Мусульман эрчүүдийн нүдээ буддаг будгийг “кайал” гэж нэрлэдэг. Энэ нь араб хэлнээс “сурьма” гэсэн утгыг илэрхийлнэ. Эрт үеэс тэд цэнхэр туяа бүхий мөнгөлөг өнгөтэй хагас метал элемент болох сурьмаг нунтаглаж нүдний хар будгийг хийдэг байжээ.
Эртний Египетийн хаад хатад 5000 жилийн өмнө сурьмаг гоо сайхны бүтээгдэхүүн болгож хэрэглэж байсан гэнэ.
Зөнч Мухаммедын амьдрал, сургаалиас эмхэтгэн бичсэн эртний мусульманчуудын "хадит" хэмээх сурвалж бичгээс үзвэл Мухаммед анх сурьма хэрэглэхийг дагагчдадаа зөвлөж байсан аж.
9-р зууны нэрт мусульман зохиолч Абу Дауд “Сунан Абу Дауд” хэмээх хадит бичигтээ: "Хувцасны хамгийн сайн төрөл бол цагаан хувцас. Нас барагсдыг цагаан даавуунд ороож оршуул. Кайалын хамгийн сайн төрөл бол хар сурьма. Үүнийг хэрэглэн хараагаа сайжруулж, сормуусаа урт ургуул хэмээн Аллахын элч айлдав" гэжээ.
Үүнээс харахад сурьмаг ашиглан нүдээ будах нь сормуусны ургалтыг түргэсгэж, хараа сайжруулахад тустай бололтой. Гэхдээ хамгийн гол зорилго нь цөл нутагт нүдийг нарны хурц туяанаас хамгаалах, мөн нүдийг чийгшүүлж, тоос, шороо, бохирдол орохоос сэргийлэх гэж үздэг байна.
Мэдээж дээрх бие физиологийн ач холбогдлын зэрэгцээ сурьмаг нүдний өнгийг тодотгох, эмэгтэйчүүдийг татах гэх мэтээр гоёл чимэглэлийн зориулалттай ашигладаг.
Зөнч Мухаммед өөрөө сурьмаг тусгай саванд хийж, өдөрт 3 удаа болон унтахынхаа өмнө түрхэж хэрэглэдэг байсан аж.
Мусульманчууд төдийгүй Энэтхэгийн хойд нутгийн эрчүүд нүдээ сурьма ашиглаж буддаг.
Гэхдээ зарим судалгаанаас харахад кайал нь нүдний эрүүл мэндэд тустай гэдэг нь эргэлзээтэй, харин ч эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлдэг байх магадлалтай гэнэ. Жишээлбэл тус элемент бамбай булчирхайнд хуримтлагдаж, хэмжээ нь томроход нөлөөлдөг байж магадгүй. Үүнээс гадна кайалийн орцонд хар тугалганы сульфид ордог учир даралт ихсэж, яваандаа нүдний болор цайх өвчнийг үүсгэх аюултай аж.
Рамадан баярын үеэр нүдээ будаж буй залуу, Йемен, 2016 он.