Хүний биед бичний төмсөг шилжүүлэн суулгах туршилт ямар үр дүнд хүрсэн бэ?

Аугаа нээлтийг эрсдэл гаргалгүйгээр хийдэггүй гэдэг. Хүн төрөлхтөн түүхэндээ цацраг идэвхт бодисыг хүч чадал өгдөг хэмээн итгэж, түүгээр хийжүүлсэн ус, тамхи, гоёл чимэглэлийн зүйл хийж явсан ч үе бий. Үүнтэй нэгэн адил өнгөрсөн зууны хориод онд анагаах ухааны эрдэмтэд, эмч нар бэлгийн чалхгүй болсон хүмүүст өөр амьтны төмсөг шилжүүлэн суулгавал юу болохыг үзэхээр шийджээ. Өнөө үед "галзуу" мэт санагдах энэхүү туршилт тухайн үедээ гайхалтай нээлтэд тооцогдож, эрхтний донор дутагдалтай байх асуудлыг бараг шийдэх дөхөж байсан гэнэ.

Хүний биед бичний төмсөг шилжүүлэн суулгах туршилт ямар үр дүнд хүрсэн бэ?

20-р зуунд барууны эрдэмтэд анагаахын болон байгалийн шинжлэх ухааны ойлголтыг үндэслэн нөхөн сэргээлт гэх онолыг өндөр төвшинд аваачжээ. Тэдгээр эрдэмтдийн нэгэн төлөөлөл бол франц эмч Серж Воронофф болон америк мэс засалч Лео Стэнли нар юм.

Серж Воронофф буюу Сергей Воронов нь 1866 оны 7 сарын 10-нд Орост төрж, 18 насандаа Францад очин суралцаж, улмаар 29 насандаа Францын иргэншилтэй болжээ. Түүнийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын загалмайлсан эцэг гэгддэг ч тэрээр амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгавал асар их хүч чадлыг өгдөг хэмээн үргэлж итгэдэг нэгэн байв.

Тэрээр Мавританы алдарт сэтгэл судлаач Чарльз-Эдвард Браун Секварын амьтны даавар хөгшрөлийг удаашруулдаг гэх судалгаан дээр үндэслэн амьд амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгавал хүний бие эрхтэн улам хүчирхэгжиж, тэр ч байтугай залууждаг хэмээн үзжээ.

Ингээд тэрээр хамгийн анх шимпанзе бичний бамбай булчирхайг хүнд шилжүүлэн суулгасан нь бараг л амжилт олсон байна. 1917 оны эхэн үеэр тэрээр Америкийн тэрбумтан Эвелин Боствикийн тусламжийг авч чадсанаар амьтдын эрхтнийг шилжүүлэн суулгах томоохон туршилтуудыг хийж эхэлжээ.

1920 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тэрээр шимпанзегийн төмсөгнөөс хэдхэн миллиметрийн хэмжээтэй хэсгийг зүсэн авч, эрэгтэй хүний хуухнагт шилжүүлэн суулгажээ. Тэрхүү нимгэхэн эд нь удалгүй тухайн хүний төмсөгтэй нийлэн эдгэсэн тул Серж Воронофф туршилтаа амжилттай болсон гэж үзэв. Ийнхүү тэрээр 1923 онд Английн Лондон хотод болсон олон улсын мэс засалчдын нэгдсэн хурал дээр уг туршилтынхаа үр дүнг танилцуулахад танхимд байсан 700 гаруй мэс засалч алга нижигнүүлэн ташиж, баяр хүргэжээ.

Үүний дараагаар төрөл бүрийн эрхтэн шилжүүлэх мэс ажилбаруудыг зоригтой хийж эхлэв. Түүний үйлчлүүлэгчдийн дунд бэлгийн чалхаа сайжруулж, залуужих гэсэн баян эрчүүд дийлэнх байсныг дурдах хэрэгтэй. Мөн Вороноффын төрсөн дүү хүртэл түүний эмчилгээнд хамрагдсан аж.

Мэдээж энэ нь түүнд их хэмжээний эд баялаг, тансаг амьдралыг авчирсан юм. Мэс ажилбарынх нь эрэлт эрс нэмэгдсэн тул тэрээр 1925 онд Италид хувийн эдлэн худалдан авч, тэндээ шимпанзе үржүүлдэг болжээ.

Шимпанзегийн төмсөг суулгуулсан хүн 140 насалдаг (тухайн үеийн дундаж наслалтаас 3 дахин их), халзарсан хүний үс буцан ургадаг, өтгөн хаталтыг анагааж, ухаан санааг хурц саруул болгодог хэмээн Воронофф тухайн үед баталж байлаа. Түүгээр ч зогсохгүй эмэгтэй хүний биед шимпанзегийн савыг суулгах, хүний үрийн шингэнээр эмэгчин шимпанзед үр тогтоох зэрэг "ухаанаа алдсан" гэмээр туршилтууд явуулж эхлэв.

Гэтэл он жилүүд өнгөрөх тусам Вороноффын алдарт мэс заслууд ямар ч үр дүнгүй болохыг олон нийт ойлгож, анагаах ухааны нөлөө бүхий хүмүүс ч түүнийг шүүмжилж эхэлжээ.

Үнэндээ Вороноффын мэс ажилбарыг хийлгэсэн эрчүүдэд сахал нь арай урт ургаснаас өөр онцын өөрчлөлт гараагүй ажээ. Тэр үед хүний төмсөг эр даавар буюу тестостерон ялгаруулдаг болохыг анагаах ухаан олж нээгээгүй байв. Биед нь эерэг өөрчлөлт гарсныг баталж, Вороноффыг магтаж байсан цөөхөн хүмүүс байсан ч тэд ердөө л "пласебо нөлөө" буюу бидний нэрлэдгээр "санаа дагах" үзэгдлийг мэдэрсэн гэж үздэг.

Эрхтэн шилжүүлэх мэс заслын өмнөх ба дараах харьцуулсан зураг

Өнгөрсөн зууны хамгийн туршлагатай мэс засалчдын нэг Дэвид Хэмилтон "Сармагчны булчирхайн хэрэг" хэмээх номондоо амьтны эд хүний биед орсон даруйдаа гологддог, Вороноффын хэлсэн шиг шууд нэгддэггүй болохыг тайлбарлажээ. Мөн 1940-өөд онд Британийн нэр хүндтэй мэс засалч Кеннет Уэлкер Вороноффын энэ ажлыг "шидтэн, бөөгийн аргаас ч долоон дор" хэмээн хэлж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()