1. Конго шимпанзе.
Зурсан зургийнх нь өртөг: 900-8500$
Конго шимпанзе бол амьтдын ертөнцөд хамгийн авьяаслаг зураач хэмээн тооцогддог. 2005 онд Bonhams дуудлага худалдаан дээр түүний зурсан 3 зураг нийтдээ 14400 фунтээр зарагдсан гэдэг. Харамсалтай нь энэ сайхан мөчийг Конго үзсэнгүй. Тэрбээр 1964 онд 10 настайдаа уушигны сүрьеэгээр нас баржээ. Конго амьд байхдаа олонд алдартай байв. Түүний бүтээлийг нэрт зураач Пабло Пикассо, Жоан Миро нар шимтэн үзэж даган баясаж байсан гэдэг.
Конгогийн зураач авьяастай болохыг анх английн амьтан судлаач Десмонд Моррис нээжээ. Тэрээр сармагчинд харандаа, цаас өгчээ. Удалгүй Конго тойрог зурж, юмсын байрлалын чиг баримжааны үндэстэй болох нь илэрхий болжээ. Конго будагтай эхлээд тааруухан харьцаж байв. Тал бүр цацах гэх мэт. 2 жилийн дараа нэлээд эрчимтэй сургасны эцэст бийрийг зөв барьж будгийг хольж сурчээ. Конго зургийн хавтгайгаас гаралгүй зурах ёстой. Дуусаад дараагийн зурганд орно гэдгийг ч сайн ойлгодог байв.
Конгогийн анхны зургийн үзэсгэлэн 1957 онд нээгдэж олон нийт ихэд сонирхсон аж. Конго амьдралынхаа хугацаанд 400 гаруй зураг зурсан бөгөөд бийр будгийг нь аваад явчихаар бухимдаж орилдог байсан гэдэг.
2. Азийн заанууд (Тайланд улс)
Зурсан зургийнх нь өртөг 200-12000$
Азийн заануудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон хамгаалах AEACP (The Asian Elephant Art & Conservation Project) төсөл 1990-ээд оноос эхлэн хэрэгжиж эхлэжээ. Үүнийг анх «Комарба Меламид» (Komar&Melamid) гэсэн бүтээлч хамтлаг санаачлажээ. Орос гаралтай америк зураач Виталий Комар, Александр Меламид нар зааныг уран зураг зурж сургах өвөрмөц сургалтын систем боловсруулаад Таиландад иржээ.
AEACP төсөл хурдан хүрээгээ тэлж эхлэв. Эдүгээ энэ төсөл Тайланд, Индонези, Камбож, Шри-Ланкд хэрэгжиж байна. Заанууд өргөн уудам ойд байрлан амьдардаг. Эдгээр амьтад уран зургийн янз бүрийн хэв загварт авьяасаа сорих дуртай аж. Мод, цэцэг болон түүгээр ч үл барам зарим нь хөрөг зураг зурах гэх мэт. Зураач заануудын хөргийг төслийн албан ёсны сайтаар дамжуулан худалдан авч болох аж. Зургийг дагалдуулан жинхэнэ хувь болохыг нь батласан сертификат, зурсан зааных нь талаар мэдээлэл өгдөг гэнэ.
3. Пэдфут нэртэй муурын төрлийн амьтан.
Энэ амьтныг Аризона мужийн Феникс хотын амьтны хүрээлэнд зочилсон хэн боловч хайрлах сэтгэл төрнө. Өмнөд Америкийн халуун орны энэ амьтан үнэхээр ховор төрөл аж. Пэдфутын зураах авьяасыг 2004 онд амьтны хүрээлэнгийн ажилтнууд олж харжээ. Пэдфут амьтны хүрээлэнд ирээд ихэд уйдаад байхаар нь ажилтнууд хананд зургийн хавтанг будагтай хамт өгчээ. Эхлээд Пэдфут хүзүүгээрээ, толгойгоороо, дараа нь бүх биеэрээ зургийн хавтанг шилгээж өгчээ.
