Тэгвэл гадаадын томоохон эх сурвалжууд түүнийг энэ том гүрнийг удирдахын тулд Их Эзэн Чингис хаанаас суралцах хэрэгтэй хэмээн бичицгээх болсон бөгөөд бид та бүхэндээ уг нийтлэлийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорьлоо.
1
Итгэлцэл дээр тулгуурлах
Чингис хааны дэлхийн талыг эзлэж, Төв Азийн цээжин дээр Монгол гэж тамгалахад түүний ур ухаан, авъяас чадвар, эрэмгий, дайчин зан чанар хамгийн ихээр нөлөөлсөн хэдий ч, үнэнч албатууд, цэрэг эрс болон ухаан бодол төгс хатдынх нь байгуулсан гавъяа, оруулсан хувь нэмрийг дурьдахгүй байж болохгүй билээ. Чингис хаан бусдыг удирдан залж, чиглүүлэх тал дээр гарамгай нэгэн байснаас гадна бусдын итгэлийг олохдоо ч мундаг байсан юм. Тэр ч үүднээсээ түүний албатууд хаандаа үнэнчээр зүтгэж, харвах сум, далайх сэлэмний өмнүүр орж, түүнийг амь биеэрээ хамгаалж, даалгасан тушаалыг нь ёсчлон биелүүлдэг байв. Тиймээс Дональд Трампийн хамгийн эхний хийх ёстой зүйл бол багаа зөв бүрдүүлж, өөрийн итгэлт хүмүүсийг хажуудаа байлгах явдал юмсанж.
2
Оновчтой шийдвэр гаргах
Шийдвэр гаргана гэдэг тэр тусмаа төрийг удирдах хүний гаргах шийдвэр маш чухал бөгөөд чухам ямар шийдвэр гаргаснаас хамаарч тухайн улс орон, ард иргэдийн одоогийн болон цаашдын хувь заяа хэрхэх нь тодорхой болдог жамтай. Тэр ч үүднээсээ Чингис хаан өнөө, маргаашаа бодсон шийдвэр гаргахаасаа илүүтэйгээр алсыг харсан шийдвэр гаргадаг байсан бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгч, Монголын Эзэнт Гүрэн байгуулагдах үндэс суурь болсон билээ. Тэгэхээр Дональд Трампийн хувьд өөрийн үзэл суртал, чиг баримжаагаа бүхний нэн тэргүүнд тавьж, одоо байгаадаа бардамнаж, сайрхалгүй алсыг харж, оновчтой шийдвэр гаргах нь чухал юм.
3
Нөхөрлөх, хамтарч ажиллах
Ямар нэгэн амжилтанд хүрэхэд хамгийн ихээр тус болох зүйл бол хамтын ажиллагаа, эвлэлдэн нэгдэх явдал юм. Үүнийг тэртээх XIII зууны үед Чингис хаан яс махандаа шингэтэл ойлгож, өөрийн үйл хэрэгтээ хэрэгжүүлж байсан бөгөөд түүний Жамуха болон Тоорил Вантай хамтран Мэргэдүүдийг дайлаар морьдсон болон дайсныхаа гарамгай жанждад итгэл хүлээлгэн, өөрийнхөө албатаар сонгож, цэрэг армийн хүчээ зузаатгаж байснаас харж болох аж. Дональд Трампийн хувьд аль улсуудтай илүү дотночилж хамтын ажиллагаа явуулах нь одоог хэр нь хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байгаа бөгөөд энэ асуудал ил болж ирснээр олон улс орнуудын ирээдүй хэрхэх нь тодорхой болох юм.
4
Үр дүнд хүрэх
Аливаа ажил, хэтийн зорилгыг ямар ч хүн, хэдийд ч тодорхойлж болно. Хамгийн чухал нь эцсийн эцэст гарах үр дүн юм. Үр дүнг нь үзэж чадахгүй бол мянга ажил эхлүүлээд, ямар нэгэн зүйл төлөвлөөд яах билээ. Хий дэмий цагийн гарз болно шүү дээ. Тэгвэл Их Эзэн Чингис хааны хувьд юу юунаас илүүтэй үр дүнг чухалчилдаг байсан бөгөөд энэ нь түүний үр дүнгээс хамаарч хэрхэх тухайгаа нухацтай бодож, дараа дараагийн шийдвэрээ гаргадаг байсантай нь салшгүй холбоотой байсан байж болох юм. Өнөөдөр Америкчууд Дональд Трампад итгэж саналаа өгсөн. Дараагийн сонгууль болоход түүнээс үр дүн л шаардах болно. Тиймээс Дональд Трамп "Би ярьж чаддаг. Бас ярьсан зүйлээ хийж чаддаг" гэдгээ баталж харуулах нь чухал аж.
5
Сонголтууд хийх
Чингис хааны өмнө хязгаар нь үл харагдах тоо томшгүй олон сонголтууд гарч ирж байсныг "Монгол нууц товчоо" болон Монголын Эзэнт Гүрэн, Чингис хааны тухай өгүүлэх олон кинонуудаас хүмүүс харж байсан. Тэр бүрт сонголт хийнэ гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгож авсан болов уу. Хүн бүрийн амьдрал сонголтоор дүүрэн байдаг. Тэр ч үүднээсээ тухайн хүний өнөөдрийн байгаа байдал тэр хүний өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн сонголтуудын үр дүн гэж хэлж, ярих нь бий. АНУ-ын будаг нь ханхалсан цоо шинэ ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн олон сонголтуудыг тойрч биш, дайрч гарах нь ойлгомжтой. Тэгвэл тэр ямар сонголтууд хийх бол? Хийх сонголтуудаа буруу байгаагүй гэдгийг батлахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй, үгүй бол анхнаасаа Чингис хаан шиг хурц мэргэн, алсын хараатай байж, зөв сонголт хийвэл зохилтой. Түүнээс гадна Чингис хаан хэзээ ч эмэгтэйчүүдийг дорд үзэж, хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж байгаагүй бөгөөд энэ явдал нь түүнийг хүчирхэг гүрэн байгуулахад ихээхэн тус нэмэр үзүүлсэн гэж ярих нь бий. Тэгвэл Дональд Трампийн баримталж буй бодлого үүнээс гажиж байгаа нь хүмүүс түүнийг агуу Америк гүрнийг доройтуулна гэж үзэхэд хүргээд байгаа ажээ.