- Юуны өмнө “Монгол вундеркинд 2013” олимпиадын талаар манай уншигчдад танилцуулна уу?
- А.Д: National Geographic Монгол төсөл нь 2012 онд албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид National Geographic Монгол, National Geographic Kids сэтгүүлийг уншигч нартаа хүргээд хагас жилийг үджээ.
Дэлхийд нэр хүндтэй энэхүү сэтгүүл Монгол улсад хэвлэгдэх болсны нэг том давуу тал нь Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд манайд хэрэгжих боломж гарч ирсэн явдал юм. Үүний нэг жишээ бол бидний зохион байгуулах гэж байгаа “Монгол вундеркинд 2013” олимпиад.
Үндэсний газар зүйн нийгэмлэг нь 1993 онд National Geographic-ийн дэлхийн аварга шалгаруулах хүүхдийн тэмцээнийг санаачилсан. Олон улсын хэмжээнд хоёр жил тутам зохион байгуулагддаг. “Монгол вундеркинд 2013” олимпиадын гурван ялагч маань дэлхийн нэр хүндтэй энэхүү тэмцээнд оролцох юм.
Олимпиадын зорилго бол сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршиж байгаа. Түүнээс гадна хүүхэд багачуудынхаа газарзүйг шимтэн судлах, олон талт мэдлэг эзэмших хүсэл сонирхлыг нь дэмжих, байгальд ээлтэй хандлага зан үйлийг төлөвшүүлэх зорилготой. Ногоон хөгжил, байгаль дэлхийгээ хайрлах талаар чухалчлан ярих болсон өнөө үед хойч үе болсон үр хүүхдэдээ энэ талаарх мэдээллийг сонирхолтой хэлбэрээр өгөхөд ч манай олимпиад хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.
Асуултууд маань National Geographic-ын агуулга, стандартаар явагдаж, оролцогчид маань англи хэлээр тест бөглөх нь “Монгол вундеркинд 2013” олимпиадын гол онцлог. Ингэснээр монгол хүүхдүүд маань америкийн боловсролын стандартаар мэдлэгээ сорьж, үүнийхээ зэрэгцээ олон улсын стандартад тэнцсэн мэдлэгийн түвшинд хүрч өрсөлдөнө гэсэн үг. Манай олимпиад, телевизийн шоу нэвтрүүлгээс байгаль, газарзүйн шинжлэх ухааны талаар маш олон зүйлийг сурагч хүүхдүүд маань мөн эцэг эхчүүд ч мэдэж авна гэдэгт бид итгэлтэй байгаа.
Цаашид энэ олимпиад хоёр жил тутам зохион байгуулагдаж монгол хүүхдүүдийн боловсрол мэдлэгт хувь нэмрээ оруулна гэдгийг дуулгахад таатай байна.
- Монгол вундеркиндууд маань энэ олимпиадад хэрхэн оролцох вэ, ямар шалгуур тавигдаж байгаа бол? Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- А.Д: Ерөнхий боловсролын сургуулийн 6-10-р ангийн буюу 16 болон түүнээс доош насны сурагчид оролцох боломжтой.
Англи хэлний мэдлэгтэй, газарзүй, түүх, шинжлэх ухаан зэрэг салбарыг сонирхдог, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой хүүхдүүд оролцох юм. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамжтайгаа ирэх ёстой. Бүртгэл энэ сарын 27 хүртэл явагдана.
Үе тэнгийнхээ шилдэг охид, хөвгүүдтэй дэлхийн тавцанд өрсөлдөж, эх орныхоо нэрийг цуурайтуулах олон шилдэг хүүхэд анхны олимпиадад маань оролцоно гэдэгт бид итгэлтэй байгаа.
- “Монгол вундеркинд 2013” үндэсний олимпиад 3 шатнаас бүрдэнэ гэж байсан. Шат тус бүр ямар дүрэм, журмаар явагдах бол?
- Э.Ц: Олимпиадын нээлт 3-р сарын 30–нд МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль (МУИС-ийн VII байр) дээр болно. Нэгдүгээр шатанд оролцогч хүүхдүүд хувилбарт хариу бүхий тест бөглөнө. Тестийн 80 хувь нь монгол асуулт, үлдсэн 20 хувь нь англи асуулт байх юм.
Нэгдүгээр шатны бичгийн шалгалтаас шалгарсан 100 сурагч хоёрдугаар шатанд дахин тест асуултыг бөглөж шилдэг 50 нь гуравдугаар шатанд оролцох эрхээ авах юм.
Үүний дагуу эхний хоёр шатнаас шалгарсан 50 сурагч телевизийн 5 цуврал нэвтрүүлэгт оролцон нэвтрүүлэг тус бүрээс нэг сурагч шалгарна. Харин сүүлийн шатанд шилдэг 5 сурагч финалын нэвтрүүлэгт оролцон эрдэм мэдлэгээ сорьсны дүнд ялагч 3 сурагчийн нэрс тодорхой болох юм.
