1
Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) 45 настай
Магадгүй дэлхийн хамгийн хүсэмжит эрэгтэй жүжигчнээр Леонардо Ди Каприог сонговол буруудах зүйл байхгүй байх. Бараг насан туршдаа ганц бие яваа тэрээр эмэгтэйчүүдийг бээлий шигээ сольдог гэдгээрээ зартай билээ.
Тэрээр залуухан, шаргал үстэй загвар өмсөгчдийг амрагаа болгох дуртай бөгөөд тэдний ихэнх нь Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр байдаг. Гэхдээ Леонардо өөртэйгөө бараг чацуу загвар өмсөгч Жизель Бюндхентэй 5 жил үерхсэн бөгөөд бараг гэрлэх санал тавих дөхжээ. Гэвч удаан хүлээж чадаагүй Жизель өөр хүний гэргий болсон юм.
Үүний дараа Лео өөр загвар өмсөгч Бар Рафеалитэй дахин 5 жил үехрхсэн ч бас л салсан аж.
Леонардо Ди Каприогийн дараагийн найз бүсгүйгээр Германы загвар өмсөгч Тони Гаррн тодорсон боловч тэд жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2014 оны 12-р сард салжээ.
Одоогийн байдлаар жүжигчин эр маань гэрлээгүй хэвээр байгаа ч цуу яриагаар бол тэрээр Аргентины загвар өмсөгч, Аль Пачиногийн дагавар охин Камила Морронетай хуримаа хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Цуурхал үнэн эсэхийг цаг хугацаа батлан харуулах биз.
2
Жэйми Фокс (Jamie Fox) - 53 настай
Жэйми Фокс хувийн амьдралынхаа элдэв мэдээллийг бусдад дэлгэх дургүй ч шар хэвлэлийнхэн түүний үйл хөдлөл бүрийг тандаж, олон нийтэд мэдээлдэг.
Тэрээр хоёр охинтой бөгөөд том нь өдгөө 27 настай бол бага охин нь 11 настай.
Гадаадын зарим хэвлэл мэдээллийн эх сурвалжууд Жэйми Фоксыг "Django Unchained" кинонд хамтран тоглосон Керри Вашингтонтой амрагийн холбоотой болсон гэж зарласан юм. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй энэ мэдээллийг удалгүй үгүйсгэж, хөлбөмбөгчин Ннамди Асомагтай гэрлэжээ.
Нэг хэсэг Жэймиг жүжигчин Кэти Холмстой үерхэж байгаа гэсэн цуурхал тарж байсан. Учир нь Кэти том малгай, хиймэл үс, хар шил зүүгээд Фокстой уулзаж байгаа папараццийн зураг ил болсноор шуугиан дэгдсэн юм.
Удалгүй тэд үнэхээр үерхэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд удаан хугацаанд харилцаагаа нуух болсон шалтгаан нь Кэти Холмсын хуучин нөхөр Том Крузтэй холбоотой. Том, Фокс хоёр 2004 онд "Collateral" кинонд хамтран тоглох үедээ сайн найзууд болсон бөгөөд Жэйми андынхаа хуучин эхнэртэй учир ургуулсан гэдэгт санаа нь зовж байсан аж.
Хэдийгээр Жэйми, Холмс нар бие биенээ хайрлаж, 6 жил хамтдаа амьдарсан ч 2019 онд салахаар болсноо мэдэгдсэн юм. Түүнээс хойш Жейми залуу, хөөрхөн бүсгүйчүүдтэй хамт явж үзэгдэх болсон билээ.
3
Жерард Батлер (Gerard Butler) - 51 настай
Арай хожуу жүжигчний карьераа эхлүүлсэн Жерард Батлер угтаа бол хуульч мэргэжилтэй байжээ. Гэвч ажилдаа байнга хоцордог, хойрго гэх шалтгаанаар халагдсан байна. Ийнхүү тэрээр дэлхий даяар алдартай, амжилттай нэгэн болно хэмээн өөртөө амласан гэнэ.
Энэ амлалтандаа Жерард 2007 онд хүрсэн байна. Тэр жил 300 кино гарсны дараа түүний царайг мэдэхгүй хүн байхгүй болсон юм.
Жерард тоймгүй олон үзэсгэлэнт эмэгтэйтэй амрагийн харилцаа тогтоож, цагийг хамтдаа өнгөрүүлж үзсэн ч тэдгээрийн нэгэнтэй нь ч гэрлэж байгаагүй.
Жерар Батлер Италийн загвар өмсөгч Мадалина Генеатай бараг хоёр жил үерхсэн юм. Тэд олон сая хүний хайрыг татсан, хараа булаам сайхан хос байсан ч эцэст нь бас л бүтээгүй гэдэг.
Жүжигчин эр 2014 оны зунаас загвар өмсөгч Морган Браунтай болзож эхэлсэн. Гэсэн хэдий ч 2016 оны эхээр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг салсан гэх цуурхал тарсан билээ.
Үнэхээр ч 2017 онд тэд салж, тус тусынхаа замыг хөөсөн нь дээр гэж шийдсэн болохоо олны өмнө албан ёсоор зарласан юм.
4
Колин Фарелл (Colin Farrell) - 45 настай
Ирландын жүжигчин Колин Фаррелл энэ оны 5-р сард 45 нас хүрсэн бөгөөд Бритни Спирс, Анжелина Жоли, Деми Мур зэрэг алдартай бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн харилцаа тогтоож байсан юм.
Тэрээр эмэгтэйчүүдийг ядах юмгүй өөртөө татаж чаддаг ч гэсэн хэзээ ч гэрлэж байгаагүй. Фаррелл Жеймс, Хенри хэмээх хоёр хүүтэй бөгөөд тэдний ээжтэй сайн харилцаатай байдаг аж.
2015 онд Sunday Times сонинд өгсөн ярилцлагадаа Колин дөрвөн жилийн хугацаанд ямар ч хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
5
Киану Ривз (Keanu Reeves) - 56 настай
Киану Ривз бол хувийн амьдралаа огтхон ч олон нийтэд "задалдаггүй" Холливудын хамгийн нууцлаг хүмүүсийн нэг юм. Шүтэн бишрэгчид нь Киану шиг наснаасаа хэд дахин залуу харагддаг сайхан эр ганц бие байгаад нь гайхсаар ирсэн юм.
2001 онд түүний хайртай бүсгүй Женнифер Сайм эмгэнэлтэйгээр нас барсны дараа жүжигчин эр хэнтэй ч үерхээгүй 20 гаруй жил болсон билээ.
Харин 2019 онд тэрээр зураач Александра Гранттай дотно харьцаа үүсгэсэн болохоо зарласан юм. Энэ хосын хэн хэн нь хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх дургүй учраас илүү нарийн асуудлыг нь зөвхөн тэдний ойр дотныхон нь л мэдэж байгаа байх. Гэхдээ ихэнх шүтэн бишрэгчид нь түүнийг аз жаргалтай байгааг хараад сэтгэл нь амарсан гэхэд буруудахгүй.