Энэтхэгийн Тамил Наду мужийн Канякумари дүүргийн оршин суугч нэгэн эр галт тэргэнд дайруулж амиа егүүтгэснийг орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Гэхдээ талийгаачийн үлдээсэн гэрээслэл дээрх түүний амиа хорлох болсон шалтгаан нь итгэмээргүй хачирхалтай байсан аж.
С. Навин гэдэг нэртэй, 32 настай байсан тэрхүү эр удаан хугацааны турш ажил олж чадаагүйдээ бухимдалтай амьдардаг байжээ. Ийнхүү тэрээр хэрэв ажилд орж чадвал бурханд талархлаа илэрхийлэхийн тулд өөрийн амийг өргөж, "түүн дээр очно" хэмээн тангараг тавьсан байна.
Удалгүй Навин "Bank of India" банкны Мумбай хот дахь нэгэн салбарт ажилд орж чадсан байна. Шинэ ажлаа эхлүүлээд 15 хоносны дараа буюу өнгөрсөн баасан гарагт тэрээр Керала мужийн нийслэл Тируванантапурам хотын галт тэрэгний буудал дээр очжээ. Тэнд Навин төмөр зам дээр хэвтэн хүлээж байгаад галт тэрэгний дугуйн доогуур орон амиа алджээ.
Ийнхүү амиа егүүтгэснээр бурханд өгсөн амлалтаа бүрэн гүйцэд биелүүлж буй хэрэг болохыг тэрээр гэрээслэлдээ дурджээ.
Хэрэг болсон төмөр зам дээр цагдаа нар яаралтай очиж, талийгаачийн цогцсыг шилжүүлсэн байна. Мөн цагдаа нар Навиныг ийм алхам хийхэд хүргэсэн өөр шалтгаан байсан эсэхийг мэдэхээр шалгаж байгаа аж.