Ерөнхийдөө тус хотын доор орших далайн ёроолд ямар ч хад чулуу, тэр бүү хэл элс шороо ч байхгүй. Хэрвээ та хотын доогуур шумбаад үзвэл дан шавраас өөр зүйлтэй таарахгүй юм.
800-аас 900-аад оны үед Венецийн анхны барилгуудыг барьж эхлэхийн тулд урт модоор багана босгож дээр нь чулуун тавцан тогтоосон түүхтэй байдаг. Чухамдаа ийм л замаар алдарт боомт хот маань цаашид өргөжин тэлсэн юм.
Орчин үед тус хотын зарим нэг хоолойн ус татрах үед тэрхүү модон багануудыг археологичид гүн малтлага хийж байж ил гаргаж ирэх нь бий.
Венец хотын доор мод биш чулуун суурь тавьж байж барилгын ажлаа эхлүүлсэн гэж зарим эрдэмтэд үздэг. Бодит байдал дээр тийм олон чулууг далайн ёроолд өрөх нь маш үнэтэй тусах байсан тул энгийн мод ашигласан юм. Хамгийн гол нь далайн ёроолд буюу хүчилтөрөгчгүй орчинд мод огтхон ч өгөршдөггүй учраас хичнээн жил болсон ч бөх бат хэвээр байдаг гэнэ.
Үүний жишээг "бриккола" хэмээх Венецийн эргэн тойронд босгосон модон багануудаас харж болно. Далайчдад байршил зааж өгөх зорилготой эдгээр баганууд маш хурдан мууддаг учраас 5 юмуу 10 жил болоод сольдог аж. Хэрвээ та сайн анзаарвал багануудын уснаас ил гарч ирсэн хэсэг нь ялзарсан байгааг харна. Далайн давс болон хүчилтөрөгч нийлсний хүчинд ийнхүү модыг маш түргэн муутгадаг байна.
Тус хотын суурийг тавихын тулд модон багануудыг ойр ойрхон зоож, дараа нь тэдгээрийг элс чулуугаар хучсан учраас агаар нэвтэрдэггүй болсон гэж үздэг юм. Гэхдээ түрүүн дурдсанчлан энэ нь дэндүү үнэтэй тусах тул усан доор модноос өөр зүйл байхгүй юм.
Өөр нэг өрөөсгөл ойлголт нь модон баганын тоог зарим эх сурвалжууд дэгсдүүлж ярьдагаас үүдсэн аж. Жишээ нь нэг баримт дээр 16-р зууны үед Basilica di Santa Maria della Salute хэмээх сүмийг барихын тулд нийт 104 мянган метр модыг далайн ёроолд зоож багана босгосон гэдэг бол зарим нь бүр 1 сая ширхэг багана босгосон хэмээн нэг тэмдэглэсэн байдаг.
2500 м2 хүрэхгүй талбайтай барилга барихын тулд тийм олон модон багана ашиглах шаардлага байхгүй л болов уу.
Ерөнхийдөө Венец хот нь эх газар болон далай дээр хуваагдан байрладаг бөгөөд усан дээрх нийт газар нутаг нь 200 км2 талбайг эзлэдэг. Дээрх сүмийн тоо баримтыг ашиглан тооцоолох юм бол ийм хэмжээний талбайг өргөхийн тулд 8 тэрбум модон багана хэрэг болох юм.
Мэдээж хэрэг хотын зарим хэсэгт явган хүний зам, гүүр, нийтийн эзэмшлийн талбай, зарим жижиг арлууд гэх мэт ямар ч барилгагүй газрууд эзэлдэг. Үүний дээр ихэнх барилга нь аварга том сүм шиг хүнд биш юм. Тэгээд ч тэрбум багана барих тийм их мод хаанаас олдох билээ?
Хамгийн байж болох тооцоогоор бол 1 сая гаруй модон багана тус хотыг барихад ашиглагдсан байна.
Үүнийг батлах хамгийн бодитой баримт гэвэл 15-р зууны үед баригдсан San Zaccaria сүм юм. Археологичид тус сүмийн доор дээд тал нь 7000 модон багана байгаа болохыг тогтоосон аж. Ямар ч том барилга байсан ийм хэмжээний баганатай бол нурах гэсэн ойлголт байхгүй байх. Харин орон нутгийн түүхчид өөрсдийгөө дөвийлгөхийн тулд тэрхүү хэдэн зуун мянга гэсэн тоог гаргаж ирсэн байх бүрэн боломжтой.
Дашрамд хэлэхэд Венецийн архитектурын өвөрмөц онцлог нь барилга бүр суваг руу харж баригдсан байдагт оршино. Учир нь эдгээр барилгуудын олонх нь хажуу ба хойд талдаа даацын ханатай байдаг аж.
Венец бодит байдал дээр ийн баригджээ:
Анх МЭ 5-р зууны үед Венети хэмээх омгийнхон Готуудаас (Өнөөгийн германчууд) дүрвэж яваад нэгэн газар ирсэн бөгөөд тэндээ төвхнөхийн тулд нэгэн шүрэн арал дээр олдсон модоороо түр оромж босгон хорогджээ. Яваандаа тэд тус газраа нутаглаж 800-900 онд анхны хотоо босгосон юм. Чухамдаа энэ л үеэс Венец Европын хамгийн том боомт хот, Ази Европыг холбосон "гүүр" болжээ. Ихэнх Европын орнууд ганцхан Венецээр дамжуулж халуун ногоо, торго дурдан, үнэт эдлэл, шаазан хэрэглэл зэргийг олж авдаг байсан юм.
Үүний тусламжтай Европын хамгийн чинээлэг газруудын нэг болсон Венец бүгд найрамдах улс болж хувирав. Мэдээж хэрэг хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд хотоо өргөжүүлэхээр эрх баригчид нь шийдсэн байна. Далайн ёроолд багана босгохын тулд тэд хойд Италиас мод, өнөөгийн Хроват улсаас шохойн чулуу зөөжээ.
Эхлээд модон баганыг шаварт зоох бөгөөд түүнийгээ ёроол дахь хатуу хөрсөнд хүрэх хүртэл нь явуулна. Тухайн барилга том байх тусам баганы хэмжээ нь нэмэгдээд зогсохгүй илүү гүн зоох шаардлагатай болно. Модон багануудын дээд талыг тэгш хэмтэй болох хүртэл нь тайраад дээгүүр нь шохойн чулуу өрсөнөөр барилга барих талбай бэлэн болно.
Гудам хоорондын усан хонгилуудыг барихын тулд мөн модоор багана хийж дээгүүр нь чулуу өрөх замаар барьжээ. Харин орчин үед тэдгээрийн засварлахын тулд цемент ашиглах болсон юм.
Венецийн хамгийн сүүлийн үеийн барилгууд нь 16-р зууны үед баригдсан. Гэхдээ тэдгээрийн доорх баганууд нь түүнээс ч хөгшин аж. Анх 11-ээс 14-р зууны үед зоосон багануудыг өдгөө ч гэсэн ашиглан дээр нь юм барьж болно гэхээр гайхалтай байгаа биз.
Жишээ нь 15-р зууны үед баригдсан San Marco-ийн цамхагийг өөр шатсан барилгын суурин дээр барьсан гэхэд итгэхэд бэрх.