Гэрийн тэжээмэл муур зэрлэг муурыг бодвол зургийн илүү авьяастай хэмээн эртнийн Египетийн үеээс тооцогдож байв. 1990-ээд оны үед муурын саврын хээтэй цаас олдож байв. 1994 онд «Муурнууд яагаад зураг зурах дуртай вэ?» нэртэй ном хүртэл хэвлэгдэж байв. Муурнуудын зураг зурах техник, зургийн дуртай сэдэв, намтарыг хүртэл бичсэн байв. Эдгээрийн дотор Пэдфутын нэр байгаагүй ч энэ нь түүнийг зураг зурах болон түүний бүтээлүүд интернет-дуудлага худалдаан дээр зарагдахад огтхон ч саад болдоггүй.
4. Зэрлэг морь (Мустанг) Чойа
Зурсан зургийнх нь өртөг: 900-10,000$
Чойаг түүний төрсөн эдлэн газарт ковбойнууд хатуу аргаар сургаж байсны улмаас бие сэтгэлийн хувьд маш их туйлдан ядарсан байхад нь балетчин эмэгтэй Рене Чамберс худалдан авчээ. Рене хэдэн жил Чойагийн итгэлийг олж авахыг оролдсоны эцэст Чойа түүний араас дагадаг болжээ.
2004 оны 4 дүгээр сарын 29-нд Рене хашаагаа будаж байхад нь Чойа хажууд нь хамт байжээ. Гэтэл энэ үед рене түүний морь шүдэндээ ямар ч хамаагүй зүйл зуух их дуртайг санаж бийр зуулгажээ. Рене хашаанд цаас тогтоож бийрийг будганд дүрж Чойагийн хамарт ойртуулжээ. Ингэж Чойагийн зураг зурах ажил эхлэсэн түүхтэй. Түүний зурсан зургийг америк төдийгүй хилийн чанад дахь зураг цуглуулагчид худалдан авах болжээ. Чойа зураг зурснаар түүний бие сэтгэлийн шарх ч эдгэрчээ. Италийн эрдэмтэн Данило Маинарди хэлэхдээ: Чойа зургийг зааж өгснөөр бус харин өөрөөсөө зурдаг гэжээ.
5. Купа яст мэлхий
Зурсан зургийн өртөг: 125-200$
Купа нэртэй энэ яст мэлхийн эзэн нь АНУ-ын Кира Эйн Варзежи хэмээх нүцгэн цээжээрээ зураг зурдаг нэгэн. Тэрбээр нэгэн удаа яст мэлхийгээ зураг зуруулахаар санаа шийджээ. Хэдхэн сарын дотор Купа дэлхийд алдартай зураач болж чаджээ. АНУ-ын муж болгонд түүний зураг байхаас гадна Канад, Австрали, Германи, Англи, Итали, Голланд, Бельги, Бахрейн зэрэг орнуудаас худалдан авчээ. Худалдаанаас олсон орлогыг яст мэлхийнүүдийг авран хамгаалах буяны үйлсэд зарцуулдаг байна.
Купаг зураг зурахад нь Кира Эйн Варзежи будгийг олгой савнаас нь шахан гаргаж цаасан дээр нялж өгдөг. Дараа нь Купа өехийгөөрөө шүргэн зурж эхлэдэг. Купагийн зурсан зургийг хийсвэр экспрессионизмын чиглэлд хамааруулж үзэж болно. Кира Купагийн зургуудад «Энерги», «Симфони», «Орчуулгын бэрхшээл» гэх мэт нэр өгчээ. 5 жилийн дотор Купа 800 гаруй зураг «зуржээ». Нэг зурганд купа ойролцоогоор 20 минут зарцуулдаг.
6. Читан эртэй Шимпанзе
Зурсан зургийн өртөг: 135$-аас эхлэдэг.
