Хоёр хөршийн нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газрууд

2020-07-09, 14:13
4,277

Дэлхийд газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг 5 орны хоёр нь манай хөршүүд билээ. Халуун орны ширэнгэн ой, мөнх цаст уулс, мөнгөн тайга, их мөрөн, цэнгэг уст нуур, зах хязгааргүй элсэн цөл гэх мэт байгалийн бүхий л бүс бүслүүрийг тийм ч хол явахгүйгээр харж болно. Ингээд ОХУ, БНХАУ-ын нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна.

Хоёр хөршийн нутагт байх хүмүүсийн төдийлөн мэддэггүй, хосгүй үзэсгэлэнтэй газрууд

1 Ай гол - Башкортостан, Челябинск муж

Өмнөд Уралын нуруунд байх Ай голын байгаль нь хэдэн мянган километрийн зайд орших Шинэ Зеландын Абель-Тасман үндэсний паркийг санагдуулна. Энэхүү гол нь дотоодын жуулчдын хамгийн дуртай газруудын нэг бөгөөд өтгөн ой, цавчим хавцал, агуй гээд үзэх харах зүйл ихтэй. 

Ай гол - Башкортостан, Челябинск муж

2 Эльтон давст нуур, Волгоград

Боливийн нутагт орших дэлхийд алдартай Салар де Уюнигээс дутахгүй өвөрмөц тогтоцтой газар хойд хөршид бий. Энэ бол Оросын хамгийн том давстай нуур болох Эльтон юм.  

Усны эрдэсжилт зуны улиралд 400 г/л хүрэх магадалтай бөгөөд энэ нь Сөнөсөн тэнгисээс 1.5 дахин их гэсэн үг. Нуурын усанд зөвхөн бактериуд болон нэг эст замаг л амьдарна.

Эльтон давст нуур, Волгоград

3 Кезеной-Ам (Эйзен) нуур, Чечень

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нууруудын нэг нь Чечений БНУ-д орших Кезеной-Ам (Эйзен) нуур юм.

Өндөр уулсын дунд орших энэхүү нуур нь цэнгэг ус болон оюу эрдэний ногоон өнгөөр нүд баясгана.  Урт нь 2 км бол өргөн нь 2.7 км үргэлжилнэ. Энэ нь Эйзен нуурыг өндөр уулын бүслүүрт оршдог Европын хамгийн том нуур болгодог.

Кезеной-Ам (Эйзен) нуур, Чечень

4 Оргилолт булгийн хөндий, Камчатка

Камчаткын хойгт байх энэхүү гейзер буюу оргилолт булаг бүхий хөндий нь Америкийн Иеллоустоныг санагдулдаг.

Еврази дахь цорын ганц гейзертэй бүс бөгөөд талбайн хэмжээгээр ч дэлхийд томдоо орно. Хөндийд буцлам халуун устай 20  орчим том гейзер бий.

Оргилолт булгийн хөндий, Камчатка

5 Савдгийн нуур, Красноярск

Красноярск муж дахь Ергакийн үндэсний парк дотор орших Савдгийн нуур яг л Исландын фьорд (хадархаг эрэгтэй далайн булан) мэт харагдаж байгаа биз.

Энэхүү нуур нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөр Курайскийн уулан дунд бий. Өндөр уулын дунд оршдог, очиход хэцүү болохоор гайхалтай төрхөө хадгалж үлдсэн байна.

Савдгийн нуур, Красноярск

6 Цэй хавцал, Умард Осет

Цэй хавцал нь Хойд Осетийн нутагт, Кавказын нурууны хойд энгэрт байрладаг бөгөөд цанын спорт, уулын спорт маш  ихээр хөгжсөн газар юм. Мөсөн гол, шигүү ой, уулын нуга зэрэг нь энэхүү газрыг Альпын нуруу мэт харагдуулдаг аж.

Цэй хавцал, Умард Осет

7 Дивногорьегийн тогтоц, Воронеж

Дон мөрний баруун эрэг дээр гайхалтай тогтоц бүхий Дивногорьегийн байгалийн дурсгалт газар бий. Мадагаскарын чулуун ойг санагдуулам энэхүү газарт та эртний шохойн чулуун агуйд байрлах сүм хийдүүдийг харах боломжтой.

Дивногорьегийн тогтоц, Воронеж

8 Хэмү тосгон, Алтайн аймаг, Шинжаан

"China National Geography" сэтгүүлийн тодруулснаар Хэмү нь Хятад дахь хамгийн үзэсгэлэнтэй тосгон ажээ. Энд өвлийн улирал Монголтой адил удаан үргэлжилдэг учир зөвхөн 6-р сараас 10-р сарын хооронд жуулчдыг хүлээж авдаг байна.

Очиход хамгийн тохиромжтой үе нь байгаль дэлхий дөнгөж сэрж, уулын нуга үзэсгэлэнт цэцэгсээр бүрхэгдэж буй 6-р сар байдаг. Уг тосгон нь Канас болон Хэмү голын хөндийд, Алтайн сүрлэг уулсын дунд далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт байрлана. Эргэн тойрон цавчим хясаа, шигүү ойгоор хүрээлэгдсэн тул саяхныг болтол Хятадын хамгийн бөглүү газруудын нэг байжээ.

Хэмү тосгон, Алтайн аймаг, Шинжаан

9 Жюжайгоу хөндий, Сычуань муж

Жюжайгоу хөндий нь Сычуань мужийн хойд хэсэгт орших байгалийн нөөц газар юм. Шаталсан хүрхрээнүүд болон үзэсгэлэнт нууруудаараа алдартай уг хөндий дэх ууулчдын заавал үзэх ёстой газруудад Эртний Ой, Хунт нуур (2 км урттай), Өвсөн нуур (нуурын гадаргуу ургамлаар бүрхэгдсэн), Панда нуур болон хүрхрээ (хоёр өнгийн нуур байх бөгөөд гурван давхар хүрхрээтэй), Таван цэцгийн нуур (олон янзын өнгөтэй жижиг нуур), Толин нуур (байгалийн гоо үзэсгэлэнг өөрийн тусгалд харуулсан ) зэрэг багтана.

Жюжайгоу хөндий, Сычуань муж

10 Хөх мөрний хавцлууд

Азийн хамгийн урт гол болох Хөх мөрөн дээр дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох Гурван хавцлын далан бий.  Албан бусаар Хөх мөрөн нь Хойд болон Өмнөд Хятадыг тусгаарладаг гэж үздэг. Ялангуяа уур амьсгал, уламжлал, эдийн засаг зэргээрээ ялгарна.

Хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий болсон энэхүү мөрний эхээс адаг хүртэл явахад мөнх цаст уулс, хоёр талд сүндэрлэх сүрлэг хавцлууд гээд байгалийн хосгүй үзэсгэлэнг харах боломжтой.

Хөх мөрний хавцлууд

11 Мянган арлын нуур, Жөжян

Мянган арлын нуур буюу Цяньдяоху нуур нь Ханьжоу хотоос 150км-ийн зайд байрлана.

Энэхүү нууран дээр 400 орчим том, жижиг үзэсгэлэнтэй арал бий. Цяньдяоху нь үнэндээ хиймэл нуур бөгөөд 1950-аад оны үед усан цахилгаан станц барих зорилготойгоор голын урсгалыг хааснаар ийнхүү нуур үүссэн байна. Нуурын нийт талбай нь 573кв.м бөгөөд зүүн Хятад дахь хамгийн том цэнгэг уст нуур аж.

Мянган арлын нуур, Жөжян

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()