Викториагийн танхимд болсон эмгэнэлт үйл явдал, 1883 он
1883 оны 6-р сарын 16-ны өдөр Их Британийн Сандерланд хотын Викториагийн танхимд хүүхдэд зориулсан илбэ үзүүлэх зэрэг шоу арга хэмжээ зохион байгуулагджээ. Уг үйл ажиллагааны төгсгөлд тасалбарын дугаараар азтай үзэгч шалгаруулахаар болж эхний эгнээнээс эхлэн бэлэг өгч эхэлжээ. Гэвч яг тэр мөчид арын эгнээнд байсан үзэгчид бэлэг авч чадалгүй хоцрох нь гэж эмээн урагш дайрч эхэлснээр 1000 гаруй хүн эхний эгнээ рүү дайрч, лонхны шил мэт төгсгөл рүүгээ нарийссан нарийн шат руу зүглэцгээсэн аж. Ийнхүү уг эмх замбараагүй үйл явдлын үеэр 3-14 насны 183 хүүхэд амь үрэгдэж, Их Британийн түүхэнд хар толбо болон үлдсэн юм.
Ходынская талбайн үймээн, 1896 он
1896 оны 5-р сарын 18-ны өдөр Москва хотын Ходынская талбайд Хоёрдугаар Николас хааны титэм зүүх ёслолыг үзэхээр хагас сая гаруй хүн цугларчээ. Тэд шинэхэн хааныг харахаас гадна нийтийг хамарсан үйл ажиллагаанд бэлэг гардуулдаг уламжлал дагуу бэлэг горилж очсон байдаг.
Гэвч үйлчлэгчид зөвхөн өөрийн танил болон төрөл садандаа бэлэг өгч байгааг дуулсан ард бэлэг авахаар дайрч эхэлснээр эмгэнэлт явдал эхэлжээ. Бэлэг бэлдсэн байсан асар майхны эзэд өөрийн эд хөрөнгийг хамгаалж дайрч буй хүмүүс рүү хоол шидэж байсан нь иргэдийн дургүйцлийг улам бүр хүргэсэн гэдэг.
Ийнхүү уг эмх замбараагүй үйл явдал дуусах үед нийт 1389 хүн амиа алдаж, 1300 хүн гэмтсэн байдаг.
Ирокез театрын гал түймэр, 1903 он
1903 оны 12-р сарын 30-ны өдөр АНУ-ын Чикаго хотын Ирокез театрт тун алдартай мюзикл бүтээл тайзнаа тоглогдож, 1602 суудалтай танхимд нийт 2200 үзэгч цугларсан гэдэг. Гэвч үдээс хойш 15 цагийн үед хөшиг гэрэлтүүлэх зорилготой гэрэлд богино холболт үүсч гал гарсан нь танхимд асар хурдан тархсан аж. Энэхүү гэнэтийн гал түймэр үзэгчдийн дунд айдас автуулж, гарахаар асар олноороо хаалга руу чиглэсэн нь эмгэнэлт явдлын эхлэл болж 605 хүн амиа алдаж, 250 гаруй хүн бэртэж гэмтсэн байдаг.
Перугийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн эмх замбараагүй явдал, 1964 он
1964 оны 5-р сарын 24-ний өдөр Перу улсын нийслэл Лима хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Перу-Аргентинийн шигшээ багууд зуны олимпод оролцох эрх авах хөлбөмбөгийн тоглолт хийсэн аж. Тоглолтын төгсгөлд Перугийн шигшээ баг гоол оруулсан боловч шүүгч тооцохгүй хэмээн заасан нь үзэгчдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн талбай дээр дайрч орж иржээ. Эмх замбараагүй үйл явдлыг дарахаар цагдаа нар үзэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж эхэлсэн байдаг.
Ийнхүү эмх замбараагүй байдлын үеэр цэнгэлдэх хүрээлэнгээс яарч сандарсан хүмүүсийн хөлд 328 хүн амиа алдаж, 4000 орчим хүн гэмтэж бэртсэн түүхтэй.
Мина туннелийн үймээн, 1990 он
Жил бүрийн тахилын сар болох Хажж Ид аль-Адхагийн үеэр олон мянган мусульманчууд ариун газар болох Саудын Арабын Мекка хот руу очин мөргөл үйлдэхээр явдаг. Гэвч 1990 оны 7-р сарын 2-ны өдөр Мекка хотод мөргөл үйлдэхээр ирсэн хүмүүс 550 метрийн урттай Мина туннелээр гарч байх үед агааржуулалтын системд доголдол үүсч хүчилтөрөгчгүй болох аюул учирсан тул хүмүүс гарахаар яаравчлан гүйж эхлэхтэй зэрэгцэн эмх замбараагүй байдал үүсч, хүмүүсийн хөлд дарагдаж болон хүчилтөрөгчийн дутагдалд орж нийт 1426 хүн амиа алджээ.
Жамарат гүүрний эмгэнэлт явдал, 2015 он
Бас нэгэн харамсалтай явдал Мекка хоттой холбогдож буй нь 2015 онд Жамарат гүүрний эмгэнэлт явдал билээ. Тухайн үед хүмүүс гүүрэн дээр уламжлал ёсоор чөтгөрийг бэлгэддэг 18 метр өндөр багана руу чулуу шидэхээр цугларсан байв. Гэвч 9-р сарын 24-ний тэр өдрийн 9 цагийн үед 1 метр квадрат талбайд 6-7 хүн цугларч хөл тавих газаргүй болтлоо шахцалдсан аж. Ийнхүү 40 хэм хүртэл халж байх үед гүүрнээс буух гэж буй хүмүүс болон гүүр лүү гарах гэж буй хүмүүс хоорондоо мөргөлдөж, хүмүүс халуун наранд шахцалдан амьсгалахад ч бэрх болж ухаан алдацгааж эхэлжээ. Ухаан алдсан ч амьд байсан хүмүүс дээгүүр мөргөлчид дайран гарсаар нийт 769 хүн нас барж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээллэснээр 1958-2121 хүн амиа алдсан гэсэн тоо баримт ч бий. Энэхүү үйл явдлаас сургамж авсан зохион байгуулагчид 2015 оноос хойш гүүр лүү гарах хүмүүсийн тоонд хязгаарлалт тогтоох болсон юм.
Датиа дахь гүүрний осол, 2006 болон 2013 он
2006 онд энэтхэгчүүд хинди шашны баяраа тэмдэглэхээр Датиа ордны ойролцоо олон мянгаараа цуглах үед ойролцоох гүүрэн дээр ч хүмүүс олноороо зогссон аж. Гэвч хүмүүс дунд тус гүүрийг ийм их хэмжээний даацыг авах зориулалттай бүтээгдээгүй тул нурах аюул үүсэх магадлалтай гэх яриа тарснаар хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсч 50 гаруй хүн гишгүүлж, амьсгал боогдож, гүүрнээс унаж амиа алдсан түүхтэй. Харамсалтай нь яг ийм үйл явдал ердөө 7 жилийн дараа давтагдаж 115 хүн амиай алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.