Соёлт нийгмээс татгалзаж, Аляскийн зэрлэг байгалийг зорьсон залуугийн гунигт түүх

Крис МакКандлес (Chris McCandless) бол орчин үеийн нийгмээс залхаж, Аляска мужийн зэрлэг байгаль руу ганцаараа явж, тэнд амьдрахаар зориг шулуудсан амбицтай залуу байв. Гэвч 132 хоногийн дараа түүнийг нууцлаг нөхцөлд нас барсан байдалтай олжээ.

Соёлт нийгмээс татгалзаж, Аляскийн зэрлэг байгалийг зорьсон залуугийн гунигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1992 оны 9 сарын 6-ны өдөр хандгайн анд явсан 2 анчин дархан цаазтай Денали ууланд хуучны зэвэрсэн автобус байсныг олжээ. Тэрхүү орхигдсон автобус нь тухайн үеийн анчид, аялагчдын дунд алдартай байсан бөгөөд олон жилийн турш Аляска дахь замын хамгийн эцсийн зогсоолыг илтгэх нэг ёсны замын тэмдгийн үүргийг гүйцэтгэдэг байжээ.

Гэхдээ автобуснаас илүү анхаарал татсан нэг зүйл нь, хаалган дээр нь нааж үлдээсэн номын хуудасны тасархай дээр гараар бичсэн бичвэр байжээ.

Тус бичигт “Зочид минь анхаарлаа хандуулаарай. Надад та бүхний тусламж хэрэгтэй байна. Би шархадсан, үхэхэд ойрхон байна. Эндээс явган явж, тусламж гуйхад хэтэрхий сул дорой байна. Бас би энд цор ганцаараа байна. Бурханы нэрийг бодож, намайг авраач. Би та бүхний ойролцоох газар жимс түүж байгаа бөгөөд өнөө орой эргэн ирэх болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа” гэжээ. 

Уг тэмдэглэл дээр МакКандлесийн гарын үсэг байсан бөгөөд “наймдугаар сар” хэмээн он сар тавьсан байв. 

Удалгүй тус автобусанд МакКандлес өөрөө байрлаж байсан, тэндээ 19 хоногийн турш тарчилж, нас барсан нь тодорхой болсон аж. 

МакКандлесын аяллын тухай мөрдөн байцаалтын баримт бичиг маш зузаан байсан ч, түүний Аляскийн зэрлэг байгальд хэрхэн амь тэмцэж байсан тухай мэдээлэл ховор байлаа. Тэрээр бие нь өдөр ирэх тусам муудаж байгааг өдрийн тэмдэглэлдээ дэлгэрэнгүй бичиж байсан боловч түүний бие сульдах тусам бичвэр нь уялдаа холбоогүй, утгагүй болсон байв.

1992 оны дөрөвдүгээр сард МакКандлес Өмнөд Дакота мужийн Карфагенаас Аляска мужийн Фэйрбанкс руу замын унаанд дайгдан явсан нь тодорхой болов. МакКандлес Денали уул руу аялах хүсэлтэй байгаагаа хэлсний дараа жолооч, орон нутгийн цахилгаанчин Жим Галлиен түүнийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр, уулын ойролцоох Стампедийн жим дээр буулгажээ.

Галлиен хожим нь өршөөлгүй гэдгээрээ алдаршсан Аляскийн зэрлэг байгальд МакКандлес амьд үлдэж чадах болов уу гэдэгт ихээхэн эргэлзэж байснаа дурдсан байна. 

Галлиений санаж байснаар МакКандлес зөвхөн хөнгөн үүргэвч, бага зэрэг хоол хүнс, буу,  усны гуталтай байжээ. Тэр хэдийгээр маш урт аялал хийхээр төлөвлөж байсан ч, зэвэрч орхигдсон автобуснаас тийм ч холгүй буудалласан нь хачирхалтай. Хэдий автобусны цонхнууд байхгүй, нар, салхи чөлөөтэй нэвтрэх ч МакКандлес үүнийг хоргодох байр болгох боломжтой гэж үзэж байжээ. 

