1
Хадза
Танзани улсын хойд хэсэгт амьдардаг Хадза нь анчин омог юм. Хүн ам нь 1300 хүнээс хэтрэхгүй. Хадзачууд 40 мянган жилийн турш бусад үндэстнүүдэд уусалгүй явсаар өнөөг хүрсэн бөгөөд одоо ч өөрсдийн хэлээр ярьдаг.
Тэд түүврийн болон мал аж ахуйгаар амь зогоодог бөгөөд гол зэвсэг нь нум юм. Омгийн зөвлөл нь зөвхөн эрчүүдээс бүрддэг. Хадза орчин үеийн анагаах ухааны ололтыг одоо хүртэл ашигладаггүй.
Хэдийгээр Хадзаг олон улсын байгууллагууд хамгаалдаг боловч устаж үгүй болоход ойрхон байгаа юм. Тэд орчин үеийн соёл иргэншлийн ололт амжилтыг хүлээн авахыг хүсэхгүй байгаа тул Танзанийн засгийн газар тэдний тусгаар байдалд бага багаар халдсаар байна.
2
Семанг
Энэ үндэстний төлөөлөгчид Мьянмар, Малайзад амьдардаг. Эдгээр хүмүүс 2 мянган жилийн турш нүүдэлчин амьдралын хэв маягтай байсан бөгөөд 20-р зуунд л суурин болж, хоорондоо нэгджээ. Гэвч өнөөг хүртэл семангчуудын нэг хэсэг нь гаднах ертөнцөөс тусгаарлагдан амьдарсан хэвээр байна.
Семангчуудын нийт хүн ам 4 мянга хүрдэг гэсэн тооцоо бий. Тэдний эрчүүд нь ан агнуур, эмэгтэйчүүд газар тариалан эрхэлдэг. Гол шашин нь бөө мөргөл бөгөөд семангийн тусгаар байдлыг орон нутгийн засаг захиргаа нь дэмждэг.
3
Чулым
Оросын хойд нутаг Сибирьт Чулым хэмээх үндэстэн амьдардаг. Одоо тэднээс ердөө 355 хүн л үлджээ. Эдгээр хүмүүс өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалж, чулым хэлээр ярихыг хичээдэг. Гэвч энэ хэл удаан хугацааны турш бичиг үсэггүй байсан бөгөөд одоогоос 10 гараадхан жилийн өмнө л цагаан толгой, толь бичигтэй болсон байна.
Тэдний гол амь зогоодог салбар нь газар тариалан, үхэр аж ахуй юм. Чулымчууд дээрх аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээ өөрсдийн хэрэгцээнд ашиглахаас гадна бусад нутгуудад борлуулдаг.
Чулымчууд уламжлалт ардын аман зохиол, гар урлалаа өнөөдрийг хүртэл хадгалсаар иржээ. Тэд мод, хусны холтсоор төрөл бүрийн зүйлс урладаг. Ихэнх чулымчууд Красноярск мужийн Пасечное тосгонд амьдардаг боловч энэ газарт хоёрхон гудамж байдаг бөгөөд дэд бүтэц байхгүй.
4
Вод
Орос, Эстони улсад амьдардаг энэ үндэстэн Дэлхийн 2-р дайны үеэр маш олон хүнээ алдсан юм. Одоо Водчуудаас 100 хүрэхгүй хүн үлджээ. Тэдний уламжлал, зан заншлыг хадгалж үлдэхийн тулд эрх баригчдаас маш их хүчин чармайлт гаргаж байна. Водчуудын төлөө нутгийн эрх баригчид тусгай баяр ёслолыг бий болгож, вотик хэл заах ажлыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.
Сонирхолтой нь водчуудын 80 хувь нь цайвах үстэй байдаг. Тэд модон байшинд суурьшихыг илүүд үздэг бөгөөд уламжлалт хоол нь хавч, талх, будаа, төмснөөс бүрдэнэ.
5
Бороро
Америк тив дэх бүрэн бүтэн үлдсэн цөөн тооны овгуудын нэг Бороро нь Бразил, Боливи улсад тархан амьдардаг. Одоогоор дэлхий дээр 3 мянга орчим боророчууд бий гэнэ. Тэд өөрсдийн гэсэн хэлтэй ч ихэнх нь португал хэлээр ярьдаг бөгөөд хүн амын 30 хувиас ихгүй хэсэг нь л бичиг үсэг тайлагдсан.
Овгийн гишүүд урт овоохой эсвэл тэгш өнцөг хэлбэртэй байшинд амьдардаг. Боророчууд ихэвчлэн будаа, эрдэнэ шиш тариалдаг байна. Хамгийн сонирхолтой нь бүгд ижил цусны бүлэгтэй.
6
Бадуй
Бадуйчууд Индонезийн уулархаг нутагт, Явагийн баруун хэсэгт амьдардаг. Нийтдээ 10 мянган хүн өөрсдийгөө бадуй гаралтай гэж үздэг. Үүний зэрэгцээ эдгээр хүмүүс гадаад ертөнцөөс бараг бүрэн тусгаарлагджээ. Багахан хэсэг нь л гадныхантай харилцаж чаддаг бөгөөд бусад нь соёл иргэншлээс бүр мөсөн ангид амьдардаг.
Бадуй овгууд тогтоосон дүрмийг чанд сахих учиртай. Мэдээж хүн алах, хулгай хийх нь хориотой ч гутал өмсөх, тээврийн хэрэгсэл ашиглах, шөнийн цагаар юм идэх нь хүртэл хориотой зэрэг хачин дүрмүүд бас байдаг гэнэ.
Өнөө үед олон бадуйчууд хотууд руу нүүж, Индонезийн исламын шашинд уусч байгаа юмсанж.