Эверест ууланд үүрд үлдсэн хүмүүсийн нууц

2020-02-27, 17:00
25,552

Уулнаас сайхан зүйл байдаг бол тэр нь оргилд нь гарч үзээгүй өөр нэг уул гэсэн үг бий. Дэлхийн тэр өндөр ноён оргилууд дээр авиран гарах оролдлого нь олон янзын аюул бэрхшээл дагуулдаг боловч жил болгон мянга мянган хүн өндөр ууланд авирах гэж зүтгэсээр амь насаа алдсаар байгаа билээ.

Эверест ууланд үүрд үлдсэн хүмүүсийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эверестэд авиран явах замд уулчид энд тэндгүй үхсэн хэвтэх бусад уулчдын цогцостой таарах ба хэн нэг нь өндөр хаднаас унасан, нөгөө нэг нь хөлдсөн эсвэл хүч чадалгүй болж тамирдан унасан байна. Гэтэл тэрхүү ядарч, хөлдөж үхэж байгаа тэр уулчдад яагаад туслалгүй өнгөрдөг юм бол?

Далайн төвшнөөс дээш 8000 метрийн өндөрт ёс суртахуун гэдэг ойлголт нь биднийхээс арай өөр ба тэнд хүн зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө байдаг газар юм.

Хэрвээ та үхэх үйлтэй хүн гэдгээ мэдмээр байгаа бол Эверест дээр гарах гэж оролдож үзэх хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс ч бий.

Гэхдээ Эверестэд үүрд үлдсэн тэдгээр хүмүүс нь өөрсдийгөө үхэх үйлтэн биш гэж бодож байсан нь эргэлзээгүй ба тэдний энд тэнд хэвтэх цогцос нь хүн бүхнийг мэддэг, шийддэг, чаддаг амьтан биш гэдгийг баталгаа болон байсаар байна.

Ууланд авирахаар гараад эргэн ирээгүй хүмүүсийн тухай тооцоо баримт маргаантай байдгийн нэг учир нь тэрхүү уулчид жижиг бүлгээр (3-5 хүн) явдагтай холбоотой юм. Бас энэ ууланд авирах үнэ нь 25-60 мянган ам доллар. Дээрээс нь нэмж амиа өгөх явдал гардаг нь жижиг мэт боловч амин чухал хэрэгтэй зүйлд гар татсаны гай байх нь элбэг.

Одоо энэ их хайрхан дээр 150 гаруй хүн мөнхийн харуул болон үлдсэн гэдэг боловч 200 гаран байх магадлал өндөр. Эверест уулын оргилд гарсан хүн өөрийнх нь араас харан байх “хар уулчны” харцыг мэдэрдэг тухай ярьдаг бөгөөд  ууланд авирах хойд талын замын дагуу 8 уулчны цогцос байдаг учир ингэж хэлэх нь арга ч үгүй болов уу. Харин өмнө талын зам дээр 10 гаран цогцос бий. Харин уулчид маань дээрх хоёр замаас гарахаас айдаг ба ингэсэн тохиолдолд дахин эргэж ирэхгүй байх, тэднийг хэн нэг нь аврах гэж оролдохгүй байх магадлал өндөр учраас тэр юм.

Энэ өндөр хайрхан нь хүний алдаа, хайхрамжгүй үйл хөдлөлийг үл өршөөдөг хэмээх яриа тухайн оргил дээр гарсан хүмүүсийн дунд яригддаг гэдэг. 1996 онд Японы Фукуока Их Сургуулийн хэсэг уулчид Эверест дээр гарах гэж явж байжээ. Өгсөж явах замд тэд үхэж байгаа Энэтхэгийн хэдэн уулчидтай таарсан ба тэд бүгдээр ядарч сульдсан, хөлдөж осгосон байдалтай амь аврахыг, туслахыг гуйж байв. Япончууд хажуугаар гаран өнгөрч, буцах замдаа тэр газраа эргэн ирэхэд аврах хүн үлдээгүй буюу Энэтхэгчүүд бүгд хөлдөж үхсэн байжээ.

Доорх зураг бол Эверестийн оргилд гарсан хамгийн анхны хүн байж магадгүй гэгддэг Мэллоригийн цогцос. Тэрээр энэ оргилд гараад бууж явахдаа осолдсон гэж үздэг ба 1924 онд Мэллори нь Ирвинтэй хамт өгсөж эхэлсэн юм. Тэднийг хамгийн сүүлд оргилоос 150 метрийн дор явах үед дурангаар харсан бөгөөд дараа нь тэдний бараа нь өтгөн үүлэнд хаагдан алга болсон билээ.

Тэд эргэн ирсэнгүй. 1999 онд 8290 метрийн өндөрт сүүлийн 5-10 жилд амь үрэгдсэн хүмүүсийн цогцос олон олдсоны дотор Мэллорийн цогцос бас байжээ. Тэрээр доош харан хэвтээд уулыг тэврэх гэсэн мэт гараа алдан үхсэн байсан гэдэг.

Хамт авирсан Ирвиний цогцсыг одоо хүртэл олоогүй боловч Мэллоригийн цогцост хийсэн шинжилгээгээр тэд эцсээ хүртэл цуг байсан бололтой. Мэллорийн цогцост ороосон олсыг хутгаар огтолсон байсан нь Ирвин үхсэн нөхрөө орхих үедээ хийсэн ажил байж болох ба тэрээр хаа нэгтээ арай доор газар амьсгал хураасан байх.

Их уулан дахь салхи, цас хийх ажлаа хийсээр. Цогцсын хувцсаар хаагдаагүй хэсэгт яс нь харагдахаар ил болсон ба уулан дахь цогцос хэдий чинээ их удна төдий чинээ мах арьс үлдэх магадлал бага юм. Нас барсан уулчдын цогцсыг зөөж доошлуулах талаар хэн ч ямар нэг ажил хийдэггүй бөгөөд нисдэг тэрэг ийм өндөрт гарч чадахгүй, бас 50-100 кг хүнд зүйлийг үүрэн буух хүн олдохгүй нь тодорхой. Ийм учраас энэ ууланд олон уулчны цогцос байсаар байгаа билээ.

Гэхдээ бүх л уулчид амиа бодсон хүмүүс биш бөгөөд нэг нэгнийгээ аварсан олон тохиолдол бий. Уулан дахь ихэнх үхэл нь тухайн хүний алдаатай шийдвэртэй холбоотой юм.

Уулчин Фрэнсис Арьсентьева нь хүчилтөрөгчийн баггүйгээр энэ оргилд гаран рекорд тогтоох гэж яваад тамираа баран, “өмнөд хөтөлд” хоёр хоног хэвтэж байгаад үхсэн түүх  бий. Хөлдөж, хөдлөх ямар ч чадалгүй болсон энэ эмэгтэйн хажуугаар янз бүрийн улс орны олон уулчид дээш доош явж байхдаа хүчилтөрөгчийн баг өгч (рекорд тогтоохын тулд тэрээр ийм баг огт авч яваагүй), зарим нэг нь халуун цай өгч байсан гэдэг. Бүр нэг гэр бүлийн хоёр нь Америк уулчин бүсгүйг чирэн доод лагерт хүргэх гэж оролдсон боловч өөрсдөө амиа алдах эрсдэлтэй болсон учраас удалгүй энэ оролдлогоо орхисон гэдэг.

Бүсгүйн нөхөр Сергей Арьсентьев нь  буух үедээ эхнэрээсээ төөрч лагерт ирсэн боловч хань нь доош буугаагүй гэдгийг мэдээд дахин өгсөж хайж яваад бас л амиа алдсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()