1
Цэх нуруутай хүмүүс, нурууны гажиггүй байдаг гэдэг нь буруу ойлголт
Биднийг бага байхаас л аав, ээж багш нар маань цэх зөв суухад сургаж, тэгш нуруутай хүн нурууны гажиггүй байдаг гэсэн ойлголтыг бидний тархинд суулгадаг. Энэ нь буруу бөгөөд нурууны бүтэц байгалиасаа дунд хэсгээрээ бага зэрэг хотгор байх ёстой юм. Нурууны ийм буруу хэлбэртэй хүмүүсийн тулгуур эрхтэнд жин зөв хуваарилагдаагүйн улмаас амархан ядрах, нуруугаар зовиурлах, амьсгалын замын өвчин тусах зэрэг эрсдэл өндөртэй байдаг гэдгийг судлаачид тогтоосон билээ.
2
Бариа заслын арга хүн бүрт тохирдоггүй
Ихэнх хүмүүс өөрийн цаг заваа хэмнэх үүднээс, мэргэжлийн эмчид хандалгүй бариачид хандан өвчнөөсөө салахыг хүсдэг. Бариа засал хэдий сайн ч нурууны зарим төрлийн гажиг, мэдрэлийн судлыг дарсан суулт зэрэг хүндэвтэр тохиолдлуудад аюултай гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хэрэв таны нуруу зүгээр нэг хөшөөгүй ямар нэг өөр өвчтэй байсан бол арьсны гаднаас хүчтэй даралтаар биенд нөлөөлөх нь ноцтой аюул үүсгэж ч болзошгүй.
3
Урьдчилан сэргийлэхийн тулд дур мэдэн дасгал хийж болохгүй
Тулгуур эрхтнээ хүчтэй байлгахын тулд залуу наснаас дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь чухал. Гэхдээ таны нуруу одоо өвдөхгүй байна гэдэг нь ямар ч асуудалгүй байгаа гэсэн үг биш. Хүмүүс мэргэжлийн дасгалжуулагч, эмчийн зааваргүйгээр хүндийн өргөлтийн болон хүчний дасгал хийж эхэлснээр нуруугаа буруу ачааллаж хүсээгүй үр дагавруудаад хүрдэг. Мөн эрүүл хүмүүс ч гэсэн буруу дасгал сонгож хийснээр нурууны өвчнөөр өвддөг гэдгийг санаж явах хэрэгтэй.
4
Нурууны өвчинд массаж хийх нь тустай юу?
Нуруунд гаднаас нь халуун тосоор бариа хийснээр нурууны булчин тайвширч, уян хатан байдал сэргэдэг. Эмнэлгийн байгууллагууд эмчилгээнд хэрэглэдэг үе тэлэлтийн аппаратаар массаж хийх нь нурууны суултаас урьдчилан сэргийлэх сайн аргуудын нэг юм. Эмчилгээ хийлгэхээс төвөгшөөн түр зуурын өвчин намдаах гэж массажтай сандал, дэрэн дээр хэвтэх нь эсрэгээрээ зовиурыг ихэсгэх аюултай шүү.
5
Нурууны өвчнийг физик эмчилгээгээр эмчлэх боломжгүй
Эмч нар нурууны өвчнийг нарийн оношлоогүйгээс болж физик эмчилгээг буруу хийж, өвчин эдгэхгүй байх тохиолдол их байдаг. Нурууны өвчин нь ямар шатандаа яваагаас хамаарч дасгал хийх, ачаалал өгөх хэмжээ нь харьцангуй байдаг. Нурууны өвчин бол цогц өвчлөл учраас олон салбарын эмч нар хамтран, өвчтөн нэг бүр дээр тулж ажиллаж чадсанаар л, физик эмчилгээ үр дүнгээ үзүүлэх боломжтой.
6
"Остеохондроз" буюу үе шохойжих нь түгээмэл өвчин
Остеохондроз нь нэг ёсондоо нурууны мөгөөрсөн эдүүдэд өөрчлөлт орох өвчин юм. Тиймээс "остеохондроз" өвчин нь хавдар, хугарал, бэртэл биш боловч өвдөлт үүсгэж, зовиур, шаналгаа учруулж, хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэвийн оролцох, хөдөлмөрлөх чадварыг алдагдуулдаг. Түүнчлэн энэхүү өвчин нь дам өвчлөлүүдийг бий болгох буюу дам шалтгаанаар бий болсон байх нь элбэг. Тухайлбал, диск, булчин, шөрмөс, мэдрэлийн судлуудтай холбоотойгоор өвдсөн байх магадлалтай. Тиймээс эмч нар нурууны үений шохойжилтын үед маш нарийн шинжилгээ хийж байж онош тогтоон, эмчилгээ бичиж өгдөг. Нуруу хэмээх тулгуур эрхтний өвчлөл нь маш ноцтой тул таны нуруу өвдөж байгаа тохиолдолд заавал эмчид хандаарай!
Танд эрүүл энхийг хүсье!