1
Дэлбэрэлтээс 20 минутын дараах Нагасаки (1945 он)
1945 оны наймдугаар сарын 9-нд Америк улс Японы Нагасаки хот дээр "Тарган эр" нэртэй цөмийн бөмбөгийг унагаж, 40 мянга гаруй хүн газар дээрээ амиа алдсан байдаг. Үүнээс ч олон хүн цацраг идэвхт бодисын нөлөөлөл, түлэгдэлтээс болж маш их зовж тарчилж байгаад нас барсан аж. Уг нөхцөл байдлыг харахаас нүд хальтрам бөгөөд хот тэр чигээрээ үнс нурамд дарагдаж сүйрчээ.
Энэ бол харахад л маш хүнд сэтгэгдэл төрүүлэхээр зураг. Хамгийн гол нь зургийг уг үйл явдал болноос ердөө 20-хон минутын дараа авсан байна. Зураг дээр гурван хүн болсон явдлыг гайхан харж зогсоно. Ийм хүнд нөхцөл байдлыг харсан хүний толгойд юу бодогддог бол?
2
Ангараг дээр нар жаргаж байна (2005 он)
Дараах зургийг манай гаригаас аваагүй гэж та таамаглахгүй л болов уу. Энэ бол "Mars Rover Spirit" төхөөрөмжөөр авсан Ангараг дээр нар жаргаж буй дүр зураг юм.
Уг төхөөрөмжийг зураг авахаас гадна Ангараг гаригийн уур амьсгал, мөс, тоосжилтын ул мөрийг хайхад ашигладаг байна. Сийрэг уур амьсгалд тогтсон нарийн тоосонцроос үүдэлтэй ийнхүү улаан туяатай харагдаж буй юм. Мөн нар дэлхийгээс харагддагаасаа жижиг байгаа нь Ангараг гариг нарнаас маш хол байдагтай холбоотой юм.
3
Олон нийтийн өмнө гүйцэтгэсэн хамгийн сүүлчийн цаазаар авах ял (1939 он)
Олон нийтийн нүдэн дээр хэрэгтнийг цаазаар авах нь эрт дээр үед байсан асуудал биш юм. Олон оронд саяхныг хүртэл цаазын ялыг олны өмнө гүйцэтгэдэг байжээ. Францад 1939 оны зургадугаар сарын 17-нд дараах зургийг авчээ. Толгойг нь авах гэж буй хүн бол хэд хэдэн хүний аминд хүрсэн алуурчин, хулгайч Эжен Вейдман гэх эр гэнэ.
Яагаад олон хүний нүдэн дээр цаазалдаг байсан бэ? Дээхнэ үед хүмүүст сургамж болгох зорилгоор эрх мэдэлтнүүд цаазын ялыг нээлттэй үйлддэг байв. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан очиж үздэг байсан нь мөн сургамж болгох зорилготой ч зарим хүнд зугаа цэнгэл мэт санагддаг байжээ.
Уг зураг маш их хэл ам дагуулсан учраас Францын Засгийн газраас цаазын ялыг хаалттай танхимд явуулах болсон юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ явдлыг "хүмүүжүүлэх нөлөөтэй" гэхээсээ илүүтэйгээр хүнлэг бус, харгис үйлдэл гэж үзэх болжээ. Толгойг нь тасалж цаазаар авах ялыг хаалттай танхимд гүйцэтгэдэг байгаад 1977 оноос бүрмөсөн халсан юм. Тэр үед хэрэглэж байсан бүх техник хэрэгслийг музейд тавьжээ.
4
Тав дахь удаагийн Сольвэ бага хурал (1927 он)
Дэлхийн хамгийн шилдэг эрдэмтдийг нэг дор цуглуулдаг Сольвэ бага хурлын хамгийн алдартай нь 1927 онд зохион байгуулсан, тав дахь удаагийн энэхүү бага хурал юм. Энэ үеэр цоо шинэ нээлтүүд хийсэн квантын физикийн үзэгдлийн талаар хэлэлцүүлэг хийхээр нэр хүндтэй олон эрдэмтэн, судлаачид цугласан байна.
