Залуу хос анх Москвагийн театрын урлагийн дээд сургуульд сурч байхдаа танилцжээ. Вера Алентова багш нарынхаа итгэлийг хүлээсэн "онц" оюутан байв. Багш нар нь чадварлаг шавиа хөдөө нутгаас гаралтай, эгэл жирийн хүү Владимир Валентиновичтай ирээдүйгээ холбохыг нь дэмжээгүй ч Вера зөвлөгөөг нь үл тоож, өнөөх хөдөөний хөвгүүнийг насны ханиараа сонгосон байна.
Тэрээр Владимиртай л хамтдаа байвал гадаа гандаж, хөдөө хөхрөхөд ч бэлэн, хайр сэтгэлдээ шатаж байсан гэдгээ хуваалцсан байдаг. Гэвч залуу насны хүсэл тэмүүлэл, биенээ гэх сэтгэлээс өөр тэдэнд юу ч байгаагүй. Вера Алентова, Владимир Меньшов нар орох оронтой болохоосоо өмнө найман жил буудалд амьдарчээ.
Вера хожим нь тэдний хамтын амьдралд хөрөнгө мөнгө, орон байр гээд олон асуудал байсныг дурссан байдаг. Гэхдээ энэ бүхнээс хамгийн хэцүү нь цуг амьдрахад дасах явдал байсан гэнэ. Тэд бие биетэйгээ хэрэлдэж муудсаар эцэстээ залхсан тул хэсэг хугацаанд салсан аж. Үүнээс хойш хэн хэн нь тодорхой хэмжээний амжилтад хүрч, үргэлж бусдын анхаарлын төвд байх болсон ч тэдэнд ганцаардаж, шаналах мөч гарч байгаагүй. Хэсэг хугацаанд хол байх хугацаандаа бие биедээ хэчнээн их хайртайгаа ухаарч, нэгнийхээ үнэ цэнийг ойлгосон аж.
Владимир 80 настайдаа 55 жил ханилсан эхнэрээ бүрэн ойлгож чадахгүй хэвээр байгаагаа хүлээн зөвшөөрч, хошигнож байсан удаатай. Тэрээр Вераг огт өөр соёл иргэншлээс ирсэн хүн гэдэг байв.
Олон жилийг хамтдаа өнгөрүүлсэн хосод дурсан санах хөгжилтэй болоод хөгтэй мөчүүд олон байсан нь гарцаагүй. Нэг удаа шинэхэн хос байцааны шөл хийж идэхээр шийджээ. Вера 5 литр багтаамжтай сав гаргаж ирээд нөхөртөө 200 гр мах авч ирэхийг захьсан байна. Эхнэрийнхээ энэ үгийг гайхсан ч тэрээр хэлсэн ёсоор нь хийжээ. Ингэж тэрээр эхнэрийнхээ байцааны шөлийг ууж үзээд өөрөө хоол хийж сурахаар шийдэж байсан гэнэ.
Тэд үргэлж ямар нэг зүйлээс болж маргалддаг байсан бөгөөд хожим нь тэдний охин Юлия Меньшова хүртэл эцэг эхийнхээ хэрүүлд оролцдог болсон байна. Гэхдээ тэд нэг ч муухай үг хэрэглэлгүйгээр өөрсдийн үзэл бодлыг маш нухацтай бөгөөд тодорхой илэрхийлдэг байсан аж.
Юлия Меньшова өөрийн найруулсан жүжгийн гол дүрүүдэд эцэг эхээ тоглуулсан байдаг. Охиныхоо өмнөөс санаа зовсон Владимир жүжгийг өөрөө найруулахыг оролдсон бөгөөд үүнээс болоод өдөр болгон шахуу Юлиятай ам зөрж эхэлжээ. Харин Вера нөхөр, охин хоёроо эвлэрүүлэх гээд гал дээр тос нэмдэг байв. Гэхдээ эндээс харвал гэр бүлийн гурван гишүүн гагц өөрийн сайн сайхны төлөө бус, бие биедээ санаа тавьж маргалддаг гэдэг нь харагдана.
Хамгийн гол нь Владимир, Вера хоёр үзэл бодлоороо нэгдэж чаддаг хүмүүс байсан бөгөөд нэг ч үг дуугаралгүй санаа сэтгэлээ ойлголцож чаддаг байсанд тэдний харилцааны гол нууц оршино.
Владимир гэр бүлтэй болно гэдэг асар их цаг хугацаа, аз завшаан шаарддаг зүйл хэмээн үздэг байв. Тэрээр "Заяаны ханьтайгаа учирна гэдэг аз, түүнтэй цуг амьдрал зохионо гэдэг асар их хүч хөдөлмөр шаардсан хэрэг." хэмээсэн байдаг. Тиймээс Владимир насан туршдаа эхнэрээ хүндлэн хайрлаж, нандигнасаар иржээ.
Харамсалтай нь 2021 оны 7-р сарын 5-нд Владимир Меншов таалал төгсөж, тэдний хайрын түүхэнд цэг тавьсан байна. Тэрээр коронавирусын халдварын улмаас эмнэлэгт байхдаа нас баржээ. Харин Вера Алентова одоо нийслэлийн нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Жүжигчин эмэгтэй нөхрийнхөө үхлийн дараа юу туулж байгааг төсөөлөхийн аргагүй...
Владимир Меньшов гайхалтай авъяаслаг, эрч хүчтэй нэгэн байв. Аюулт өвчин түүний амийг авч одсон боловч түүний уран бүтээлүүд үзэгчдийн сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.