Тусламж хэрэг болсон үед тэд хөршүүдээсээ дэмжлэг хүсдэг. Мөнгөөр тооцоо хийхийн оронд оройн хоолоор дайлах, цэвэрлэгээ хийж өгөх, хүүхэд ахмад настнуудыг харах зэргээр харилцан ашигтай тохиролцоо хийдэг.
Хүн амын талаас илүү хувь нь залуучууд аж. Тиймээс гудамж талбай өнгө өнгийн, тод хувцастай хүмүүсээр дүүрэн байхаас гадна байшингуудаа хүртэл янз бүрийн тод өнгөөр буддаг. Эндхийн хүмүүс ерөнхийдөө гудамжны тоглоом, загвар, үдэшлэг зохион өөрсдийн хэмнэлээр тайван амьдардаг байна.
Хүүхдүүдэд багаас нь усанд сэлэх, загас барихыг зааж өгдөг. Тэд өдөржингөө далайн эрэг дээр загасчилж өнгөрөөх нь бий. Арал дээр хүчирхийлэл, зодоон зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бараг гарахгүй учир оршин суугчид дийлэнхдээ амар амгалан байдаг.
Хүүхдүүд гудамжинд тоглож, шивээстэй загварлаг хувцасласан өсвөр үеийнхэн Испани хэл дээр реп дуу сонсох зуур томчууд хоол эсвэл боксын тухай яриа өрнүүлэн сүүдэрт сууна.
Лукеро бол энэ арлын хамгийн чадварлаг стилист. Тэрээр оршин суугчдын дунд нэлээд алдартай бөгөөд өсвөр насныханд өөрийн дүр төрхийг тодорхойлоход тусалдаг. Энэ арал дээрх залуучууд маш бүтээлч хүмүүс учир үс засалтаа тогтмол өөрчилдөг аж.
Арал дээр амьдрахад бэрхшээлүүд цөөнгүй бий. Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хомсдол, хог хаягдал, агаарын бохирдол зэрэг асуудлууд эн тэргүүнд тулгараад байна.
Гэсэн хэдий ч арал дээр амьдрал хэвийн үргэлжилсээр. Тус хотын үйлчилгээ эрхлэгчид тулгарч буй асуудлуудыг шийдэх төлөвлөгөө боловсруулж байхад оршин суугчид өөрт байгаа зүйлээ бусадтайгаа хуваалцсаар. Тэд амьдрахад бараг өртөг, зардал гаргадаггүй ч өөрсдийгөө ядуу гэж үздэггүй бөгөөд хамгийн эгэл жирийн, тайван амьдралаар амьдарч байна гэж үздэг аж.