Та арьсныхаа төрөлд тохируулан нүүрээ будаж чаддаг уу?

Бидний арьс "тослог, хуурай, холимог" гэсэн гурван төрөлд хуваагддаг бөгөөд тус бүрдээ өөр өөр арчилгааг шаарддаг. Бүсгүйчүүд бид өдөр бүр л өөгүй сайхан арьстай, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг ч ядаргаа, стресс болон арьсаа хангалттай сайн арчилж чадаагүй зэргээс үүдэн, энэхүү хүслээ хий хоосон зүйл болгон хувиргадаг билээ. Тэгвэл орчин үед гоо сайхны чадварлаг компаниуд, мэргэжлийн нүүр будагчдын ачаар, бүсгүйчүүд өөрсдийн арьсанд тохирсон будалт хийх, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай илүү өргөн мэдлэгтэй болж байна. Иймд таны арьс арчилгааны мэдлэгт бага ч атугай нэмэр болох үүднээс бүх төрлийн арьсанд тохирсон будалт хийх зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Та арьсныхаа төрөлд тохируулан нүүрээ будаж чаддаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Та ямар төрлийн арьстай байхаас үл хамааран, шингэн энгэсэг буюу крем түрхэхдээ дараах дүрмүүдийг баримталбал өөгүй, цэвэрхэн арьстай харагдах болно.  Үүнд:

  • Нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэх 
  • Арьсныхаа төрөлд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх
  • Арьсныхаа өнгөнд тохирсон кремийг хэрэглэх 
  • Крем түрхэхээсээ өмнө арьсныхаа өө, сэвийг далдлах зорилгоор праймер ашиглах 
  • Нөсөө толбо, хар хүрээ, арьсны улайлтаа дарах
  • "Будаг баригч" (будаг арилахаас сэргийлэх бүтээгдэхүүн) цацлага ашиглах зэрэг багтана.

 

1 Тослог арьс

Тослог арьстай хүмүүсийн нүүрэн дээр батга гарах нь түгээмэл бөгөөд тэд нүүрнийхээ тослогийн хэмжээг багасгахын тулд хэт хуурайшуулах бүтээгдэхүүнийг бодлогогүй хэрэглэдэг. Тэдний хамгийн ихээр хүсдэг зүйл бол тослогийн хэмжээгээ тогтворжуулж, нүүрээ хэт гялгар харагдуулахгүй байх юм.

Тослог арьс

1. Нүүрээ цэвэрлээд бага зэргийн чийгшил өгнө

Нүүрээ будахын өмнө ямар ч тохиолдолд сайтар цэвэрлэх ёстой. Ингэснээр крем арьсанд тань гүйцэд шингэн, цэвэрхэн, өөгүй харагдуулах болно. Тослог арьстай хүн чийгшүүлэгч хэрэглэж болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг ямагт санаж яваарай. Тийм учраас нүүрээ сайтар цэвэрлэсний дараа чийгшүүлэгч цацлага эсвэл багахан хэмжээтэй чийгшүүлэгч тосыг түрхэх хэрэгтэй. 

2. Тохирох хэрэгслийг сонго

Таны арьсан дээр батга гарах гээд байдаг бол жирийн багсны оронд зөөлөн пролон хэрэглэхийг зөвлөе. Зөөлөн пролон нь кремийг жигд, сайн тарааж өгдөг учраас арьсыг тань цэвэрхэн, будаагүй мэт харагдуулна. Хэрэв таны нүүр нүхжилт ихтэй, сорвитой бол крем түрхэхдээ "багс" ашиглах нь илүү тохиромжтой. 

3. Хэт их энгэсэг түрхэх хэрэггүй

Зарим хүмүүс крем түрхчхээд, нэмж нунтаг эсвэл шахмал энгэсэг түрхдэг. Тэгвэл ингэж зузаан давхарлах нь таны нүүрэнд үүссэн нүх сүвийг илүү их хэмжээний тос ялгаруулахад хүргэдэг ажээ. Тослог арьс угаасаа гялгар харагддаг тул, гялалзуулагчтай энгэсэгийг түрхэх нь зохимжгүй юм. Хэрэв та нүүрнийхээ аль нэг хэсэгт туяа оруулахыг хүсч байгаа бол гэрэл сүүдэр тавиад үзээрэй. 

4. Арчиж, арилгаж болохгүй

Нүүрний будгаа засах хэрэг гарсан бол кремийг шууд арчаад арилгаж болохгүй шүү. Харин үүний оронд "тос шингээгч цаас"-ыг ашиглаарай. Таны нүүрэнд бага зэргийн улайлт үүссэн бол өө дарагч ашиглан эвтэйхэн засч болно. 

