Их Британийн Портсмут хотын 34 настай оршин суугч Холли Стивенс KFC-ийн давхар бургер идэх гэж байгаад эрүүгээ мулталсан байна. Эмч нар түүнийг эрүүний үений эмгэг буюу Temporomandibular disorder (TMD) гэж оношилсон бөгөөд хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн аж.
Бүсгүй гай дагуулсан тэрхүү бургерыг идэхээс өмнө эрүүл саруул нэгэн байсан боловч бургер идэхээр ангайх үедээ эрүүгээ мулталж, өдөр тутмын энгийн үйлдлийг ч хийж чадахааргүй хүнд байдалд орсон гэнэ. Холли энэ талаар интернэт хэрэглэгчдэд анхааруулахаар "Над шиг амаа том ангайдаг хүмүүсийн хэнд нь ч хэзээ нэгэн цагт тохиодолдож болзошгүй явдал учраас болгоомж хэзээ ч илүүдэхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй юм байна." хэмээн цахим ертөнцөд нийтэлсэн байв.
Болсон явдлыг тайлбарлавал, тэрээр гэртээ телевиз үзэнгээ бургер идэх гэж байсан боловч гэнэт л эрүү нь сонин болчихсон гэнэ. Эрүү, нүүр нь хөдөлж чадахгүй тэр чигээрээ гацсан учир яаралтай эмчид үзүүлсний дараа түүний зүүн эрүүний үе мултарсан болж таарсан байна.
Холли үүнийгээ "Би бургерээ хазаж байхдаа хэтэрхий том ангайсан байх." гэж тайлбарлажээ. Өөрт нь тохиолдсон шиг ийм явдал өөр хэн нэгэнд битгий тохиолдоосой гэж хүссэн тэрээр хүмүүст анхааруулга хүргэхийг хүссэн нь энэ юмсанж.
Зүгээр гэртээ сууж байгаад хүнд бэртэл авсан Холли бүтэн цагийн ажлаасаа гарсан бөгөөд эмчилгээ хийлгэсний хүчээр биеийн байдал нь анхны үеэ бодвол харьцангуй дээрдсэн ч хатуу хоол зажлахад хүндрэлтэй хэвээр удаан хугацааг өнгөрүүлсэн байна.
Ихэнх хүмүүс энгийн үедээ дунджаар 35 миллиметр амаа ангайж чаддаг бол одоогийн байдлаар Холли ердөө 13 миллиметр ангайж чадаж байсан гэнэ. Тэрээр физик эмчилгээ, эрүү нүүрний булчинд массаж хийлгэсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй аж.
Дээрх явдлаас хойш гурван жил өнгөрсөн ч Холли эрүүндээ дахин мэс засал хийлгүүлэх шаардлагатай болж, эрүүний хиймэл үе суулгуулсан байна. Харамсалтай нь, энэ удаагийн мэс засал мөн л үр дүнд хүрч чадаагүй учир зүүн талын эрүүндээ бүхэлд нь хиймэл эд суулгуулжээ. Олон удаагийн хагалгааны дараа тэрээр томоос том сорвитой үлдсэн байна.