Арын эгнээний баруун гар талаасаа зургаа дахь хүн бол квантын талбайн онолоор долгионы механикт Шрёдингерийн тэнцэтгэлийг гаргаж ирсэн Эрвин Шрёдингер юм. Тэрээр 1935 онд боловсруулсан "Шрёдингерийн муур" гэх хийсвэр туршилтаараа алдартай. Нобелийн шагналыг тэрээр Паул Дирактай хамт хүртжээ.
Дунд талын эгнээний баруун талаасаа эхнийх нь Нильс Бор бөгөөд 1939 онд түүний нээсэн цөмийн задралын тухай таамаглал нь цөмйн бөмбөгийн нээлтэд чухал үндэслэл болсон юм. Түүнийг орчин үеийн физикийн шинжлэх ухааны эцэг гэж хүндэлдэг.
Эхний эгнээний зүүн талаасаа гурав дахь эмэгтэй Мэри Кури цацраг идэвхт гэх томъёоллыг анх гаргаж ирсэн бөгөөд Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй юм. Мөн хими болон физикийн ухаанд оруулсан хувь нэмрээрээ хоёр өөр салбарт шагнал хүртсэн цөөн хүмүүсийн нэг билээ.
Эхний эгнээний баруун талаасаа тав дахь хүнийг та анзаарахгүй өнгөрнө гэж үү? Алберт Эйнштейн харьцангуйн онол, квантын онол, E=mc2 хэмээх тэнцэтгэлээрээ дэлхийд алдартай.
5
Тяньаньмэний талбай (1989 он)
1989 онд болсон Тяньаньмэний талбайн бослогын үед авсан зургууд нь XX зууны хамгийн алдартай гэрэл зургуудын нэгд тооцогдох болжээ. Хэдийгээр ихэнх хүн "Танкны урд зогссон эр" гэх энэ зургийг мэддэг ч дээрх зураг тэс өөр уур амьсгалыг мэдрүүлж байгаа юм. Алдарт эсэргүүцэгч маань ууттай юм барьчихсан зогсохыг харвал энэ үйл ажиллагаанд оролцогч биш, энгийн нэгэн эр байсан юм болов уу?
6
Шатаж буй лам (1963 он)
Сайгон хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй машин замын уулзвар дээр Куанг Дык (Quang Duc) нэртэй лам өөрийгөө шатааж буй нь энэ зураг дээр мөнхрөн үлджээ. Тэрээр Өмнөд Вьетнамын Засгийн газраас явуулсан Буддын шашинтнуудыг хавчин гадуурхсан явдлыг эсэргүүцэн ийнхүү амиа өргөсөн юм.
Куанг Дык Камбожийн Элчин сайдын яамны гадаа өөр хоёр ламтай хамт машинаас бууж, эхлээд тайван гэгч нь завилан суужээ. Харин нэг лам нь түүний толгой дээр бензин асгаж, шүдэнз зурахад гал авалцаж, харин Куанг Дык амьсгал хураатлаа огтхон ч хөдлөөгүй аж.
Түүний эсэргүүцэл зүгээр талаар болоогүй бөгөөд уг зураг дэлхий нийтээр тарсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди "Түүхэн дэх ямар ч зурган мэдээлэл үүн шиг их сэтгэл хөдлөл мэдрүүлж байсангүй" гэсэн байдаг.