Чита өндөр настай. 75 хол давсан. Эхлээд түүнийг Жиггз хэмээн нэрлэж байв. 1930-1940-өөд оны үед Тарзаны тухай хэд хэдэн кинонд Чита шимпанзегийн дүрд тоглосноос хойш ийм нэртэй болжээ. Чита 1967 оноос кинонд тоглохоо больжээ. Эдүгээ Чита Калифорнийн Палм-Спрингсд Дэн Вестафалийн өмнө нь шоу-бизнест хүчээ үзэж байсан мичнүүдэд зориулсан эдлэнгийн газар амьдарч байна. Вестафальд ийм өвөрмөц эдлэн газрыг ажиллуулахад Чита болон түүний ач Житерийн зурсан зургийн орлогоос олсон мөнгийг зориулдаг байна. Читагийн зураг Лондонгийн Үндэсний музейд тавигдаж байв. 2008 онд «Намайг Чита гэдэг» нэртэй түүний «намтар» хэвлэгджээ.
7. Аргас, Габия, Глория нэртэй лонхон хамарт далайн гахайнууд
Зурсан зургийн өртөг: 40-3000$
Далайн гахайнууд сүүн тэжээлтнүүд дотроос ухаанаараа нэлээд хөгжингүй амьтад. Тэд аливаад бүтээлч байх нь ердийн үзэгдэл. Иймд зураач байна гэдэгт гайхах юмгүй. Зарим нь бүр байгалийн уран зурагт авьяастай байдаг. Жишээлбэл, Литвын Клайпеда хотын Тэнгисийн музейн дельфи нарийн лонхон хамарт далайн гахай Аргас, Глория, Габия нар юм.
Далайн гахайнуудад зураг зурахад нь дасгалжуулагч гартаа хатуу дэвсгэр дээр цаас барьж будаг дөхүүлж өгнө. Өнгийг далайн гахайнууд өөрсдөө сонгоно. Тэд шүдэндээ бийр зууж будгийг эмх замбараагүй нааж эхлэнэ. Харин сайн ажвал далайн гахай бүр зураг зурах өөр өөрийн аргатай. Аль нь хэний зураг болохыг амархан мэдэж болно. Аргас бол сүргийн толгойлогч. Хурц өнгөнд дуртай. Өргөн томоор бичдэг. Глория тэнгэрийн өнгөтэй гоё зураг зурдаг. Харин Габия нөгөө хоёроосоо илүү чадварлаг цоглог зураг зурдаг. Эдгээр амьтдын зурсан зураг 2010 онд Калининград хотын Дэлхийн далайн үзэсгэлэнд тавигдсан. Бас үе үе зохиогддог дуудлага худалдаа болон буяны арга хэмжээнүүдэд дэлгэн тавигддаг байна.
Клайпедагаас гадна далайн өөр гахайнууд Уфа, Гурзуф хотын дельфин нар ийм зураг зурдаг. Ки Ларго арлын (Калифорни) дельфин нар дээр очилсон хүмүүст 125$-оор зураг зурах арга хэмжээнд оролцуулдаг байна.
8. Жек-рассел терьер Тилламук Чеддар
Зурсан зургийн өртөг: 1000-2150$
Жек-рассел терьер үүлдрийн Тилламук Чеддар буюу Тилли хэмээх нэртэй нохой зураг зурахдаа хүмүүстэй өрсөлдөж чадахаар юм. Энэ нохойны үзэсгэлэн АНУ болон Европод 20 удаа нээгдэж байжээ. Түүгээр ч үл барам нэг бус удаа теле-шоунд уригдан оролцож, түүний талаар Esquire, The Guardian зэрэг сонинд өгүүллүүд гарч байв. 2006 онд түүний эзэн зохиолч Ф.Боумэн Хасти III нохойныхоо амьдралын тухай намтарчилсан ном хэвлүүлэв. Ф.Боумэн Хасти III нохойгоо усан будгаар зураг зурахад нь тусгайлан зургийн хавтан бэлдэж, зурсан хэсгийг нь хамгаалдаг пленк хүртэл бэлдэж өгдөг аж.