Энэ гурван ялагч маань эх орноо төлөөлөн 7-р сард ОХУ-ын Санкт Петербург хотод болох National Geographic-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг зардлын хамт гардан авна.
- Тэмцээний сүүлийн шат ТВ шоу хэлбэрээр зохион байгуулагдах болсон нь сонирхолтой санагдлаа?
- А.Д:“Монгол вундеркинд 2013” олимпиадын хамтран зохион байгуулагч нь NTV телевиз байгаа. Маш сонирхолтой шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүүхэд, гэр бүлд зориулсан шоу нэвтрүүлгийн бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ дашрамд дурьдахад олимпиадыг хамтран зохион байгуулагчаар Боловсрол Шинжлэх Ухааны Яам, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль ажиллаж байгаа. Швейцарын хөгжлийн агентлаг мөн дэмжин ажиллаж байна.
Мөн “Монгол вундеркинд 2013” нь National Geographic Монгол төслийн гишүүдийн дэмжлэгтэйгээр явагдаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Манай төслийн гишүүнчлэлд нэгдсэн та бүхэн хүүхэд багачуудын боловсролд дэмжлэг үзүүлж, хувь нэмрээ оруулж байгааг дуулгахад таатай байна.
- Төслийн гишүүд, гишүүнчлэл гэдэг нь ямар учиртай юм бэ? Сонирхсон хүмүүс хэрхэн National Geographic-ийн гишүүн болох талаар энэ дашрамд сонирхуулна уу?
- А.Д: Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 125 жилийн хугацаанд 10 мянга гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн түүхтэй. Эдгээр төсөл, экспедицийг хэрэгжүүлэх гол үндэс нь нийгэмлэгийн гишүүд болж ирсэн байна.
National Geographic Монгол төслийн гишүүн болоход тусгай татвар, төлбөр төлөх шаардлагагүй, зөвхөн National Geographic Монгол болон National Geographic Kids Монгол сэтгүүлээ захиалахад л болно. Та гишүүн болсноороо нийгэмлэгээс зохион байгуулж байгаа төрөл бүрийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, оюунлаг мэдээлэл авахаас гадна шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой болно.
Түүнчлэн гишүүний батламж, дэлхийд алдартай газрын зургууд, дурсгалын зүйлсийг бэлгэнд авч, төслөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд урилгаар оролцох зэрэг олон давуу талтай.
- “Монгол вундеркинд 2013”-ын асуултууд ямар байх бол, хүнд байх болов уу, хичээлийн хөтөлбөрт үзсэнээс хэр өөр асуулт ирэх бол гэдгийг хүүхдүүд хамгийн их сонирхож байгаа болов уу? Мөн Монголтой эсвэл гадаад улс оронтой холбоотой асуултын харьцаа ямар байх вэ?
- Э.Ц: Монгол орны газар зүй гэж хэсэг байгаа. Физик, газарзүй, нийгмийн газар зүй дээр тулгуурласан. Физик газарзүй гэхэд л салхи, байгалийн үзэгдлүүд мөн хаана, ямар газар, улс байдаг вэ тухайн газрын онцлог, түүх нь юу вэ гэсэн асуултууд голдуу байна. Ерөнхийдөө бусад телевизээр гардаг энгийн, хялбар асуулттай харьцуулахад харьцангуй бодох асуултууд байгаа.
Бүх давааны туршид газарзүйн ерөнхий мэдлэг, Монгол орны газарзүйн мэдлэг, дэлхийн улсууд, физик газарзүй, нийгмийн газарзүй, түүх газарзүй, байгаль, танин мэдэхүйн чиглэлээр бэлтгэгдсэн асуултуудтай тест даалгаврууд өгөгдөнө.
Нийт асуултын 20 хувь нь англи хэлээр, 80 хувь нь монгол хэлээр байна. Энэ нь тэмцээн маань National Geographic-ийн стандартаар явагдаж байгааг харуулж буй юм. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд, хүүхдүүд маань дэлхийн бусад орны үе тэнгийн хүүхдүүдтэй ижил түвшинд мэдлэгээ сорих боломжтой.
- Та бүхэн жишээ болгож, ганц асуулт хэлэх боломжтой юу?
- Э.Ц: Бололгүй яахав. Жишээ болгоод хүүхдүүддээ хоёр асуултыг сонирхуулья. Өөрсдийгөө сориод үзээрэй. Аль нь цитрус жимс ургахад тохирсон уур амьсгалтай вэ гэсэн асуулт байна. Калифорни, Мэн, Миннесота, Арканзас гэсэн дөрвөн хариулт бий. Жүрж, бэрсүүт жүрж, цитрус жимс нь фермд, дулаан газар, ургадагийг чи мэдэх байх. Бусад гурван мужийн цаг агаарыг бодвол Калифорни мужийнх илүү дулаан учир зөв хариулт нь Калифорни юм. Дараагийн асуулт бол аль нь хамгийн олон лалын шашинтантай улс вэ? Хариулт нь Индонез, Мексик. Хэрэв чи шашнаар нь ангилсан газрын зураг дээр ажиллаж байсан бол хариултыг тэр дор нь хэлэх байх. Хэрэв ажиллаж байгаагүй бол лалын биш христосын шашны дагалдагчид болох испаничууд Мексикт суурьшиж Мексик улсыг байгуулсныг мэдэх байх. Алинаар нь ч бодсон зөв хариулт нь Индонез юм.
