1
БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо ирэх оны хавар сулруулах төлөвтэйг “Morgan Stanley” онцлов
COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас БНХАУ-ын компаниудын орлогын өсөлт удааширч, залуучуудын ажилгүйдлийн түвшин огцом өсжээ.
БНХАУ 2023 оны хавраас цар тахлын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээж, эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлж магадгүй гэж “Morgan Stanley” тэргүүтэй томоохон хөрөнгө оруулалтын банкнууд таамаглаж байна.
COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас БНХАУ-ын компаниудын орлогын өсөлт удааширч, залуучуудын ажилгүйдлийн түвшин огцом өссөн нь Ши Жиньпиний Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлоготой зөрчилдөж буй. Үүнээс шалтгаалж цар тахлын хязгаарлалтыг сулруулах шаардлага нэмэгдэнэ гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид үзжээ.
2
Дмитрий Медведев: Эзлэгдсэн бүс нутгуудын иргэд ОХУ-д тавтай морил
Донецкийн захирагч Денис Пушилин тус мужийн санал өгсөн иргэдийн 99.23 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхээр сонгосныг онцолж байна.
Кремлиэс одоогоор хяналтдаа оруулаад буй Украины бүс нутгуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх санал асуулгын үр дүнг танилцууллаа. Украин болон Өрнөдийн холбоотон орнуудын “хуурамч” гэж нэрлэсэн тус санал асуулгаар Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын иргэдийн дийлэнх нь ОХУ-д нэгдэх санал өгснийг зарлажээ.
Өнөөдөр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев өөрийн “Телеграм” хуудсаараа дамжуулан санал асуулга дууссаныг мэдэгдээд “Саналын үр дүн тодорхой байна. Орос эх орондоо тавтай морил” хэмээн бичжээ.
Тодруулбал: Донецкийн захирагч Денис Пушилин энэ талаар мэдээлэхдээ тус мужийн санал өгсөн иргэдийн 99.23 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхээр сонгосныг онцолсон байна. Мөн Херсон, Запорожье, Луганск мужуудын иргэд дээрхтэй адил үнэмлэхүй олонхын саналаар ОХУ-д нэгдэхээр болсныг “Риа Новости” мэдээлжээ.
3
Ши Жиньпин ШХАБ-ын уулзалтаас хойш анх удаа олны өмнө гарав
Ши Жиньпин Бээжинд зохиогдож буй БНХАУ-ын сүүлийн 10 жилийн ололт амжилтыг танилцуулах үзэсгэлэнд Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийн хамт зочилжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын эхээр хийсэн гадаад айлчлалаасаа хойш анх удаа олны өмнө гарсан байна.
Тэрбээр Бээжинд зохиогдож буй БНХАУ-ын сүүлийн 10 жилийн ололт амжилтыг танилцуулах үзэсгэлэн дээр Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийн хамтаар зочилсныг "Синьхуа" агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний эрх мэдэл ганхсан, түүгээр зогсохгүй БНХАУ-д Төрийн эргэлт гарсан гэх цуурхал цахим орчинд тараад байв.
4
Хятад, Хойд Солонгос хоорондын ачааны галт тэрэгний хөдөлгөөн эргэн сэргэжээ
Хятад, Умард Солонгос таван сарын турш түр зогсоогоод байсан хил дамнасан ачааны галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээсэн гэж Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээлжээ.
Хятадын Даньдун хотоос хөдөлсөн ачааны галт тэрэг Умард Солонгосын Синыйжу хот руу хоёр хотыг холбосон гүүрээр нэвтэрсэн талаар "Yonhap" агентлаг урьд нь мэдээлээд байсан юм.
Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Жун Хуны мэдээлснээр, Умард Солонгос, Хятадын тал албан ёсоор хараахан батлаагүй байгаа ч тус улсуудын хоорондох ачааны галт тэрэгний хөдөлгөөн өнөөдрөөс сэргэсэн байна.
Хятадын Даньдун хотод "COVID-19" халдвар тархсантай холбоотойгоор Умард Солонгостой тохиролцсоны дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоогоод байжээ.
