1
Хурандаа / хошууч генерал Павел Терентьевич Бородин - Борис Щербаков
ОХУ-ын Ардын жүжигчин Борис Щербаков энэ цувралын хамгийн алдартай жүжигчдийн нэг байв. Тэрээр 100 гаруй кино уран бүтээлд тоглож байсан бөгөөд Москвагийн Урлагийн Театрын олон жүжигт тоглосон арвин их туршлагатай нэгэн юм.
Гэхдээ "Цэрэг эрс" дээрх дүр нь Щербаковыг шинэ шүтэн бишрэгчидтэй болгож чадсан байна. Үүний ачаар тэрээр дараагийн жилүүдэд "Аэробатик", "Жуков", "Туркийн транзит" зэрэг олон цувралуудад уригдсан юм.
Өдгөө Борис 70 нас хүрээд байгаа ч урлагийн ертөнцөө орхих бодолгүй байгаа гэнэ. Щербаков жүжигчин Татьяна Бронзоватай олон жилийн өмнө гэрлэсэн бөгөөд цор ганц хүү Василий нь өнгөрсөн оны есдүгээр сард 42 нас хүрчээ.
2
Хошууч / дэд хурандаа / хурандаа Виктор Романович Колобков - Роман Мадянов
Роман Мадьянов бараг 200 кинонд тоглож, олон шагнал хүртсэн боловч "Цэрэг эрс" цуврал нь түүнийн хамгийн алдартай бүтээл хэвээр байна. Арван настайгаасаа жүжиглэж эхэлсэн Мадьянов ихэнхдээ туслах дүрд оноогддог ч хариуцсан ажлаа тултал нь гүйцэтгэж чаддаг уран бүтээлч юм.
"Цэрэг эрс" гарсны дараа Романд эсрэг дүрд тоглох хүсэлт ихээр ирэх болжээ. Тэрээр уг уран бүтээлийн дараа "Левиафан", "Домог 17", "Зовлон дундуур" зэрэг кинонуудад тоглосон байна. Мадьянов 1992 онд Наталья хэмээх бүсгүйтэй гэрлэж, нэг хүүтэй болсон аж.
3
Хурандаа Олег Николаевич Шматко - Алексей Маклаков
Алексей Маклаков нэлээн хожуу кинонд тоглож эхэлсэн бөгөөд хошууч Шматкогийн дүрд тоглох санал авахдаа 44 настай байжээ. Алексейн бусад алдартай бүтээлүүд нь "Шөнийн харуул", "Өдрийн харуул" киноны шидтэн Семён, "Хоёр тавилан" цувралын Василий Чайкин нар юм. Гэсэн хэдий ч Алексейн шүтэн бишрэгчид нь түүнтэй таарах бүртээ "Сайн уу, Шматко!" хэмээн "Цэрэг эрс" дээрх дүрийнх нь нэрээр мэндэлдэг байна.
4
Ахмад Павел Кудашев - Павел Майков
Павел Майков "Цэрэг эрс"-ээс өмнө "Бригад" цувралын Виктор Пчелкиний буюу "Зөгий"-гийн дүрээр олонд танигдсан билээ. Тэрээр тус дүрдээ хэт дуртай байсан учир хэдэн жилийн турш дүрийнхээ хэв маягаар хувцаслаж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. "Цэрэг эрс" олон ангит кинонд Павел цэргийн хүний дүрийг бүтээж байж л тэрхүү байдлаасаа гарсан байна. Үнэхээр ч ахмад Кудашевын дүр түүнд гайхалтай амжилт авчирсан юм.
Майков жүжиглэхээс гадна хөгжмийн салбарт хүч үздэг. 2011 онд Павел "ButterBrodsky" хамтлаг байгуулж байсан ч тус хамтлагаа гурван жилийн өмнө тараасан бөгөөд "Магрит" хэмээх шинэ хамтлаг байгуулж, өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж байна.
5
Дэслэгч/ ахмад Валерий Геннадьевич Смалков - Игнат Акрачков
Игнат Акрачков Москвад төрж өссөн байна. Ирээдүйн жүжигчний эцэг эх нь урлагтай ямар ч холбоогүй байсан бөгөөд ээж маань хүүгээ Москвагийн Их Сургуульд оруулахыг мөрөөддөг байв. Гэсэн хэдий ч Игнат өөрөөр шийдэж, театрын сургуульд элссэн аж. Акрачков “Цэрэг эрс” кинонд дэслэгч Смалковын дүрийг бүтээснээр олны танил болсон юм.
Цуврал гарсны дараа Игнат найруулагчдын анхаарлыг татаж өдгөө 40 гаруй бүтээлд тоглоод амжжээ.