Тилли зураг зурахдаа бийр багс бус сарвуу болон шүдээ ашиглаж, эцэст нь зургийн доод хэсэгт хөлийнхөө хээг будгаар үлдээдэг нь нэг ёсны гарын үсэг гэлтэй. Эцэст нь Тилли хэдэн мянгаар үнэлэгдэх литографийн буюу будгийг даралтаар шүршиж хийсэн мэт зураг бүтээдэг байна.
2005 онд Тилли гөлөглөсөн боловч зургаан гөлөгнөөс аль нь ч эхийнхээ авьяасыг өвлөж аваагүй байна. Боумэн Хасти хэлэхдээ: Тиллигийн зураг зурах авьяас бүр 6 сартай байхаас нь мэдэгдэж байсан гэжээ.
9. Смитфилд нэртэй бодон гахай
Зурсан зургийнх нь өртөг: 50-150$
Энэ бодонгийн төрсөн нутаг Ричмондод түүнийг (Виржини) Pig-casso — буюу англиар «pig», дээр нь нэмээд Пикассогийн нэрийг оролцуулан өхөөрдөн нэрлэдэг. Түүний эзэн Фрэн Мартин гахайгаа торой байх үеэс нь аманд нь бийр зуулгаж цаастай харьцуулж сургажээ. Мартин хэлэхдээ: Смитфилд хөх өнгөнд дуртай. Үргэлж хөх өнгөнөөс эхлэн зурдаг. Гэтэл эрдэмтэд гахайг өнгө ялгаж чаддаггүй гэдэг. Адтай зураач Смитфилд америк даяар алдаршиж эхлэжээ. Янз бүрийн арга хэмжээнд уригдан оролцохоос гадна нэгэн удаа Опра Уинфригийн шоунд хүртэл уригдан орж байсан түүхтэй. Фрэн Мартин гахайгаа камерын өмнө инээж мэхийн ёслож сургажээ.
2003 онд малын эмч нар Смитфилдэд хамрын үзүүр буюу хоншоорын өмөн үү гэсэн онош тавьжээ. Смитфилд химийн нэлээд хэдэн цуврал эмчилгээ болон мэс засал хийлгэсний эцэст өвчнийг даван туулжээ. Түүний эзэн Мартин хоншоорынхоо зарим хэсгийг тайруулсан гахайгаа чихнийхээ хэсгийг тайруулсан Винсент Ван Гогтой адилтган хошигнодог аж.
10. Шоргоолж идэштэн Стьюи
Орегон мужийн ошин суугч Анжела Гудвинт нь Стьюиг алдуул амьтдыг асрах газраас авч тэжээжээ. Энэ үед түүний гэрт бас нэгэн Пуа нэртэй эмэгчин шоргоолж идэштэн амьдарч байв. Стюи Флоридад төрсөн бол Пуаг Гайянаас америкт авчиржээ.
Стюи шинэ гэртээ амархан дасаж шкаф, тумбочкийг онгойлгож, хөргөгчний хаалга зэргийг нээж сурчээ. Анжела Стюиг хойд мөч дээрээ явж сурган урд савраараа баяртай хэмээн дохих, халбагаар идэх, тэр ч бүү хэл үнсэж сургажээ. Халбага барьж сурсны дараа савраараа бийр барьж сурчээ. Анжела Гудвин өөрийн блогд бичихдээ: «Стьюи өөрийн зурсан зурагнаасаа таашаал авдаг болох байх хэмээн би найдаж байна. Юуны өмнө тэрээр өөрийн ухааныг дэмий юманд зарцуулахгүй байхаас эхлэх хэрэгтэй юм» -гэжээ.
Бусад амьтдын зургийг бодвол Стьюигийн зураг сонирхогчийн зурсан зураг мэт харагддаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам шоргоолж идэштний маань авьяас улам хөгжих байсан биз. Гэвч харамсалтай нь 2008 онд Стюи өвчний улмаас хорвоогоос халин оджээ.