1
МЭӨ 74 он: Дарстай нисдэг ваар
Эртний Ромын түүхч, гүн ухаанч Плутархийн ачаар бид цэрэг арми, тухайн үеийн нийгмийн талаар маш олон зүйлийг мэдэж авсан. Гэхдээ Плутархын сонирхолтой түүхүүд дотор хүний санаанд оромгүй хачирхалтай мэдээллүүд хүртэл байдаг гэнэ. Тэдгээрийн нэг болох МЭӨ 74 оны үед Ром болон Понтусын хооронд болсон Фригийн тулааны талаар авч үзье. Хоёр цэргийн хүчний дунд гацсан харь гарагийн биетээс болж тус тулаан үймээн самуун болж дууссан байна.
Цэргүүдийн ярьснаар тэрхүү хачирхалтай биет мөнгөлөг өнгөтэй, дарстай ваар мэт хэлбэртэй байсан гэнэ. Плутарх "хоёр тал энэхүү хачирхалтай зүйлийг хараад маш ихээр гайхширсан учир дайн зогсож тэд тарцгаасан" гэжээ. Энэ нь үнэхээр харь гарагийн ямар нэгэн биет байсан уу эсвэл дайнд оролцохыг хүсээгүй хэн нэгний явуулга байсан уу гэдгийг зөвхөн таах л үлдсэн байна. Гэхдээ л дайчид энэ зүйлийг дээд тэнгэрийн дохио мэт хүлээн авч, дайтахын оронд тогтооцгооё гэсэн утгатай гэж ойлгожээ.
2
1561 он: Нюрнбергт болсон харь гарагийнхны тулаан
Хэрвээ танд 1561 оны Нюрнбергт болсон тулааныг харах боломж гарсан бол та "Оддын дайн" киног төдийлөн ойшоохгүй болов уу. Тухайн үеийн оршин суугчид тэнгэрт гэрэлтсэн, нисэж буй биетүүдийг харсан бөгөөд энэ нь сум, сахиус, бөмбөлөг, нисдэг заан гэх мэт биетүүд байсан гэж ярьж байжээ.
Эдгээр биетүүд зүгээр л нэг газраас нөгөө газар руу нисэж, заримдаа хоорондоо мөргөлдөж байсан учир ард иргэд үүнийг тулаан хэмээн хүлээн авсан байна. Магадгүй энэ нь галактик хоорондын тулаан биш харин гэрлийн хугарал байж болохгүй гэж үү?
Нюрнбергийн иргэд улс төрийн хүнд хэцүү байдлаас болж байгалийн үзэгдлийг тэнгэр бурхдын тулаан гэж ойлгосон байх магадлалтай гэх онолыг Карл Юнг дэвшүүлсэн байна. Гэхдээ энэ нь баталгаатай мэдээллийн зуун биш байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
3
1897 он: Техасын нисдэг биет
Америкчууд 19-р зууны үеэс эхэлж, дэлхийгээс өөр газар амьдрал байж болох эсэхийг судалж байсан бололтой. Техасын иргэн С.Э.Хейдон нэгэн ослын талаар бичихийг хүссэн байна. Түүний бичсэнээр дэлхий дээр үл мэдэх хөлөг осолдсон бөгөөд уг хөлгийн нисгэгч нь харь гарагийн нэгэн байсан гэнэ. Нисгэгчийг нутгийн оршуулгын газар оршуулж, харин онгоцны хэсгүүдийг үл мэдэгдэх шалтгаанаар худаг руу шидсэн гэжээ.
Харин одоо Хейдоний уг түүхийг зохиомол хэмээн үзэж байгаа бөгөөд тэрээр өөрийн амьдардаг газартаа бусдын анхаарлыг татах зорилготойгоор энэхүү мэдээллийг бичсэн байх магадлал өндөр.
4
1940 он: «Foo Fighters»-ыг айдаст автуулсан харь гарагийнхан
Эдгээр харь гарагийн биетүүд Дэлхийн 2-р дайны үеийн агаарын тулаанд тогтмол оролцож, дайн тулаанд саад учруулж байсан гэнэ. Энэхүү нисэж буй бяцхан биетүүд тулаанд нөлөөлж байсан эсэх нь эргэлзээтэй ч нисгэгчдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байсан нь үнэн юм. Тэд эдгээр биетүүдийг Галактикийн хүүхдүүд бөгөөд Гитлер болон түүний нөхдөд зориулж нисдэг биет илгээдэг гэдэгт итгэлтэй байжээ.
Гэтэл хэсэг хугацааны дараа энэ нь харь гарагийнхан бус харин нацистуудын ээлжит техникийн туршилт байсан болох нь тогтоогдсон байна.
