Хятадууд манго жимсийг орон даяар шүтээн болгон залсан түүх

Эрт дээр үед хүмүүс олон янзын амьтан, ургамал, байгалийн үзэгдлийг шүтдэг байв. Орчин үеийн ертөнцөд ийм зүйл аль хэдийн улиран өнгөрсөн гэж итгэдэг олон хүн байдаг ч үнэндээ хүн төрөлхтөн огтхон ч өөрчлөгдөөгүй бололтой. Зарим нэг нь 1968 онд сансар огторгуйн аялалд гарч, атомыг задлан цөмийн цахилгаан станц барьж байхад Хятадад хүмүүс жимсийг дээдэлж, тахин шүтсээр байжээ. Өнөөдөр ямар ч супермаркетаас худалдаж авч болох энгийн манго жимсийг Дундад иргэн улсын хэдэн зуун сая хүмүүс шүтээн болгон залсан бөгөөд үүний цаад шалтгаан нь тэдний агуу удирдагч Мао Зедун (Mao Zedong) байсан аж. 

Хятадууд манго жимсийг орон даяар шүтээн болгон залсан түүх

Өнөөдөр Хятад улс дэлхийн хамгийн том манго экспортлогчдын нэг болсон ч 50 жилийн өмнө хятадуудын хувьд энэ амтат жимс өдрийн од байв. Тодруулбал, 1968 онд Мао Зедун Пакистаны засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр нэгэн онцгой бэлэг хүлээн авсан байна. Тус төлөөлөгчид Маод зориулж, нутгийнхаа манго жимсийг авч ирж сонирхуулсан аж.

Манай гарагийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэгийг жимс жимсгэнээр гайхшируулахад хэцүү байсан нь мэдээж. Мао урьд өмнө манго идэж байсан бөгөөд амтанд нь дургүй болж таарав. Тиймээс Лениний үндэслэсэн “Хүүхдэд хамгийн сайныг нь” гэсэн коммунист уламжлалыг дагаж, Цинхуа Их Сургуульд “шинэ дэг журам” тогтоож байсан улаан хамгаалагчдын бүлэгт зориулан сагстай манго жимсийг бэлэг болгон илгээсэн байна.

Гэхдээ "Соёлын хувьсгал"-ыг удирдаж байсан ажилчин ангиас гаралтай хүүхдүүд мангог амталж үзэх нь байтугай, амьдралдаа барааг нь ч харж байсангүй. Мөн тэдний шүтээн Мао дарга зүгээр нэг байцаа явуулсан ч тэдэнд "тэнгэрийн хишиг" болох байв. Тиймээс улаан хамгаалагчид тус ховор бэлгийг нөхөр Маогийн агуу хишиг хэмээн ихэд талархсан байна. Тэд нэг ширхэг мангог шилэн хоргонд хийгээд, шүтээн болгон залжээ. 

Харин үлдсэн мангог тэд хэд хэдэн үйлдвэрүүд рүү Мао даргын хишиг болгон илгээснийг тахилын ширээн дээр даргын зургийн хамт байрлуулж, улмаар хүмүүс тус жимсэнд залбирч эхлэв. Бээжинд байрладаг хэвлэлийн агентлагт манго жимсээ үүрд хадгалахаар формальдегидээр дүүргэсэн саванд хийсэн байжээ. Гэвч химийн бодисын нөлөөн дор манго хорчийж эхлэхэд энэ санааг сэдсэн хүн амиа хорлох дөхсөн гэдэг. Нэгэн төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид манго жимсийг усан саванд хийж байрлуулсан бөгөөд ажилчин бүр өглөө ажлаа эхлэхээсээ өмнө уг уснаас уудаг заншил тогтов. Нэг ёсондоо тэрхүү манготой ус "Маогийн рашаан" болсон байна. 

Харамсалтай нь "Манго шашинтнууд" жимс амархан мууддаг гэдгийг хожуу ойлгожээ. Тиймээс шүтээнээсээ нэг ч граммыг алдахгүйн тулд ялзарсан мангог буцалгаж, гарсан шүүсийг нь хүмүүст тарааж өгөв. Гэвч удалгүй манго дууссан тул резин, хуванцар, тэр ч байтугай картонон цаасаар тус жимсийг дуурайлган үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тэдгээрийг үйлдвэр, ферм, сургууль, их дээд сургууль, засгийн газрын агентлагуудад илгээжээ. Эцэст нь Маогийн жимсийг үзэхийн тулд алс хол нутгийн хүмүүс хэдэн зуун км зам туулан зорьж ирэх болсон ба тэднийг шилэн доторх хуванцар баримал угтдаг байв. 

Мэдээж хэрэг жимс шүтэгчдийг шүүмжлэх, тэр бүү хэл тохуурхах хүмүүс байсан. Гэхдээ тэднийг их удирдагчийн хишгийг доромжилсон хэмээн хорьж, торгодог байсан бөгөөд нэг эмчийг буудаж цаазалсан түүхтэй. Тэрээр Маогийн жимсний амтыг энгийн амтат төмстэй зүйрлэсэн учраас ийн ял хүлээжээ. Мянга мянган жилийн турш Хятадад тоор жимсийг урт наслах, эрүүл байхын бэлгэдэл гэж үздэг байсан бол Пакистан төлөөлөгчдийн бэлэг, Мао Зедуны мэргэн ухааны ачаар манго хэд хоногийн дотор тоор жимсний байр суурийг эзэлсэн байна. 

“Алтан мангог харах нь агуу удирдагч Мао даргыг харж буйтай ижил. Алтан мангод хүрэх нь их удирдагчид хүрж буй мэт халуун дулаан санагдана" гэх шүлэг хүртэл гарч "Ардын өдөр тутмын сонин"-д хэвлэгдэж байв.

Ийнхүү эгэл жирийн айл гэрийн тахилын ширээн дээр бурхан Буддагийн орыг бөмбөгөр манго бүрэн эзэлсэн байна. Хятадад 1976 онд Мао дарга нас барах хүртэл олон жилийн турш жимс тахин шүтэх үзэл ноёрхсоор байсан бөгөөд одоо ч гэсэн мангог хүндлэх үзэл энгийн иргэдийн дунд бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()