Од эрхэс хосоороо бүрэлдэн бий болох явдал түгээмэл байдаг
Калифорнийн их сургуулийн судлаачид манай нарны адил бараг бүх одод өөртэйгөө ижил хэмжээний одтой хамт бүрэлдэн бий болсон байдаг гэх таамаглалыг Тэнгэрийн онгоцны ордны мананцарт хийсэн цацрагийн судалгаандаа үндэслэн гаргажээ.
Энэхүү таамаглалын хүрээнд манай системийн од болох нар ч өөрийн ихэр одтой байх магадлалтай бөгөөд манай гараг дээр болж өнгөрсөн томоохон үйл явдлууд тус эрхэстэй холбоотой байх боломжтой талаар судалж байгаа ажээ.
Немезида – Нарны ихэр од
Грекийн өш хонзонгийн бурхны нэрээр нэрлэгдсэн энэ одны онол нь дэлхий дээрх тодорхой хугацааны давтамжтай явагддаг их сүйрлүүдийн учрыг тайлах магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.
Тойрог зам нь асар хол тул 26 сая жил тутам Немезида нь нарны аймгийн гадаад бүслүүрийг дайран өнгөрч, асар их хэмжээний солирыг дэлхийн тойрог зам руу оруулдаг нь дэлхий дээр өмнө нь тохиож байсан сүйрлүүдтэй холбоотой гэж таамаглаж байгаа юм. Гэхдээ дэлхийн түүхэнд солирын нөлөөгөөр асар их хэмжээний гамшиг тодорхой хугацааны давтамжтай явагдсан тохиолдол олон биш тул энэ онолын магадлал тун бага гэдгийг дурдах нь зүйтэй.
Бусад таамаглалууд
Тус од нь магадгүй Бархасбадь гарагаас 1.5 дахин том аварга гараг байх магадлал бий гэдгийг АНУ-ын Луйзана мужийн их сургуулийн одон орон судлаачид өгүүлжээ. Тэд тус одны зайг дэлхийгээр 2 гэрлийн жил хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн тэдний хувьд тус гарагт Тюке хэмээн нэр өгсөн бөгөөд энэ нь Немезида бурхны эгчийн нэр ажээ.
Хэдийгээр таамаглал төдий боловч манай галактикт өөрийн гэсэн системтэй оддын дийлэнх нь хос одтой байдаг нь наранд ч ийм нэгэн од байхыг үгүйсгэх аргагүй билээ.