6
Эмч, түрүүч Ирина Пылеева - Ольга Фадеева
Ольга Фадеева карьераа театрын жүжигчнээр эхэлжээ. Тэрээр "Шуурхай тусламж" цуврал гарсны дараа анх олонд танигдаж эхэлсэн юм. Гэхдээ Фадеева "Цэрэг эрс"-ийн ачаар жинхэнэ тодоос тод гэрэлтэх од болсон байна.
Фадеева дүрдээ орохын тулд цусны даралт шалгах, тариа тарих зэргийг сайтар заалгаж сурсан гэдэг. Өдгөө тэрээр 30 гаруй бүтээлийн гол дүрд тоглоод байгаа юм.
7
Байлдагч / офицер Кузма Соколов - Иван Моховиков
Иван Моховиков тус цувралын бүх улиралд тоглосон цөөн жүжигчдийн нэг юм. Түүний дүр байлдагчаас эхэлдэг бөгөөд эцэст нь ротын офицер болтлоо дэвшдэг билээ. Иван анх нэгэн кинонд хулгайчийн дүрд тоглож карьераа эхлүүлсэн бол "Цэрэг эрс"-ийн ачаар жинхэнэ алдартан болжээ.
Иван өөрийн бүтээсэн Кузма Соколовын дүртэйгээ огт адилгүй гэдгээ удаа дараа олон нийтэд тайлбарлан хэлсэн боловч үзэгчид түүнийг Соколов нэрээр нь дуудах дуртай хэвээр.
8
Байлдагч / Түрүүч Михаил Медведев - Александр Лымарев
Александр Лымарев бол ЗХУ-ын Ардын жүжигчин Александр Кирсановын ач хүү юм. Хүү 13 настайдаа өвөөгийнхөө зааж сургасан товшуур бүжгээр аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Александр дараа нь театрын дээд сургуульд элсэж, амжилттай төгссөн юм. "Цэрэг эрс" цуврал кинонд Лымарев баян айлын эрх хүүхдээс чадварлаг дайчин болж хувирдаг Михаил Медведевийн дүрийг бүтээсэн байна.
Үүний дараа Александр "Километрийн тэг", "Тоглоом", "Хуримын бөгж", "Застава Жилина", "Найз эсвэл Дайсан" кинонд тоглосон юм. Александр гэрэл зураг авах дуртай бөгөөд театр урлагт хүчин зүтгэсэн хэвээр байгаа юм.
9
Байлдагч/ахлах түрүүч Георгий Гунко - Антон Эльдаров
Антоны бүтээсэн дүр 4-р улирал хүртэл нэргүй байжээ. Цуврал гарч эхэлснээс 3 жилийн дараа л үзэгчид дүрийг нь Георгий гэдэг болохыг олж мэдсэн байдаг. Антон "Цэрэг эрс"-ийн ачаар нэрд гарсан бөгөөд цувралыг орхисныхоо дараа олон киноны санал хүлээж авсан байдаг.
10
Ахлах түрүүч Евсеев - Виталий Абдулов
Виталий Абдулов "Цэрэг эрс" цуврал дээр хал цэргийн дүрийг бүтээжээ. Тэрээр энэ дүрийнхээ ачаар олонд танигдаж илүү олон дүрийн санал авах болсон байна.
Шүтэн бишрэгчид нь Виталийг "Элснээс олс", "Бурханы дараа анхных", "Каменская", "Цэргийн сургууль", "Турк марш", "Далайн чөтгөрүүд", "Ой мод" зэрэг бүтээлүүдэд тоглосныг нь мэддэг.
11
Байлдагч / ахлах түрүүч Вакутагин - Амаду Мамадаков
Ази царайтай, сайхан ааштай тогооч Вакутагиний дүрд Оросын хязгаар нутгийн шилдэг жүжигчдийн нэг Амаду Мамадаков тогложээ.
25 настайдаа Амаду жүжиглэх чиглэлээр хоёр дээд боловсролтой байсан боловч нэг ч гол дүрд тоглоогүй байв. 2004 онд залууг "Солдаты" буюу бидний мэдэхээр "Цэрэг эрс" цуврал киноны сонгон шалгаруулалтад урьж, түүнийг Алтайгаас ирсэн сайхан ааштай Вакутагиний дүрд тоглохыг санал болгожээ. Мамадаков мэдээжийн хэрэг шууд зөвшөөрсөн бөгөөд тэр үеэс түүний жүжигчний карьер эхэлсэн юм.
Амаду өдгөө жүжигчний карьераа орхиогүй бөгөөд Москвагийн "Et cetera" театрт ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд 44 нас хүрчээ.