Нуурыг өндрөөс эсвэл налуугаас харвал тод цэнхэр өнгөтэй харагдах бөгөөд зэргэлдээх Констанс нуураас тэжээгддэг гэнэ. Тус хоёр нуурыг холбосон голын зарим хэсэг нь газар доогуур урсдаг ба түүгээр урсах замдаа ус нь байгалийн аргаар шүүгдэн ийм тунгалаг болдог байна.
Эрдэмтэд Цэнхэр нуурыг судлахаас өмнө эндээс хэдэн арван км зайд орших Те Вайкоропупу булгийг дэлхийн хамгийн цэнгэг ус гэж үздэг байжээ. Тэрхүү булгийн усыг 63 метрийн гүн хүртэл харж болох бөгөөд хүмүүс дэлхий дээр үүнтэй дүйцэхүйц тунгалаг ус үгүй гэж итгэж байсан гэнэ. Гэсэн хэдий ч тэд илүү тунгалаг ус холгүйхэн байсан гэдгийг мэдээгүй юм санж.
Нуурыг анх орон нутгийн гидрологич Роб Меррилис судалж, 2009 онд илүү нарийвчилсан судалгаа хийхээр Цэнхэр нуур руу явсан байна. Тэд таамаглалаа батлах үүднээс далайн усны оптик судалгаагаар мэргэшсэн Марк Галлд ханджээ.
Судлаачид хамтдаа зургаан удаа нисдэг тэргээр нуурын дээгүүр нисэж, янз бүрийн хэмжилт хийж, үнэхээр Цэнхэр нуурын усыг 70-80 метрийн гүн хүртэл харах боломжтойг тогтоосон байна.
"Онолын хувьд нэрмэл усны тунгалаг байдал нь ердөө 80 метр орчим байдаг. Наад зах нь лабораторийн судалгаа ийм үр дүнд хүргэдэг. Тэгэхээр Цэнхэр нуурын ус бүх шалгуур үзүүлэлтүүдийн хувьд туйлын цэвэр устай маш ойрхон байна" гэж доктор Дэвис-Коли хэлэв.
Энэ нуур нь Шинэ Зеландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт байрладаг, ойролцоох суурин газар, хурдны зам байхгүй учраас хүмүүс нуурын дэргэд зөвхөн майхантай хонох боломжтойн зэрэгцээ энд явганаар л ирж болдог гэнэ. Шинэ Зеландчууд байгаль орчны тал дээр маш их анхаардаг тул байгалийн үзэсгэлэнг аль болох бүрэн бүтэн байлгахыг хичээдэг юм.