Дэлхий дээрх хамгийн хачирхалтай төрх бүхий малын үүлдрүүд

2021-04-23, 13:03
3,627

Байгаль гэдэг гайхалтай, тааварлашгүй зүйл бөгөөд дэлхий дээр оршин тогтнож буй бүхий л зүйлс амьд гарахын төлөөх тэмцэж, хувьсан өөрчлөгдөх шаардлагатай болдог. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн энэхүү хөгжилд оролцох нь ихэсчээ. Бидний нөлөөгөөр олон амьтад устаж үгүй болсны зэрэгцээгээр яолон шинэ төрөл зүйлийн амьтад ч бий болжээ. Тэдгээрийн ихэнх нь зохиомол хээлтүүлгийн аргаар гаргаж авсан тэжээвэр амьтад, малын үүлдрүүд юм.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай төрх бүхий малын үүлдрүүд

1 Башкирийн буржгар адуу

Буржгар үсээрээ ялгарах энэхүү үүлдрийн адууны уг гарлыг Якутын бүс нутаг гэж үздэг. Мэдээж хэрэг энэ адуу хүйтэнд маш тэсвэртэй бөгөөд хамгийн хүйтэн өвлийг ч ямар нэгэн нэмэлт тэжээлгүй давдаг байна. 

Харин зун болгон буржгар үс нь гуужиж, энгийн богино үсээр солигддог аж. 

Башкирийн буржгар адуу

2 Шами үүлдрийн ямаа

Өвөг дээдэстэйгээ тийм ч адилхан харагддаггүй уг ямааг Сирид зохиомол хээлтүүлгийн аргаар гаргаж авчээ.

Гэхдээ шами ямаа нь Сири болон Ойрхи Дорнодын орнуудад маш алдартай болжээ. Заримдаа ийм ямаа нэг морины үнэд ч хүрэх магадлалтай байдаг аж. Шами ямаа нь тэвчээртэй бөгөөд хүмүүс сүүг нь эмчилгээний увдистай хэмээн үздэг байна.

Шами үүлдрийн ямаа

3 Мейшан гахай

Хятадад энэхүү гахайг удаан хугацааны судалгааны үр дүнд гаргаж авчээ. Унжсан арьстай, бараан өнгөтэй, инээдтэй төрхтэй энэхүү гахайны мах нь их хэмжээний өөхтэй, тэжээллэг байдаг аж.

Мейшан гахай

4 "Бельгийн хөх" үүлдрийн үхэр

Энэ төрлийн үхэр сэргээш хэрэглэсэн мэт бодит бус харагдаж байгаа биз. Магадгүй эрдэмтэд уг үхрийг хээлтүүлэхдээ өсөлтийн дааврыг нь хэтрүүлсэн ч байж мэдэх юм.

Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь хиймэл булчин үүсгэсэнтэй холбоогүй бөгөөд харин хээлтүүлэг болон генийн үйл ажиллагааны удаашралтай хамааралтай аж. Түүнчлэн бельгийн үхэр нь огт өөхгүй, дан махтай гэнэ.

"Бельгийн хөх" үүлдрийн үхэр

5 Швейцарийн хар хошуут хонь

Хар хошуут хонь Швейцарийн Валей мужаас гаралтай бөгөөд тугал мэт оодгонож, үсэрч цовхордог хөгжилтэй араншинтай гэнэ. Бусад хониноос хачирхалтай хар нүүр, чихээрээ ялгарах тэднийг фермийн амьтад гэхээс илүүтэй Покемонтой адилтгах нь илүү дөхөх бололтой. Эгдүүтэй хонины шинжлэх ухааны нэршил нь Ovis aries ба уулын өндөрлөг хэсгийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай үүлдэр юм.

Швейцарийн хар хошуут хонь

Энэхүү хонины үүлдэр нь жилд 4 кг буржгар ноос өгдөг байна.

6 Белтекс хонь

Үхэр, хонь, гахайны эрлийз гэмээр харагдах энэхүү үүлдрийг Бельгийн тексель буюу "Белтекс" гэж нэрлэдэг байна. Цэвэр махны чиглэлээр гаргаж авсан тул бараг ноос өгөхгүй бөгөөд оронд нь жирийн хониноос 20 гаруй килограмаар илүү жинтэй болжээ.

Белтекс хонь

Белтекс хонь яс жижигтэй мөртлөө булчинлаг тул мах нь тос багатай, зөөлөн байдаг байна. 

7 Мангалика гахай

1800-аад оны үед Унгар болон Сербийн үүлдрүүдийг зэрлэг гахайнаас хээлтүүлсний үр дүнд энэхүү хонь шиг ноостой Мангалика үүлдрийн гахай бий болжээ. 

Өнөө үед энэхүү үүлдрийг аж ахуйн чиглэлээр гэхээс илүү хувь хүмүүс хобби, сонирхлын зорилгоор тэжээдэг болсон байна. 

Мангалика гахай

8 Зебу үхэр

Өмнөд Азийн бүс нутагт эрт үед үүссэн Зебу үүлдрийн үхэр нь бөх, том молцог, урт чихээрээ бусад үхрийн үүлдрүүдээс ялгарна. Уг үхэр нь халуун уур амьсгалд тэсвэртэй, хүчтэй тул Энэтхэгчүүд эртнээс уналга, ачлагад гаршуулахын зэрэгцээ мах, сүүг нь хэрэглэсээр иржээ.

Зебу үхэр

9 Анколе үхэр

Сүрлэг том эвэртэй Анколе нь Африк тивийн уугуул үүлдэр юм. Угаас үзүүр хүртэл 2.5 метр хүртэл урт ургадаг эвэр нь нарны хурц тусгалыг сарниулах, махчин амьтдаас хамгаалах зориулалттайгаар хувьсан бий болжээ.

20-р зууны эхээр Европын амьтны хүрээлэнгүүдэд цөөн тоогоор авчирсан нь яваандаа Америк хүрч, зохиомол хээлтүүлгийн аргаар эврийг нь улам урт болгожээ. Өдгөө 1500 толгой Анколе үүлдрийн үхэр дэлхий дээр байгаагаас 80 хувь нь Америк тивд байдаг аж.

Анколе үхэр

10 Рака хонь

Унгарт нэлээн эрт үед үүссэн энэхүү үүлдэр нь ноос сайтайн дээр гоёмсог мушгиа эвэртэй. Ийм эвэр рака хониноос гадна Төв Азийн "Мархор" хэмээх зэрлэг ямаанд л байдаг аж. 

Эвэр нь 60 см хүртэл ургах бөгөөд ноос нь урт, ширүүн. Хуц нь дунджаар 60 кг, эм хонь 40 кг жинтэй тул мах, сүүний зорилгоор бас үржүүлдэг. Өдгөө Рака хонь Унгарын Хортобагийн талд хамгийн ихээр тархжээ.

Рака хонь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()