Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.28

2022-09-28, 09:10
1,365

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хэт барууны үзэлтэй улс төрч Италийн шинэ Ерөнхий сайдаар тодорлоо, Morgan Stanley: Ам.долларын ханш чангарах нь эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй, ОХУ хэсэгчилсэн цэрэг дайчилгааныхаа алдааг хүлээн зөвшөөрөв нэрлэжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.28

1 Криптовалютын уналтаас болж дампуурсан ээлжит компани “Compute North” боллоо

“Compute North” компани 200 орчим зээлдүүлэгчид 500 гаруй сая ам.долларын өр төлж барагдуулах ёстой. Криптовалют олборлогчид, блокчэйн компаниудад дата төвийн үйлчилгээ үзүүлдэг “Compute North Holdings” компани пүрэв гарагт дампуурлаа зарлажээ.

АНУ-ын Миннесота мужийн Эден Прери хотод төвтэй тус компани дижитал хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн бэрхшээл, эрчим хүчний үнийн өсөлт, дата төв барихад шаардагдах хугацаа болон ашиг олж эхлэх хугацааны хоорондох зөрүү хэт их байдаг нь дампуурлын гол шалтгаан болсон гэж тайлбарлажээ. 

Техас мужийн шүүхийн шийдвэрээр тус компанийн дуусгаагүй төслүүдийг гол зээлдүүлэгч болох “Generate Lending” компанийн мэдэлд шилжүүлэхээр болсон байна. Зээлдүүлэгчийн зүгээс “Compute North”-ийг зээлийн гэрээнд заасан техникийн зарим шаардлага дээр дефолт зарласан хэмээн буруутгасныг шүүхийн баримт бичигт дурджээ. Хэдий тийм боловч тус компанийн дампуурлын шалтгаан “Generate Lending” биш бөгөөд барьцаа хөрөнгийнхөө үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд арга хэмжээ авах шаардлагатай байсан гэж зээлдүүлэгчийн өмгөөлөгч үзсэн байна.

Криптовалютын уналтаас болж дампуурсан ээлжит компани “Compute North” боллоо

2 Хэт барууны үзэлтэй улс төрч Италийн шинэ Ерөнхий сайдаар тодорлоо

Италийн Парламентын сонгуульд ялалт байгуулсан “Италийн ахан дүүс” намын эвслийн тэргүүн Жоржиа Мелони улсынхаа түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байна. 

Ням гарагт болсон сонгуулийн дүнгээр түүний эвсэл сонгогчдын 44 хувийн санал авч, Сенатад олонх болох нь тодорхой болсон бол зүүн жигүүрийн эвсэл 26 хувийн саналаар удаалсан байна. Ялалт байгуулсан эвсэлд “Италийн ахан дүүс”-ээс гадна Ерөнхий сайд асан Маттео Сальвинигийн “Лиг” нам, Сильвио Берлусконигийн “Forza Italia” нам мөн багтдаг аж.

Хэт барууны үзэлтэй улс төрч Италийн шинэ Ерөнхий сайдаар тодорлоо

3 Morgan Stanley: Ам.долларын ханш чангарах нь эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй

2022 он гарсаар “Bloomberg”-ийн ам.долларын спот индекс ойролцоогоор 19 хувиар өсөөд байна. Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш чангарч буй нь хувьцаа, бонд зэрэг эрсдэлтэй хөрөнгийн зах зээлд “тэвчихэд бэрх нөхцөл байдал” үүсгэж байгааг “Morgan Stanley”-ийн шинжээчид мэдэгдлээ. 

Ам.долларын өндөр ханш тодорхой төрлийн санхүүгийн болон эдийн засгийн хямралд хүргэж байсан тохиолдол өмнө гарч байсан бөгөөд гол нь ийм үйл явдлыг тооцоолоход хэцүү байдгийг тус компанийн АНУ дахь хөрөнгийн ахлах стратегич Майкл Уилсон өгүүлжээ. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2012 оны Засгийн газрын өрийн хямрал, 2000-аад оны технологийн салбарын хөөсрөл зэрэг жишээнүүд нь ам.долларын ханш эрчимтэй чангарсан цаг үетэй давхцаж байгааг тэрбээр дурдсан байна.

Morgan Stanley: Ам.долларын ханш чангарах нь эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй

4 Европын холбоо Ирантай байгуулсан хэлэлцээрийг сэргээхийг уриаллаа

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнтэй холбоотой ажлыг эрчимжүүлэхийг уриалсан байна. Тэрбээр Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзаж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг  сэргээх талаар ярилцсан байна. “Европын холбоо хамтын ажиллагааны хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг бүрэн дэмжиж байна. Ираны цөмийн хэлэлцээрийн гэрээ байгуулах нь бидний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ” гэж Ч.Мишель хэлэв.