5
1942 он: Айдаст автсан Лос-Анжелес
1942 оны 2-р сарын 24-нд Лос-Анжелес хот харь гарагийнхантай тулалдахаар бэлдэж эхэлсэн байна. Тухайн үед цаг үе хүнд хэцүү, аюултай, дайны байдалтай байсан учир томоохон хотын дээгүүр ниссэн үл таних биет бүр тэдний айдсыг төрүүлж байсан юм. Хэдийгээр энэхүү биет Японы сөнөөгч онгоцтой ижил биш байсан ч хотын иргэдэд болгоомжлох сэдлийг төрүүлжээ. Тиймээс бүх цэргийн байгууллагынхан дайны байдалд шилжиж, урилгагүй зочныг устгахад бэлэн болсон байжээ.
Гэвч энэ нь тэнэсэн солирын бөмбөлөг байсан бололтой. Лос-Анжелесын иргэд айдаст автах нь аргагүй бөгөөд тухайн үед бүхий л зүйлийг тагнуул, нисэж буй хогийг атомын тэсрэх бөмбөг гэж хүлээж авах боломжтой байсан юм.
6
1947: Розуэллд унасан хачирхалтай зүйл
Энэхүү түүхийг харь гарагийнхны тухай хамгийн бодитой, үнэний ортой түүх гэхэд болно. Нью-Мексикийн Розуэллд сөнөсөн хачирхалтай онгоц нь одоог хүртэл АНУ-ын тайлагдашгүй нууцын эх үүсвэр болсон юм. Зэвсэгт хүчнийхэн эхлээд нисдэг таваг сөнөсөн гэх мэдээллийг цацсан боловч дээрээс ирсэн зөвлөмжийн дараа үгээ буцаан авч, уучлалт гуйж анх гаргасан мэдээллээ буруу хэмээн цацаж, бодит байдал дээр цөмийн зэвсгийн туршилтыг хянагч төхөөрөмж унасан гэх мэдэгдлийг хийсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр харь гарагийнхны талаар л бичиж байсан юм.
Энэхүү үйл явдлыг нисдэг биет судлаачид хүртэл мартсан байсан бөгөөд 30 жилийн турш хэн ч энэ талаар сөхөөгүй аж. Харин 1978 онд физикч, уфологич Стэнтон Т.Фридман 1947 оны тухайн үеийн хэргийн мөрдлөгийн үйл ажиллагаанд оролцож байсан хошууч Жесси Марселиас сурвалжилга авсан байна. Марсель харь гарагийн биетийн хөлөг онгоцыг нуун дарагдуулсан гэдэгт итгэлтэй байсан гэнэ. Ингээд энэхүү түүх маш ихээр газар авч түүхийн дагуу хэд хэдэн баримтат киног хүртэл бүтээжээ. 1980 оны 2-р сард "The National Enquire"-ийнхан Марселиас ярилцлага авч, Розуэллд болсон хачирхалтай үйл явдлын талаар мэдээлэл дэлхий даяар тархахад хүрсэн байна.
7
1996 он: Алешенька
1996 оны 8 сарын 13-ны шөнө нутгийн тэтгэврийн насны эмэгтэй, зөнөх өвчин туссан Тамара Васильевна Просвирина яаралтай оршуулгын газар оч гэсэн “зөнчийн тушаал”-ыг авсан гэнэ. Тэнд очиход хүчгүй сул дорой, сонгино хэлбэрийн толгойтой хүү байжээ. Тэтгэврийн насны эмэгтэй түүнийг Алешенька хэмээн нэрлэсэн боловч дэлхий ертөнц түүнийг Кыштымийн одой гэдгээр таньдаг болжээ.
Алешенька хүнтэй төсгүй ч амьтантай ч мөн төсгүй байсан юм. Тэр хэн байсан юм бол? Тамарагийн Алешенькаг аврах гэсэн оролдлого түүний аминд хүрсэн юм. Тамара Васильевнагийн бэрийн хэлж байгаагаар Алешенька алхаж чаддаггүй байсан бөгөөд зөвхөн хэвтэж, нүдээ хөдөлгөж, хоол л нэхэж байсан гэнэ.
Нисдэг биет, харь гараг судлаачид түүнийг нөгөө ертөнцөөс ирсэн харь гарагийн хүн гэж үзсэн байна. Үүнээс гадна, түүнийг төрөлхийн гажигтай нярай хүүхэд гэж үзэх тохиолдол ч гарчээ. Харь гарагийн биетийн гадаад төрх, яс зэрэг нь энэ бүхний баталгаа болж байсан юм. Алешенькагийн олдсон газар нь “Маяк” химикомбинатын ойролцоо байсан бөгөөд энэхүү газар ЗСБНХУ-ын цөмийн зэвсгийн үйлдвэр байсан аж. Цөмийн зэвсгийн үйлдвэрийн хог хаягдал дэлбэрснээр энэхүү орчин тойрон удаан хугацааны туршид цацрагт идэвхит бодисын хорт нөлөөнд автсан юм. Магадгүй Алешенька энэхүү үйл явдлын үр дүн юм болов уу.
Ингээд бяцхан хүүгийн биеийг хар хувцастнууд судалгаанд зориулж ашиглахаар болсон гэх мэдээлэл гарснаас хойш тэр ор сураггүй алга болжээ.