1
Италид хэт барууны үзэлт эвсэл парламентын олонх болж магадгүй
Ням гарагт Италид явагдсан бүх нийтийн сонгуульд хэт барууны үзэлт эвсэл 41-45 хувийн саналаар ялалт байгуулж магадгүй байна. Одоогоор санал тоолох үйл явц үргэлжилж байгаа.
Энэ дүн батлагдсан нөхцөлд Жоржиа Мелонигийн тэргүүлсэн хэт барууны үзэлт эвсэл парламентын хоёр танхимд хоёуланд нь хяналтаа тогтоох боломж бүрдэх юм.
Улмаар 45 настай Жоржиа Мелони Итали улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох магадлал өндөр байгааг сонгуульд саналаа өгсөн сонгогчдын дундах санал асуулга болон бусад судалгаа харуулж байна. Мелонигийн хувьд Италийн дарангуйлагч асан Бенито Муссолинийн үеийн уриа лоозон дэвшүүлснээрээ нэлээд зөрчил дуулиан дэгдээж байсан төдийгүй Европын Холбооны дүрвэгчдийн талаарх бодлогыг удаа дараа шүүмжилж ирсэн билээ.
2
Мексик улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөв
Мексик улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Өмнө 1985, 2017 онд үлэмж хэмжээний гамшиг тарьсан газар хөдлөлтүүд болж байсан ойн дээр Мексик даяар Үндэсний хэмжээний газар хөдлөлтийн аюулаас сэрэмжлэх сургуулилалт явуулж дуусаад нэг цаг ч болоогүй байхад байгалийн энэхүү гамшиг тохиолджээ.
Мексикийн Номхон далайн эрэгт болсон энэ газар хөдлөлтийн голомт Колима, Мичоакан мужуудын зааг хилийн ойролцоо зүүн өмнө зүгийн Аквила хотоос 37 км зайд, 15 км-ийн газрын гүнд байрласан байна.
3
“Toyota”, “Mazda” компаниуд ОХУ дахь үйлдвэрээ бүр мөсөн хаахаар болов
“Toyota Motor” ОХУ дахь үйлдвэрлэлээ бүрэн зогсоохын зэрэгцээ импортын хоригоос шалтгаалан тус улсад шинэ автомашины борлуулалтаа зогсоохоор болжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ Украин руу халдан довтолсонтой холбоотойгоор Японы “Toyota Motor”, “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд Санкт-Петербург дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Хэдий тийм боловч “Toyota Motor” нөхцөл байдал дээрдвэл үйлдвэрлэлээ сэргээхийн тулд ажиллах хүчнээ авч үлдсэний зэрэгцээ үйлдвэрийн байгууламжаа бэлэн байдалд хэвээр үлдээсэн аж.
4
Эболагийн улмаас дөрвөн хүн нас барлаа
Африкийн Уганда улсад нийт 16 хүн гоц халдварт эбола вирусээр өвчилжээ. Үүн дээр дахин 18 хүн нэмэгдэж магадгүй байгааг тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв. Тус вирус нь одоогоор Угандагийн төвийн гурван дүүрэгт тархаад байгаа аж.
Эрүүл мэндийн яамны шуурхай хариу арга хэмжээ авах багууд батлагдсан тохиолдлуудыг газар дээр нь тусгаарлан хянаж ажиллаж байна. Мөн чухал ажил байхгүй бол хүмүүсийг гадуур гарахыг, олноороо цугларахыг хоригложээ.
5
Хятадын коммунист нам төлөөлөгчдөө сонголоо
БНХАУ-ын Коммунист нам аравдугаар сарын 16-нд болох хуралд оролцох төлөөлөгчдөө сонгожээ. Намын 20 дугаар их хуралд нийт 2296 төлөөлөгчийг сонгосон гэж “CCTV” мэдээлэв. 10 жилд хоёр удаа болдог уг хурлаар Ши Жиньпин дарга дахин сонгогдох эсэхийг шийднэ.
Мөн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий 25 гишүүнтэй Улс төрийн товчооны боловсон хүчнийг солих аж. Сонгогдсон төлөөлөгчид намын дүрмээс гадна Ши Жиньпиний улс төрийн үзэл баримтлалыг дагах ёстой. Тэдний дотор эмэгтэйчүүд, үндэсний цөөнхийн намын гишүүд болон эдийн засаг, шинжлэх ухаан, спорт гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэшсэн хүмүүс багтжээ.