5
100 мянган орос Казахстан руу дүрвэв
ОХУ хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш хэдэн арван мянган орос хүн эх орноо орхин явж байна. Зөвхөн Казахстан руу л гэхэд 98 мянга орчим иргэн гарсан тухай Казахстаны Дотоод хэргийн яамны цагаачлалын алба мэдээлжээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев бүх орос иргэнийг хүлээн авна гэв.
Казахстанаас гадна олон мянган орос иргэн Гүрж рүү дүрвэж байна. Бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Гүржийн хил дээр 5500 орчим тээврийн хэрэгсэл хүлээлгийн байдалтай байна. Тиймээс Гүржийн эрх баригчид иргэдийг явганаар хил нэвтрэхийг зөвшөөрчээ.
6
Хойд урсгал хийн хоолойд гэмтэл гарав
Балтын тэнгисээр дамжин Оросоос Европ руу чиглэдэг хийн хоолойд шалтгаан тодорхойгүй гэмтэл гарчээ. Тодруулбал, “Хойд урсгал-1” болон “Хойд урсгал-2” хийн хоолойноос хоёулангаас нь хий алдагдсан байна. Хийн экспортод монополь эрх мэдэлтэй "Газпром" компани тайлбар өгөхөөс татгалзсан.
Үүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа байж магадгүйг Европын албаны хүмүүс анхааруулсан. Норвегийн Газрын тос, эрчим хүчний сайд Терже Аасланд, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен нар энэ үйл явдлыг санаатай байж болзошгүй гэж хэлжээ. Герман, Дани, Скандинавын аюулгүй байдлын албаныхан Балтийн тэнгист хий алдагдсан явдлын учир шалтгааныг судалж байна. Германы эрчим хүчний хангамжид нөлөөлөөгүй гэж тус улсын Эдийн засгийн сайд мэдээлсэн.
7
АНУ Украинд 1.1 тэрбум ам.долларын шинэ багц цэргийн тусламж үзүүлэхээр бэлдэж байна
"АНУ зэвсэг, сум бүхий нийт 1.1 тэрбум ам.долларын тусламжийн шинэ багцыг Украинд үзүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд тусламжийн талаар ойрын үед зарлана" гэж “Reuters” агентлаг албаны эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Шинэ багц тусламжийг Украины аюулгүй байдлыг хангах Америкийн санаачилгын (Ukraine Security Assistance Initiative — USAI) хүрээнд олгох аж. Энэ санаачилгын дагуу Цагаан ордон АНУ-ын нөөцөд байгаа зэвсгийг биш харин үйлдвэрлэгчдээс зэвсэг худалдан авах боломжтой юм.
8
Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамгаа бууруулжээ
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлах эрх баригчдынх нь хатуу бодлогын улмаас Дэлхийн банк /ДБ/ Хятадын эдийн засгийн 2022, 2023 оны өсөлтийн талаарх таамаглалаа буурууллаа. Дэлхийн банкны шинэ таамгаар, Хятадын ДНБ энэ онд 2.8 хувиар, ирэх онд 4.5 хувиар өснө. 2021 онд Хятадын ДНБ 8.1 хувиар өсжээ.
9
Омикроны дэгдэлтийн дараа Японы сүргийн дархлааны түвшин 90 орчим хувьд хүрчээ
Япон улсад омикрон хувилбар дэгдэлтийн шинэ давлагаа үүсгэсний дараа тус улсын ард иргэдийн дунд сүргийн дархлааны түвшин 90 орчим хувьд хүрсэн талаар нэгэн судалгаанд дурджээ. Нийгмийн дунд байгаа хүмүүсийн дийлэнх нь халдварт өвчнөөр өвчлөхгүй бол үүнийг сүргийн дархлаа гэж нэрлэдэг бөгөөд энэ нь байгалийн халдвар болон вакцинжуулалтаар үүсгэгддэг байна.
10
Герман, АНЭУ байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа
ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Арабын Нэгдсэн Эмирт Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч, шейх Мухаммад Заид Аль Нахайянтай эрчим хүчний салбарын аюулгүй байдал, аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Герман руу байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээг Абу-Дабигийн газрын тос, байгалийн хийн “Abu Dhabi National Oil Company” (ADNOC) компанитай байгуулжээ. Гэрээний дагуу шингэрүүлсэн хийн эхний багцыг 2022 оны сүүлчээр нийлүүлнэ.