1
Клеопатра, Юлий Цезарь нар
Хэдийгээр Ромын жанжин Марк Антони болон Египетийн хатан хаан Клеопатра нарын хайрын түүх сэтгэл хөдөлгөм ч гэлээ улс төрийн хувьд аваад үзвэл Клеопатра болон Ромын генерал Юлий Цезарь хоёрын романтик харилцаа түүхэнд үр нөлөө ихтэй нь байсан юм.
МЭӨ 51 онд Клеопатра Египетийн хатан хаанд өргөмжлөгдсөнөөр тэр үеийн хамгийн баян, хүчирхэг нэгэн болсон ба Ромчууд түүний нутаг дэвсгэр рүү дайран орж ирэхэд тэрбээр Юлий Цезарийн амраг болж эрх мэдэл, хүч чадлаа хадгалан үлдэж чаджээ. Улмаар Клеопатра МЭӨ 47 онд Цезарийн хүү Цезарионийг төрүүлсэн юм. Харин МЭӨ 44 онд Цезарь алагдсаны дараа тэрбээр Цезарийн командлагч Антонитай хайр сэтгэлийн харилцаа үүсгэж, эцэст нь хамтдаа амиа хорлосон байдаг.
2
Хатан хаан Изабелла, Хаан Фердинанд
1470-аад оноос эхлэн Испанийг хамтран захирч эхэлсэн Арагоны II Фердинанд болон Изабелла нар 15-р зууны сүүлчээр мянга мянган хүнийг эрүүдэн шүүж, амийг нь хөнөөж, зуу зуугаар нь улсаасаа хөөн гаргасан алдарт "Испаний инквизаци"-ийг удирдан явуулсан байдаг.
Мөн тэд 1492 онд шинэ газар нутгийг олж илрүүлэхээр Кристофер Колумбыг далайн аялалд гаргаж байжээ. Тэр ч утгаараа Фердинанд, Изабелла хоёр улс төрийн хүчирхэг хосуудын тоонд зүй ёсоор багтдаг юм.
3
Мумтаз Махал болон Шах Жахан
Эдгээр хосууд амьдралынхаа хугацаанд барьж үлдээсэн гайхалтай бүтээн байгуулалтаараа хүмүүст ихээхэн танигдсан байдаг билээ.
Хатан Мумтаз Махал нь 14 хүүхэдтэй байсан ба эр нөхрийнхөө хамгийн сайн зөвлөх, гэр бүлийнхээ түшиг тулгуур нь байв. Харамсалтай нь 1631 онд тэрбээр төрөхийн хүндрэлээс болж нас барахад нөхөр Шах нь хайрт хатныхаа гэгээн дурсгалд зориулж Таж Махал сүмийг бариулж байжээ. Таж махал нь өнөөг хүртэл Мусульманы урлагийн сод бүтээл хэвээр байгаа бөгөөд 2007 онд Дэлхийн 7 гайхамшгийн нэгд багтаж байсан юм.
4
Хатан хаан Элизабет, Хунтайж Филипп
Хатан хаан Элизабетыг 25 насанд нь хаан ширээнд залснаас хойш Эдинбургийн хунтайж Филипп түүний үйл хэргийг хамтран явуулж байсан ба тэд 70 жилийн турш цуг амьдарсан юм.
Мөн хосуудын тухай Нетфликсийн "The Crown" цуврал гарч, хүмүүст хүрч байсан билээ. Түүнчлэн өөр улсад төрсөн Филиппийг угсаа залгамжлах хатан хаантай гэрлүүлэхийг эсэргүүцэж байсан ч тэдний гэрлэлт Их Британийн хаант улсын түүхэн дэх хамгийн урт хугацаанд, тогтвортой үргэлжилсэн нь байв.
Үүгээр ч зогсохгүй хосууд 70 жилийн хугацаанд гадаад харилцааны зөрчил, дотоодын эмгэнэлт үйл явдал гэх мэт олон саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж, уламжлалт гэр бүлийн дүр төрхийг бий болгож чадсан юм.
5
Элеанор болон Франклин Рузвельт
Гэрлэснээсээ хойш 28 жилийн дараа буюу 1933 онд Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт болон түүний анхны эхнэр Элеанор Рузвельт нар Цагаан ордон руу нүүжээ. Тэнд хосууд өдөр тутмын дотоод, гадаадын асуудлуудыг ярилцан зохицуулж, чадварлаг хамтрагчид шиг л байсан юм.
Франклин Рузвельт АНУ-ыг их хямралаас гаргаж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Тэнхлэгийн хүчнийг (Герман, Итали, Япон) ялж байх үед, эхнэр Элеанор нь иргэдийн эрх ашиг гэх мэт улс орны дотоод асуудлуудыг төрийн бодлогод тусган шийдвэрлэж байжээ.
Мөн Элеанор Франклин саа өвчнөөр оношлогдсоныхоо дараа ч нөхрөө улс төрд дахин орж чадна хэмээн урамшуулж байсан тул Франклин 1924 онд эхнэрийнхээ зөвлөгөөг дагаж Ардчилсан конвенцод элсэн, дахин олны анхааралд өртөх болсон аж. Түүнчлэн энэ нь түүний анхны тус дэмжлэг байсан бөгөөд тэрбээр дараагийн 2 жилд ч нөхрийнхөө улс төрийн ажилд чухал зөвлөх нь байж чадсан юм.