Тэрхүү автобусандаа МакКандлес 113 өдрийн турш амьдарсан байна. Энэ хугацаанд тэрбээр өөрийн авчирсан уут будаа, тэр хавийн ургамал ногоо, хэрэм, галууны мах зэргээр хооллон амь зууж байв. Нэгэн удаа тэр хандгай агнаж чадсан боловч бүх махыг нь идэж дуусахаас өмнө мах ялзарсан байна. Өдрийн тэмдэглэл дээр дурдсанаас харахад тэрээр туршлага багатай ч, бүх хоол хүнсээ өөрөө сайн бэлтгэж байсан нь тодорхой байв. Гэсэн хэдий ч, сүүлийн сарынх нь тэмдэглэл огт өөр дүр зургийг харуулдаг юм.

Тэнд очсоноосоо хойш гурван сарын дараа Крис МакКандлесс соёлт нийгэмд эргэн орохоор шийджээ. Ингээд тэр буцаж явахаар болов. Харамсалтай нь толгодын цас хайлж урссаны улмаас явах зам нь үерт автсан байж. Ингээд усанд автсан замыг гаталж чадаагүй тэрбээр автобусандаа буцаж иржээ. Үүнээс хойш тэрээр тэмдэглэлээ ч цөөхөн бичдэг болсон байна. Нас барахаасаа нэг долоо хоногийн өмнө тэрээр сүүлчийн бичвэрээ бичсэн нь “Үзэсгэлэнт нэрс жимс” гэсэн байжээ. Түүнээс хойш нас барах хүртлээ зүгээр л зураас тэмдэглэсэн байв. Ингээд түүнийг нас барсны дараа 132 дахь өдөр анчид түүнийг олсон байна.

Цогцсыг олсон хүмүүсийн нэг нь автобусанд орж ирээд мишок дүүрэн муудсан хоол байна гэж бодсон ч, тэр нь МакКандлесийн цогцос байжээ.

Түүний үхлийн шалтгаан өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа. Эхний таамаглал нь цагаан будаа дуусч, ан хийх тамиргүй болсноос зүгээр л өлсөж үхсэн гэж үздэг. Гэсэн хэдий ч Крис МакКандлессийн түүхийг анх таниулсан сэтгүүлч Жон Кракауер өөр дүгнэлтэд хүрчээ. Түүний идэж байсан хоол хүнсийг нарийвчлан бичсэн тэмдэглэлээс түүнийг хортой "Тагийн шимэрс"(Hedysarum alpinum)-ийн үрийг идсэн байж магадгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Эрүүл хүний ходоодны хүчил, гэдэсний бактерийг муутгадаг энэ үр тийм аюултай биш байж болох ч, хэрэв сульдсан МакКандлес үүнийг сүүлчийн хоолоо болгон хэрэглэсэн бол түүний хоол боловсруулах тогтолцоо хорыг эсэргүүцэхэд хэтэрхий сул байсан нь тодорхой.

Түүний сүүлийн тэмдэглэлүүд нь өвчин “төмсний үрээс болсон”-ыг илэрхийлдэг байна.

МакКандлессын цогцсын хамт түүний аяллынхаа үеэр авсан олон арван гэрэл зургийг багтаасан камер нь олджээ. Юутай ч тэрхүү гэрэл зургууд нууцыг улам гүнзгийрүүлсэн юм. Учир нь тэр зургууд дээр Крис МакКандлессийн бие махбоди илт доройтойж, турж байгаа нь харагдаж байсан ч, тэрээр эцсийн мөчид л тусламж хүссэн нь хачирхалтай.

Түүний үхлийн талаар олон тооны мөрдөн байцаалт явуулсан ч хариултаас илүү олон асуулт үлдсэн юм. 

2007 онд найруулагч Шон Пенн Кристофер МакКандлессын амьдрал, гунигт аяллаас нь сэдэвлэсэн "Into the Wild" хэмээх киног бүтээсэн билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()