Коммунист намын 20 дугаар их хурал Covid-19-ийг тэглэх бодлого, эдийн засгийн хямрал, АНУ-тай таагүй харилцаа зэрэг олон асуудал дунд болох гэж байна. Хятадын улс төрийн хүрээний хувьд энэ өдөр хамгийн чухал өдөр юм. Энэ хурлаар Ши даргын нөлөөллийн цар хүрээг харуулахаас гадна дараагийн 10 жилийн эдийн засгийн чиг хандлага тодорхой болдог.
6
Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ шийдэмгий арга хэмжээ авна
“Хэрвээ Орос улс Украинд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ ба холбоотнууд шийдэмгий арга хэмжээ авна” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдлээ. Түүнчлэн “Цөмийн зэвсгийн хэрэглээ Орост сүйрлийн үр дагавар авч ирнэ. Хэрэв Москва ийм төрлийн зэвсэг хэрэглэвэл шийдэмгий хариу өгнө гэдгээ Кремльд анхааруулж байна” гэж тэрээр ярьсан байна.
7
Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт илгээхээр төлөвлөж байна
Саудын Араб ирэх онд эмэгтэй нисгэгчийг сансарт илгээх зорилго бүхий хөтөлбөрийг эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус улс нь эдийн засгаа төрөлжүүлэх, газрын тосноос хамааралтай байдлыг бууруулах “Vision 2030” төлөвлөгөөний хүрээнд шинжлэх ухаан, технологийг идэвхтэй дэмжиж байгаа юм.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы 2016 онд танилцуулсан энэхүү төлөвлөгөө эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг уриалж байгаа аж. Жишээлбэл тус улсад 2018 оноос эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглохоо больсон юм.
8
Дэлхийн банк Пакистанд хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
Дэлхийн банк энэ зун үерийн гамшиг нүүрлэсний улмаас 1600 гаруй хүн амиа алдаад буй Пакистанд 2 тэрбум орчим ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь одоогоор тус улсад үзүүлэхээр болсон хамгийн том тусламж болж байна. Пакистанд энэ онд урьд хожид үзэгдээгүй хүчтэй аадар бороо орж, улмаар үерийн гамшиг нүүрлэснийг олон мэргэжилтэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа юм. Тус улсад зургаадугаар сарын дунд үеэс их хэмжээний хур тунадас орсны нөлөөгөөр 13 мянга орчим хүн гэмтэж бэртсэнээс гадна олон сая хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрч, ургац, байшин барилга хийгээд олон мянган км зам сүйджээ.
9
Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ
Израилын "The Jerusalem Post" сонин жил бүр гаргадаг "Дэлхийн хамгийн нөлөө бүхий еврейчүүдийн" жагсаалтаа нийтэлжээ. Израилд ойрын өдрүүдэд тэмдэглэж буй Рош ха-Шана буюу еврейчүүдийн Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийтэлсэн уг жагсаалтын нэгдүгээрт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бичигдсэн байна.
"The Jerusalem Post" сонинд бичсэнээр Украины Ерөнхийлөгч энэ жил улс төрчдийн мөрөөдөл болдог "Бэлэг тэмдэг" гэсэн ховор статустай болсон учраас ийнхүү жагсаалтын тэргүүнд бичигдсэн гэнэ. Украиныг тойрсон нөхцөл байдалтай холбоотойгоор Зеленский "Өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей төдийгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг" болсон хэмээн тус хэвлэлд дурдсан аж.
10
Ираны эрх баригчид зарим хотод интернэт сүлжээг хаажээ
Иран улс даяар эсэргүүцэл, тэмцэл өргөжиж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид баасан гарагаас эхлэн нийслэл Тегеран болон бусад хотын зарим хэсэгт интернэт сүлжээг хязгаарлажээ. Мөн жагсаал цуглаанд уриалах гол талбар болж байгаа Instagram, Whatsapp зэрэг нийгмийн сүлжээний аппликэйшнүүдийг хаасан байна. Ираны Ерөнхийлөгч улс орны аюулгүй байдлыг алдагдуулах аливаа бослого тэмцэлд бууж өгөхгүй гэдгээ мэдэгджээ.