6
Эва, Хуан Перон нар
Аргентины Ерөнхийлөгч Хуан Перон 1944 онд эхнэр Эватайгаа танилцаад маш хурдан гэрлэхээр шийдэж байжээ. Перон 1946 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бол Эвита нь хөдөлмөр эрхлэлтийг шинэчлэх, ядуурлыг шийдвэрлэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхааран ажиллаж байв.
Гэвч Хуан 6 жилийн дараа албан тушаалаасаа огцорч Эва дэд ерөнхийлөгч болохыг хүссэн боловч удалгүй өвчнөөр нас барсан бөгөөд түүний үхэл улс үндэстнийг тэр чигт нь уй гашууд автуулсан тул төрийн хэмжээний оршуулах ёслолыг зохион байгуулж байсан юм.
7
Жаклин Кеннеди, Жон Ф.Кеннеди нар
Массачусетсээс сонгогдсон конгрессын төлөөлөгч Жон Ф.Кеннеди 1960 онд АНУ-ын Ерөнхийлөгч болсон тэр цагаас хойш хосууд олны анхааралд өртөх болсон юм.
Жаки Жорж нь Вашингтоны нэрэмжит их сургуулийг төгссөн бөгөөд “Vogue” сэтгүүл болон Вашингтон Таймс-Хералд сонинд ажилладаг байжээ. Мөн түүний алдар нэр, төгс стиль имидж, Цагаан ордны тэргүүн хатагтай болсон явдал нь хэвлэлийн гол ярианы сэдэв болж байх үед нөхөр нь улс төрд амжилтаараа гялалзаж байв.
Жаклин нөхөртэйгөө хамтран хэд хэдэн удаа олон улсын хэмжээний аянг зарлаж, заримыг нь бүр өөрөө бие даан удирддаг байжээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр улс төрийн томоохон уулзалтуудыг гэртээ оройн зоогийн үеэр зохион байгуулдаг байсан гэдэг.
Тэр ч утгаараа Жаки өөрийн болон нөхрийнхөө имиджийг бүрдүүлж, тэр нь Америкийн соёл иргэншлийн стандарт болж чадсан юм. Хэдийгээр тэдний харилцааг сүйтгэх олон цуу яриа гарч байсан ч 1963 онд Жон Кеннедийг амиа алдах хүртэл гэрлэлт нь бат бөх хэвээр байсан юм.
8
Жиан Чин, Мао Зедун
БНХАУ-ын дарга асан Мао Зедун Соёлын хувьсгалыг өөрийн улс төрийн стратеги болгон зарлаж байх үед түүний дөрөв дэх эхнэр, жүжигчин Жиан Чин маш богино хугацаанд Хятадын коммунист намын албан ёсны удирдагч болж чадсан юм. Тэрбээр Хятадын сэхээтнүүд, оюун санааны элитүүд, улс төрийн тэрс үзэлтнүүд болон Мао тэр хоёрын амьдралд саад болохоор хүмүүсийг бүгдийг нь өөрийн замаас зайлуулсан гэдэг.
Мөн 1976 онд Маог нас барсны дараа, түүний олон хүнийг хэлмэгдүүлсэн гэмт үйлдлийг буруушаан баривчилжээ. Жиан Чинд эхлээд цаазын ял оноож, дараа нь бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн боловч тэрбээр 1991 онд амиа хорлосон юм. Жиан Чин Маог үхсэний дараа шүүхэд дуудагдах үеэрээ “Би Маогийн нохой шиг л байсан. Тэр намайг хэн ч байсан хамаагүй хаз гэж хэлдэг байсан” гэж мэдүүлж байжээ.
9
Хилари Клинтон, Билл Клинтон
Хиллари болон Билл нар Иелийн Их Сургуульд анх танилцаж, хамтдаа 40 шахам жилийг Америкийн улс төрд өнгөрөөсөн юм. Билл анх 1974 онд Конгрессын сонгуулиар Арканзас мужаас сонгогдон улс төрд орж, хожим 1992 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар тэд Цагаан Ордон руу нүүх болжээ.
Түүнчлэн Биллийг Ерөнхийлөгчийн халаагаа өгсөн 2000 онд Хиллари Нью-Йоркоос нэр дэвшин Сенатын суудлыг авч, 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан юм. Үүнээс гадна улс төрийн хамгийн их нөлөөтэй анхны тэргүүн хатагтай гэгддэг Хиллари Клинтон нь эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэндийн салбарын шинэчлэл зэрэгт маш их анхаарлаа хандуулж байсан учраас түүнийг төрийн бодлого боловсруулахад хэтэрхий их оролцдог хэмээн шүүмжилдэг байжээ.
Хэдийгээр Хиллари өндөр албан тушаалтай байсан ч 2008 болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн тул хосууд дахин Цагаан ордонд очоогүй юм. Гэхдээ тэд АНУ-ын хамгийн нэр хүндтэй улс төрийн хосууд хэвээр үлдсэн билээ.