2 Хуурай арьс

Амархан холцруутаж, гэмтдэг, туйлын эмзэг шинж чанартай учраас хуурай арьсыг арчилна гэдэг тун ч төвөгтэй билээ. Чийгшил дутагдсанаас болж, хуурайшсан арьсан дээр крем эсвэл хуурай энгэсэг түрхсэнээр, таны арьс илүү таагүй харагдаж ч мэдэх юм. Тэгвэл ийм тохиолдолд арьсаа хэрхэн арчлах вэ? 

Хуурай арьс

1. Гуужуулж чийгшүүлнэ

Хүн бүр арьсаа чийгшүүлэхийн ач холбогдлыг ойлгож ухаардаг хэрнээ үхэжсэн арьсаа гуужуулснаар, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд илүү сайн үйлчлэх болно гэдгийг мартдаг. Иймд таны арьс хуурайшсан бол хамгийн түрүүнд арьсаа гуужуулахыг зөвлөе. Үүний дараа өндөр чийгшилтэй тосыг нүүрэндээ түрхэх эсвэл маск тавьж болох юм. Арьсаа 2 долоо хоногт нэг удаа гуужуулж, орой бүр нүүрэндээ чийгшүүлэх тосыг тохирсон хэмжээгээр түрхэхийн зэрэгцээ ус сайн уух нь таны хуурайшсан арьсыг эмчилнэ. 

2. Тос агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэ

Арьс хуурайшиж, холцруутахаас сэргийлэх хамгийн ухаалаг арга бол тос агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх юм. Хуурай энгэсэг нь арьсны чийгийг өөртөө шингээн авдаг тул, крем хэрэглэх нь илүү зөв сонголт болно. Хэрэв таны байнга хэрэглэдэг крем арьсыг тань хуурайшуулаад байгаа бол чийгшүүлэгч тостой хольж түрхээрэй. 

3. Гэрэл тавихаа мартаж болохгүй

Гэрэл тавьснаар таны царай төрх чийглэг буюу хуурайшаагүй мэт харагдах болно. Ийм учраас шингэн гэрлийг шанаа, хамар зэрэг газраа, тохиромжтой хэмжээгээр авч түрхэхийг зөвлөе.

4. Нүүрний будгаа сэргээ

Та хуурай арьстай бол чийгшүүлэх тосыг үргэлж цүнхэндээ авч яваарай. Таны нүүрний будаг холцруутаад эхэлбэл, будгаа арилган тос болон кремээ түрхэх хэрэгтэй. Хэрэв будгаа арилгах боломжгүй байгаа бол чийгшүүлэгч мистийг цацаж арга хэмжээ авч болох юм. 

3 Хэвийн болон холимог арьс

Ийм төрлийн арьстай бүсгүйчүүд нүүр будалтын хэдхэн дүрмийг дагахад л үргэлж сайхан харагдах болно. Ингээд таны арьсыг өөгүй, цэвэрхэн харагдуулах ямар аргууд байгааг танилцуулъя.

Хэвийн болон холимог арьс

1. Нүүрнийхээ "Т" бүсэд анхаарлаа хандуул

Холимог болон хэвийн арьс нь арчилгаа бага шаардах боловч, Т бүсээ (дух болон хамар хэсэг) сайн анхаарах хэрэгтэй болдог. Иймээс гадагш гарахдаа нүүрээ гялайхаас сэргийлэх тос түрхэж, нүүрнийхээ Т бүсээ хуурай энгэсгээр дараарай.

2. Өөрт тохирсон хэрэгслийг сонго

Хэрэв таны нүүрэнд ямар нэгэн арьсны асуудал байхгүй бол ямар ч багсыг хэрэглэж болно. Хэдийгээр зөөлөн пролоноор крем түрхэх амархан боловч, багсны ком худалдан аваад багс бүрийг зориулалтынх нь дагуу ашиглах илүү үр дүнтэй байх аж. 

3. Праймер, кремийг зохистой хэрэглээрэй

Праймер болон кремээ зурагт үзүүлсний дагуу тавих хэрэгтэй бөгөөд нүүрэн дээрх нүх сүвийг бөглөрөхөөс сэргийлэн дээрээс доош чиглэлээр түрхээрэй. Будгаа шингээхэд багагүй хугацаа орно гэдгийг санаж, кремээ түрхсэний дараа хэдхэн минут нүүрэндээ будаг хүргэлгүй тэвчээртэй суухыг зөвлөе. 

4. Будаг өдрийн турш арилахгүй

Өглөө будсан будгаа орой болтол хэвээр нь байлгахыг хүсвэл праймер болон кремнийхээ завсар энгэсэг түрхэх хэрэгтэй ажээ. Энэхүү аргыг сүүлийн үеийн мэргэжлийн нүүр будагчид санал болгож байгаа бөгөөд будгийг урсаж, арилахаас найдвартай хамгаалдаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()