- “Монгол вундеркинд 2013”-д оролцох хүсэлтэй мөн бүртгүүлсэн хүүхдүүдэд хандаж зохион байгуулагчдаас зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?
- Э.Ц: Одоо хүүхдүүд маань хоёроос гурван хэл үздэг, мэддэг болсон. Ийм үед англи хэл сурч байгаа хүүхдүүд манай тэмцээнтэй ойролцоо нэвтрүүлгийг үзээрэй. Жишээ нь БНСУ-ын Ариранг телевизээр гардаг Super kids, Оросын телевизээр гардаг Самый Умный, Умники-Умницы байна. Ер нь энэ нэвтрүүлгүүдтэй ижил төстэй, гэхдээ National Geographic-ийн өөрийнх нь агуулга дор явагдана гэж ойлгоход болно. Мөн Youtube вэб сайтаас NG Bee нэвтрүүлгүүдийг үзээрэй.
Түүнээс гадна зөвхөн хичээлийн сурах бичиг гэлтгүйгээр төрөл бүрийн нэвтэрхий толь, дэлхийн газрын зургийг сайн сонирхож үзээрэй, судлаарай гэж зөвлөе. Одоо манайд ийм ном, сурах бичиг, нэвтэрхий толь олон гарсан шүү дээ. Хэрэв энэ бүхнийг уншиж, танилцсан бол манай олимпиадад оролцоход тун хялбар болох юм.
Мөн
kids.nationalgeographic.mn вэб сайтаар маань зочилж, Pop Quiz-тай танилцаарай. Төстэй асуултууд байгаа шүү гэдгийг хэлье.
- Тэмцээний ялагч хүүхдүүдийг ямар шагнал, урамшуулал хүлээж байгаа бол?
- А.Д: Анхны олимпиадын ялагчаар тодорсон гурван хүүхэд ОХУ-д болох National Geographic-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ, зардлын хамт авна гэдгийг өмнө дурдсан. Түүнээс гадна тэргүүн байр эзэлсэн сурагч National Geographic медаль, өргөмжлөл, цом, National Geographic Монгол сэтгүүлийг насан турш үнэгүй захиалах эрх, National Geographic Монгол –ын гишүүнчлэл, Найрамдал зусланд амрах эрхийн бичиг, National Geographic Дэлхийн Атлас, аав ээжийн хамт Хөвсгөл рүү аялах онгоцны тийз авна. Дэд байр эзэлсэн сурагч өргөмжлөл, National Geographic Монгол сэтгүүлийг 2 жил үнэгүй захиалах эрх, National Geographic Монгол –ын гишүүнчлэл, Найрамдал зусланд амрах эрхийн бичиг, National Geographic Дэлхийн Атлас, аав ээжийн хамт аялах Өмнөговь руу аялах тийзний эзэн болно. Гуравдугаар байрт орсон нь аяллаас бусад шагналыг авах юм.
Мөн шилдэг гуравтай өрсөлдөж, эхний 5-д багтсан үлдсэн хоёр сурагч ч шагналтай.
- Эцэст нь National Geographic Kids Монгол сэтгүүлийн талаар уншигчдад маань товчхон танилцуулна уу?
- Э.Ц: Манай сэтгүүл нь хүүхдийнхээ боловсрол, мэдлэгт анхаардаг гэр бүлд ихээхэн таашаагддаг гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй болов уу. Хялбаршуулсан, зугаатай байдлаар дэлхийн үүсэл, сансар огторгуй, хүрээлэн буй орчин техник технологи, байгаль, ан амьтан, шинжлэх ухааны нээлтүүдийн тухай өгүүлсэн нийтлэл, гэрэл зураг, асуулт хариулт зэргийг сэтгүүлээс маань уншиж болно. Англи, монгол хэлээр хэвлэгддэг учраас хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд ч тус болно.
Ийм олон онцлогтой сэтгүүл юм. Одоогийн байдлаар сэтгүүл маань 5-6 мянга орчим оюунлиг, сониуч хүүхэд багачуулд хүрч, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийж байна.
Байгаль орчин, газарзүй, олон улс судлал, түүхийн асуудлаар шимтэн уншиж судалдаг, өөрийн олж авсан мэдээллээ мэдлэг, мэдлэгээ дадлага, бүтээл болгон хувиргах чадвартай, олон талт мэдлэгтэй иргэн болохын тулд хичээн суралцаж байгаа та бүхэнд “Монгол Вундеркинд-2013” олимпиад ийнхүү үүдээ нээж байна. Тиймээс хүүхдүүд ээ, энэ сарын 27-ноос өмнө амжиж бүртгүүлээрэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.