Өөрийнхөө хуучин авто машины урд талын зорчигийн суудлын оронд галладаг зуух тавьсан швейцар залуу Паскаль Прокоп (Pascal Prokop) нь харьцангуй хүйтэн өвлийн өдрүүдийг туулж байгаа Европын орнууд төдийгүй дэлхий дахинд хоромхон зуурт алдаршжээ.
Зуухны нэрэнд орсон «Limousine» гэдэг үгийг шууд утгаар нь “лимузин”, эсвэл “седан” гэж ойлгож болно. Гэхдээ уг зуух нь зөвхөн лимузинд төдийгүй бараг бүх төрлийн авто машинд тохирдогоороо онцлогтой юм байна. Паскаль нь өөрийн зохиосон машины зуухаа 20 Minuten Online цахим хуудас дээр танилцуулж, 1990 оны Volvo 240-д суурилуулсан байдлынх нь зургийг оруулжээ. Тайлбар дээр нь Паскаль: “Би хэт ядарсан, эсвэл согтуу байх үедээ машин барихаа зогсоож, байгаа газраа, машин дотроо унтах хэрэгтэй байдаг. Учир нь манай оронд согтуугаар, эсвэл хэт ядарсан байдалтайгаар машин барихыг хориглохоос гадна, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдол байдаг. Тиймээс л, энэ өвлийн хахир хүйтэн цагт надад энэ зуух хэрэг болж байна.”- гэжээ.
Паскаль нь зуухныхаа одоогийн загварыг гаргахыг тулд нилээн оролдлого хийжээ. Анхандаа 2 метр орчин илүү гарсан яндандтай хийсэн нь харахад янзын байсан хэдий ч хөдөлгөөнд оролцоход төвөгтэй байсан гэнэ. Түүнчлэн орон нутгийн замын цагдаагийн албаныхан түүнд зуухтай машин барих зөвшөөрлийг нилээн судалж, авч хэлэлцсэний эцэст олгожээ. Мөн машиндаа гал түлсэн үедээ хотын гудмаар явахыг иргэдэд зөвшөөрдөггүй, харин хотоос гадна бол зөвшөөрдөг байна. Эдгээр гэрэл зургийг хотоос нилээн зайдуу орших нисэх буудлын ойролцоох зам дээр авсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хамгийн хүндрэлтэй ч юм шиг, сонирхолтой ч юм шиг тал нь сониуч цагдаа нар Паскалийн машиныг алхам тутамд нь зогсоож, доторхи зуухыг нь сонирхдог байна. Манай хойд хөршийнхөн ч гэсэн Паскалийг зуухан дээрээ аялж, цурхай загастай нөхөрлөдөг Емеля хүүгийн талаар үлгэртэй зүйрлэж, энэхүү машин доторхи зуухны санааг нь нилээн дэмжин сонирхож байгаа ажээ.