Эх орондоо эдгээр хүмүүс баатрууд болж харьсан бөгөөд өөрсдийгөө ч гэм буруугүй гэж үздэг байжээ.
Тэдний нэг "Тийм ээ, бид аймшигтай зүйлд оролцсон. Гэхдээ бид буруугүй, дайны үед хийх ёстойгоо хийсэн" гэж хэлсэн юм. 731-р отрядын гишүүд хожим биологич, эмч нар болсон бөгөөд дайны дараа японд олон тооны клиник, эмнэлэг нээжээ. Туршлагатай учраас арга ч үгүй биз.