Европын холбоо Ирантай байгуулсан хэлэлцээрийг сэргээхийг уриаллаа

5 ОХУ руу химийн зэвсэгт ашиглах материал импортлохгүй

Японы засгийн газар Оросын 21 байгууллага, шинжлэх ухааны лаборатори руу химийн зэвсэгт ашиглаж болзошгүй материал экспортлохоо зогсоолоо. Орос улс Украины эсрэг цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй хэмээн Японы эрх баригчид үзжээ.

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно “Дэлхий дээр цөмийн халдлагад өртсөн цорын ганц орны хувьд бид цөмийн зэвсгээр заналхийлэх, ашиглах явдал хэзээ ч гаргахгүй байхыг Оросоос хатуу шаардаж байна” гэж хэлжээ.

ОХУ руу химийн зэвсэгт ашиглах материал импортлохгүй

6 АНУ-ын төлөөлөгч Солонгосын цэрэггүй бүсэд айлчилна

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис энэ пүрэв гарагт хоёр Солонгосын дунд орших цэрэггүй бүсэд айлчлахаар болжээ. Айлчлалын хүрээнд тэрбээр цэрэггүй бүстэй танилцаж, цэргийн алба хаагчидтай уулзах бөгөөд АНУ-ын командлагчдаас ажиллагааны талаар мэдээлэл авах юм.

Уг айлчлалын талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дак Сү хүргэжээ. Ким Жон Ун цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор Хан Дак Сү Хойд Солонгосыг "жинхэнэ аюул" гэж тодорхойлсон. Энэхүү айлчлал нь хамтдаа тулалдаж, амь үрэгдсэн хэдэн арван мянган америк, солонгос цэргийг дурсан санах, Умардаас ирж буй аливаа аюул заналхийллийн эсрэг БНСУ-ыг батлан хамгаалах АНУ-ын амлалтыг дахин нотлох зорилготой аж.

АНУ-ын төлөөлөгч Солонгосын цэрэггүй бүсэд айлчилна

7 Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Владивосток дахь Японы консулыг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулж, даруй тус улсын хилийг орхин гарахыг тушаасан байна. Тодруулбал, барууны хориг арга хэмжээ Оросын Алс Дорнодын эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн талаар нууц мэдээлэл авсан гэж консул Мотоки Тацунориг буруутгасан аж. Азаар консулыг хэдэн цаг саатуулсны эцэст сулласан байна. Мотоки Тацунориг Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр нь тодорхойгүй улстай хамтран ажилласан тухай Оросын нууц мэдээллийг зарж мөнгөн шагнал авсан гэж үзжээ.

Японы консулыг тагнуулын хэргээр саатуулжээ

8 ОХУ хэсэгчилсэн дайчилгааныхаа алдааг хүлээн зөвшөөрөв

Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж буй. Энэ цаг үед нөөц бүрэлдэхүүнийг дайчлахдаа алдаа гаргаснаа Кремль хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Захирамж зөрчсөн тохиолдол бий. Бүх алдааг засна” гэж мэдэгджээ. Алдаа гэдэг нь цэргийн туршлагагүй, хэт өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дайчилгаанд дуудаж буй явдлыг хэлжээ.

Путин есдүгээр сарын 24-нд шинэ зарлиг гаргахдаа цэрэг татлагаас оюутнуудыг хасна гэж тусгайлан заасан байна. Харамсалтай нь олон тооны оюутныг цэрэгт татсан асуудал гарсан байна. 

ОХУ хэсэгчилсэн дайчилгааныхаа алдааг хүлээн зөвшөөрөв

9 Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтсан асан Эдвард Сноуденд иргэншил олгох зарлигт гарын үсэг зуржээ. Түүнтэй хамт гадаадын 75 иргэнд ОХУ-ын иргэншил олгосон байна.

Сноуден АНУ-ын засгийн газрын тагнан турших хөтөлбөрүүдийн талаарх нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсныхаа дараа 2013 онд гадаад орон руу дүрвэсэн. Тэрбээр 2014 онд Москвад орогнол хүсэж ирсэн бөгөөд өчигдрийг хүртэл ОХУ-ын иргэншил авч чадаагүй байсан юм. 

Путин АНУ-ын тагнуулч асан Эдвард Сноуденд иргэншил олгожээ

10 Ижевскийн сургуульд буудуулж амиа алдагсдын тоо 17-д хүрчээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Удмурт Улсын нийслэл Ижевск хотын 88 дугаар сургуульд өнгөрсөн даваа гарагт гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн албанаас мэдээлснээр, урьдчилсан байдлаар есөн хүний амь хохирсноос тав нь хүүхэд, хоёр нь боловсролын байгууллагын хамгаалагч, хоёр нь багш байсан аж. Халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй бөгөөд тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа амиа хорложээ.

Халдлагын улмаас амиа алдсан хүмүүст зориулж Удмуртад есдүгээр сарын 26-наас 29-ний хооронд гашуудал зарласан байна.

Ижевскийн сургуульд буудуулж амиа алдагсдын тоо 17-д хүрчээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()