1
Хэт ягаан туяа
Агаар мандлын озоны давхарга нүхжих тусам нарны хэт ягаан туяа шууд тусаж газрын гадаргууг халаадаг. Чухам хэт ягаан туяанаас болж хүмүүс арьсны болон нүдний хорт хавдар тусаж, хурдан хөгшрөлт явагдаж, дархлааны систем муудахад хүрдэг юм. Хамгийн аймшигтай нь өнгөрсөн 30 жилийн дотор озоны давхарга ихэд нимгэрч, онгойсноор арьсны хорт хавдраар өвчилсөн хүний тоо дэлхий дээр үлэмж нэмэгдсэн байна. Энэ нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
2
Нарны оч
Нарны оч бол маш хүчтэй тэсрэлт юм. Асах очны хүч 100 мегатонн атомын бөмбөг нэгэн зэрэг дэлбэрсэнтэй адил хүчтэй бөгөөд манай нарны аймагт болдог хамгийн хүчтэй дэлбэрэлтэд тооцогддог.
Гэхдээ энэхүү оч нь дэлхийг сөнөөхгүй боловч агаар мандлын давхаргуудыг гэмтээх чадалтай гэж НАСА-гаас мэдээлсэн. Хэрвээ ийм зүйл тохиолдвол сансрын станц, хиймэл дагуулуудад эвдрэл гарч дэлхий нийт сүлжээгүй болох магадлал ойрхон байна.
3
Титмийн масс шидэлт
Титмийн масс шидэлт гэдэг нь нарны гадаргуу дээр дэлбэрч, сансарт шидэгдэх дөлний үзэгдэл юм. Тэд хаашаа ч шидэгдэж болох бөгөөд нэг дэлбэрэхдээ маш хүчтэй сансрын шуургыг бий болгодог аж. Дээрх зургийг НАСА-гийнхан 2012 оны наймдугаар сард авчээ. Энэ нь одоогоор болсон хамгийн урт радиуст дэлбэрсэн дөл ажээ. Хэрвээ уртааш нь хэмжвэл 300.000 км элбэг хүрэх төдийгүй энэ нь дэлхийгээс сар хүрэх зайнаас үл ялиг бага гэсэн үг.
Гэхдээ энэ үзэгдэл дэлхийд хор хөнөөл авчрахгүй ч соронзон оронд нөлөөлж, огт цахилгаангүй болгох чадалтай.
4
Нарны нүх
Нарны аль ч талд хэзээ ч хамаагүй нүх үүсэж болно. Эрдэмтэд энэ жил наран дээр гурван хар нүх үүссэн байгааг олсон аж. Ийм нүх үүсэх нь нарны идэвхжилийн 11 жилийн мөчлөгт түгээмэл тохиолддог бөгөөд энэ үеэр үүсдэг салхи дэлхий рүү чиглэвэл манай гаригт соронзон шуурга үүсгэдэг аж. Үүний улмаас эрчим хүч хэлбэлзэхээс гадна хиймэл дагуулын харилцаа илт саатдаг байна.
5
Соронзон шуурга
1859 онд маш том нарны соронзон шуурга болж өнгөрчээ. Энэ нь дэлхийн соронзон оронд нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал, зөвхөн хойд туйл, Аляскад л харж болдог туяа Хавайн арал, мөн Чили улсад харагдаж байсан. Эрдэмтэд манай гариг дахин нэг хүчтэй соронзон шуурганд өртөх магадлал нь цаг хугацааны л асуудал гэжээ. Харин тэр үед хүн төрөлхтөн цахилгаан, сүлжээний саатлаас гадна өөр ямар асуудалтай тулгарахыг таашгүй.
6
Гариг хоорондын аяллыг нар маш эрсдэлтэй болгоно
Ирээдүйд хүн төрөлхтөн дэлхийг орхин өөр гариг руу нутаглахаар сансар огторгуйн аялалд гарна гэж итгэдэг билээ. Гэхдээ үүнд нарны цацраг туяа саад учруулж магадгүй юм.
НАСА-гаас мэдээлснээр сансрын нисгэгчид задгай сансарт гараад хоёр төрлийн цацраг туяанаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй болох аж. Нэг нь нарнаас ирэх бол нөгөө нь галактикийн сансрын туяа юм.
Судлаачид задгай сансар дахь энэхүү туяанаас хүний биеийг хамгаалах хувцсыг бүтээх ажилд ороод олон жилийн нүүр үзсэн. Гэхдээ шинэ гариг дээр очих хүртэл нь хүний биеийг бүрэн хамгаалж чадах чанартай болгох тал дээр илүү няхуур ажиллаж байгаа юм.
7
Дэлхийн гадаргуугийн ус татарна
Манай нар одоо бол залуу одонд тооцогддог, хамгийн тогтвортой үедээ явж байгаа. Дунджаар найман тэрбум жилийн дараа нар хөгширч эхлэх бөгөөд үүнээсээ 4.5 тэрбум жилийн дараа сөнөх ажээ.
Нар нь устөрөгч, гелиэс бүрдсэн аварга том бөмбөлөг учир тэрбум жил тутамд нарны туяа 10 хувиар тодрох буюу илүү хурц болдог. Гэхдээ нар илүү хурц шарснаар манай гаригийг сөнөөх ч чадалтай байж болно. Учир нь ийм үйл явц бий болсноор тэрбум жил тутамд дэлхийн гадаргуугийн ус татрахад хүрэх юм.
8
Гадаргуугийн ус буцална
Нарны туяа илүү хурц болох тусам дэлхийн гадаргуугийн ус ширгэх авч хойд туйлын мөс хайлж, дэлхий улам их усанд автана. Энэ үзэгдлээс болж хүлэмжийн хий үүсгэж, агаар мандалд халуун агаар бий болгох ажээ. Хожим далайн ус ширгэх хүртлээ улам ихээр халах юм. Агаар мандалд хадгалагдах ус ч мөн адил халуун байх юм.
9
Огт усгүй болно
Нар хөгшрөхийн хэрээр агаар мандалд бөөгнөрсөн усны молекул нарны хэт хүчтэй эрчимд задрах болно. Ингэснээр ус хүчил төрөгч, ус төрөгч болон хувирч үр дүнд нь дэлхийн агаар мандал үгүй болох ажээ.
10
Нар дэлхийн хамт хэзээ үгүй болох вэ?
Эрдэмтэд манай дэлхий хэрхэн сүйрэх талаар олон таамаг дэвшүүлжээ. Хэрвээ дэлхий нарнаас болж сөнөх бол энэ үйл явц хэр их хугацааны дараа болох вэ? Зарим судлаач дэлхийг тэрбум жилийн дараа үнсэн чулуу болж хувирна гэж үздэг. Харин бусад нь дэлхий үнсэн товрого болсон ч амьд биет оршсон хэвээр байна гэдэг юм.
Эрдэмтдийн таамгаар бол нар сүйрэх дөхөхөөрөө хүйтэн болох төдийгүй хожим хэмжээгээрээ томорч, гариг эрхсүүдийг өөртөө татаж хамт сүйрч дэлбэрэх гэнэ. Эсвэл нар өөрийн массаа алдаж, соронзон орон нь хүчгүй болох үед дэлхий нарнаас холдсон ч үнсэн чулуу хэвээр үлдэх юм.