Эрүүл саруул, залуу сайхан насандаа амьдралаас залхаж, амиа егүүтгэх алхам хийсэн Энди хожим харамсаад барахгүй гай зовлонг өөрөө өөртөө дуудсан байна.
Энди өөрийгөө буудахаас өмнөх үеийн зураг.
Ухаангүй үйлдэл сэдсэн тэрээр улаан нүүрэндээ буу чиглүүлж өөрийгөө үгүй хийх төлөвлөгөөтэй байв. Гэвч хормын өмнө үхэхийг хүсэж байсан залуу бууны гохыг дарсныхаа дараа үргэлжлүүлэн амьдрахаар шийджээ. Түүнийг түргэн тусламжийн ажилтнууд азаар цаг алдалгүй эмнэлэгт хүргэж, амийг нь аварч чадсан аж. Дараа нь Эндиг дэлхийн хамгийн том хувийн эмнэлгүүдийн нэг болох Мэйо клиникт хүргэж, гоо сайхны мэс засалч Самир Мартинитай уулзуулсан гэнэ.
Дэлхийд алдартай эмнэлгийн чадварлаг эмч нараас бүрдсэн баг бүх чадлаараа хичээн мэс засал хийсэн боловч түүний эхээс заяасан царайг сэргээж чадаагүй байна. Энди эрүүгүй, хамаргүй болсны дээр ердөө хоёрхон шүдтэй үлдсэн байв.
Тэрээр өөрийн үйлдэлдээ харамсаж, эгэл жирийн төрхөө эргүүлэн олж авахын тулд эмч нараас боломжтой бүхий л аргыг ашиглахыг гуйсан байна. Энди олон жилийн турш тохиромжтой эмчилгээг хайж, эмнэлгээр эргэлдсэн ч дорвитой зүйл олж сонсоогүй аж.
Эцэст нь 2012 онд тэрээр эмнэлгээс нааштай хариу авсан бөгөөд эмч нар түүнээс нүүр шилжүүлэн суулгах хөтөлбөрийн туршилтад хамрагдах эсэхийг асуусан гэнэ.
Сэтгэл засалч эмч нар 3 жилийн турш Эндигийн сэтгэцийг шинжиж, эмчилгээ хийсний дараа түүний нэрийг хагалгааны хүлээлгийн жагсаалтад оруулахыг зөвшөөрчээ. Үүнээс төд удалгүй донор ч олдсон байна.
Хачирхалтай нь, амиа хорлохыг завдсанаас болж ийм нөхцөл байдалд хүрсэн түүнд ч мөн өөрийгөө буудаж, амиа хорлосон 21 настай залуугийн нүүрийг шилжүүлэн суулгах болжээ. Эндигийн тохиолдлоос ялгаатай нь талийгаачийг аврах боломж байгаагүй гэв.
Энди Сэнднесс, нүүр шилжүүлэн суулгахаас өмнө ба дараа
Эндиа аавын хамт мэс засалч Самир Мартинитай ярилцаж байгаа нь
56 цагийн турш үргэлжилсэн мэс заслын эцэст эмч нар Эндигийн нүднээс доошхи хэсгийн нүүрийг шинэчилж чаджээ
Мэс засал амжилттай болсон ч Энди нэмэлт эмчилгээ хийлгэх шаардлагатай байв
Энди хагалгааны үр дүнг харахаас өмнө 3 долоо хоног хүлээх ёстой байсан ч аав нь дэргэд нь үргэлж хамт байж, сэтгэлийн дэм өгдөг байсан аж.
Нүүрний хувиргалт, хүзүү засах, нүдний ясыг тохируулах зэрэг ажлуудыг хийсний дараа Энди өөрийгөө харах боломжтой болжээ.
"Хүн юутай байснаа алдаж байж ухаардаг гэдэг."
Эндигийн одоогийн төрх
Ийнхүү тэрээр хоолоо амтлан идэх, цээж дүүрэн амьсгалах, дахин юм үнэрлэх гээд олон жилийн турш мэдэрч чадаагүй зүйлсээ дахин мэдэрч чадахаар болжээ.