1
Хялбар үхлийн хатуу шийдвэр - Үхэх эрх
Өвчтөн аажмаар үхэж байгаа тул цаашид түүнийг зовоон байж амьд байлгах нь зүйтэй гэж үү? Эсвэл түүнд амьд үлдэх боломж байгаа юм болов уу? Хүний амьдралыг дуусгах шийдвэр гаргахаасаа өмнө эдгээр асуултад хариулах хэрэгтэй.
Грек хэлнээс "эвтанази" нь "амархан үхэл" гэсэн утга илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, хүний амийг аврах ямар ч арга үлдээгүй үед удаанаар тарчилж амьсгал хураах зовлонгоос аварна гэсэн үг юм.
Мэдээжийн хэрэг энэ нь эрүүл мэндийн хувьд төдийгүй ёс суртахууны үүднээс авч үзвэл хэцүү асуулт. Эмч нар бүгдийг тооцоолсны эцэст энэ шийдвэрийг гаргадаг ч өвчтөний төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүс энэ үхэлд ёс суртахууны үүднээс төдийлөн хойрго ханддаг байна.
2
Амиа хорлогчдын "аялал жуулчлал"
Тэгэхээр эвтанази бол эдгэрч чадахгүй, үхлийн аюултай өвчнөөр маш их шаналж байгаа хүний амьдралыг эцэслэх явдал юм. Энэ нэр томьёог 16-р зуунд философич Фрэнсис Бэкон нэвтрүүлсэн ба "хялбар үхэл" гэсэн томьёоллыг орлуулсан байна.
Энэ нь хачин жигтэй санагдах ч эдгэршгүй өвчтэй олон хүмүүс эвтаназийг хуулиар зөвшөөрдөг улс орнуудад очихыг хүсэж эхэлсэн ажээ. Амьдралын эдгээр сүүлчийн аяллыг "амиа хорлох аялал жуулчлал" гэж нэрлэх болов.
Амиа хорлогчдын очих дуртай газар бол Швейцарын Цюрих юм. Нэгэн удаа "Dignitas" гэх эмнэлэгт эрүүл Канад эмэгтэйг эвтаназид оруулсан тохиолдол гарч байсан бөгөөд энэ шийдвэрийг бүсгүй нөхрийн хамт гаргасан гэнэ.
Түүхэнд эвтанази хэрэглэсэн олон тохиолдлуудыг олж болно. Жишээлбэл, дэлхийд алдартай Зигмунд Фрейд тагнайн хорт хавдартай удаан тэмцсэний эцэст таалал төгссөн бөгөөд түүнд зовлонг гэтэлгэхэд нь Доктор Шура тусалсан байна. 1939 оны 9-р сарын 23-нд Лондонд Фрейд нас барсан бөгөөд тэр үед тэрээр хавдрыг авах 19 мэс ажилбарын ард гарсан байжээ.
3
Нидерландаас АНУ руу
Анагаах ухаан, эрүүл мэндийн ихэнх бичвэрт эвтаназийг хориглодгийн хамгийн том жишээ бол Гиппократын тангараг юм. Гэвч хэд хэдэн улс орнууд "хялбар үхэл"-ийг хүмүүнлэгийн үйл хэмээн хуулиар зөвшөөрсөн.
1984 онд Нидерландын Дээд шүүх сайн дурын эвтаназийг хүлээн зөвшөөрч, холбогдох заалтыг хууль тогтоомжид оруулснаар эвтанази хийхийг зөвшөөрсөн анхны улс болсон байна.
Бельгид 2002 онд эвтаназийг хуульчилж, 2003 онд 200 өвчтөн энэ аргаар нас барсан бөгөөд 2004 он гэхэд уг тоо аль хэдийн 360 болсон байна. Энэхүү "үхлийн өршөөл" нь ойролцоогоор 60 еврогийн үнэтэй бөгөөд уг багцад үхлийн тун бүхий тариа, процедурт шаардагдах хэрэгслүүдийг багтаасан болно. Мэдээж хэрэг, иж бүрдлийг зөвхөн эмчийн бичсэн жороор худалдаж авах боломжтой бөгөөд мэргэжилтэн өвчтөний тунг зааж өгдөг байна. Та эвтаназийн иж бүрдлийг зарах зөвшөөрөлтэй Бельгийн 250 эмийн сантай холбоо барьж болно. Бельгийн эмийн сангуудын лангуун дээр эм зүйчид ямар мэдрэмж төрдгийг гайхширмаар...
Одоогийн байдлаар эвтанази хийж эдгэршгүй өвчтөнийг сайн дураар нь "үүрд унтуулах"-ыг Бельги, Колумби, Льюксембург, Швейцарь, Канад тэргүүтэй улсууд хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Харин Америк, Австрали улсуудын зарим мужуудад зөвшөөрдөг ажээ.