7
Версалийн гэрээ (1919 он)
Версалийн гэрээ бол Дэлхийн I дайнд цэг тавьсан энхийн бичээс билээ. Хэдийгээр уг тунхаг нь дэлхийн нэг хэсэгт энх тайван авчирсан бол нөгөө хэсэгт нь үхэл хагацал уй гашууг мэдрүүлсэн юм. Герман улс бүх хариуцлагыг өөр дээрээ үүрч, төлж барахааргүй их хэмжээний өр зээлэнд баригдсан билээ. Ингэснээр Германы эдийн засаг сүйрч, үндэстэн даяараа ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлтэй болох гэсэн хүсэл давамгайлж, Дэлхийн II дайныг эхлүүлсэн юм.
8
Эверестийн оргил дээр (1953 он)
Хүн төрөлхтөн үргэлж ямар нэг зүйлийг даван туулж, оргилд нь гарах хүсэлтэй байдаг. Энэ зүйл нь юу ч байж болно. Илүү ихийг сурч мэдэх, илүү хичээх, өмнөх амжилтаа ахиулах хүсэлт нь биднийг гайхалтай зүйлд хөтөлж байдаг. Манай гаригийн хамгийн өндөр цэгт авирсан хүний хувьд ч энэ амжилт нь цэвэр хичээл зүтгэл, хүсэл зорилгын үр дүн байлаа.
1953 оны тавдугаар сарын 29-нд Дэнзэн Норгай (Tenzing Norgay) болон түүний хамтрагч Шинэ Зеландын иргэн Эдмунд Хиллари (Edmund Hillary) нар Эверестийн оргилд гарч чадсан анхны хүмүүс болжээ.
Тэд оргил дээр нь ердөө 15 минут болсон бөгөөд Хиллари уг зургийг авчээ. Харин Хиллари зургаа авахуулахыг хүсээгүй байна.
9
"Хаббл" телескофоор авсан зураг (2003 он)
2003 онд "Хаббл" телескофоор тэнгэрийн хоосон харанхуй орон зайн зургийг ийнхүү авчээ. Судлаачид үнэндээ ийм гайхалтай дүрслэл байна чинээ бодоогүй аж. Зурагнаас авсан мэдээллийн улмаас судлаачид нэлээд олон жил завгүй байжээ. Эдгээр гариг эрхсүүд нь маш хол тул бид оршин тогтнодог эсэхийг нь ч мэдэхгүй.
Уг зураг нь дэлхий ямар жижигхэн, тэр тусмаа хүн ямар өчүүхэн бас эмзэг болохыг ойлгуулсан билээ.
10
Саран дээрх хүний мөр (1969 он)
1969 оны долдугаар сарын 20-нд хүн төрөлхтөн саран дээр анх хөл тавьжээ. Сансрын нисгэгч Нейл Армстронг (Neil Armstrong) энэхүү түүхийн гол баатар бөгөөд уг үйл явдлыг дэлхий дээр шууд дамжуулан үзүүлжээ. Армстронг тухайн үед "Энэ бол нэг хүний хувьд өчүүхэн жижиг алхам боловч хүн төрөлхтний хувьд бол томоохон алхам юм" гэж хэлсэн нь алдаршиж үлджээ.
Армстронг болон түүний хамтран нисгэгч Базз Алдрин (Buzz Aldrin) нар дараагийн хэдэн цагийг сарны гадаргуугаас дээж авч өнгөрүүлсэн бол багийн гурав дахь гишүүн Майкл Коллинс (Michael Collins) хөлөгтөө үлдэж, байдлыг хянаж байв. "Аполло 11" хөлөг 1969 оны долдугаар сарын 24-нд бүрэн бүтэн дэлхий рүү буцаж ирсэн юм. Сансрын нисгэгчид даалгавраа амжилттай дуусгаад ирсэн бөгөөд 1961 онд Ерөнхийлөгч Жон Кенниди энэ зууны сүүлчээр хүн төрөлхтөн саран дээр хөл тавих болно гэсэн амлалт нь бодитоор биелсэн явдал байлаа.
Саран дээр салхи байдаггүй учраас хүн төрөлхтний гаргасан хөлийн мөр хэдэн сая жилийн туршид байсаар байх болно.