1
Ухаалаг систем
Гар утас, компьютерийн ухаалаг систем нь хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн гайхамшигт нээлтүүдийн нэг юм. Учир нь хүн бүр л ухаалаг утас барихыг эрмэлзэх болсон. Энэ нь ч учиртай. Учир нь ухаалаг системээс бид хүссэн мэдээ мэдээлэл, шинэ аппликейшнийг татах боломжтой бөгөөд “Android market”-аас хэдийн 1.5 сая апплкейшн татагдсан байна.
2
Байршил тогтоогч
Гар утасны байршил тогтоогч технологи нь 2005 оноос бидний салшгүй хэрэглээ болсон билээ. Үүний тусламжтай бид бүхэн төөрч осолдох, тэрчлэн хайртай дотны хүнээ ч хаа явааг нь шууд мэдэх боломжтой болсноороо давуу талтай юм. Дэлхийн өнцөг булан бүрт ихэвчлэн ахлах сургуулийн хүүхдүүд тус технологийг түгээмэл хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.
3
Цахим сүлжээ
Олон нийтийн сүлжээ нь хүмүүсийн харилцаанд хамгийн том хувьслыг авчирсан гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх бизээ. Ихэнх тохиолдолд хүмүүсийн амьд харилцааг үнэгүйдүүлж, халуун дулаан уур амьсгалд саад учруулдаг ч гэлээ түүний хэрэгцээ, ашиг тус нь тоймгүй их билээ. Урьд цагт бид хоорондоо захиагаар харилцаж, гэрийнхээ утсаар ярьдаг байсан бол одоо гэр бүл, найз нөхөд түүнчлэн дэлхийн хаана ч байж болох танихгүй нэгэнтэй ганц товч дараад л танилцаж, харилцаж чадахаар болсон нь "Social media" буюу олон нийтийн сүлжээний л ач юм.
4
Компьютерийн тооцоолох систем
Элдэв тооцоолуур, өгөгдөл зэргийг тооцоолох, тэдгээрт дүн шинжилгээ хийх, хөдөлгөөнт тооцоо, хөдөлгөөн илрүүлэх, зураг сэргээх гэх мэт үйлдлүүдийг үүгээр хийж болдог. Мөн л хүмүүсийн хэрэглээний салшгүй хэсэг болсон учраас энэхүү жагсаалтанд багтаж чаджээ.
5
"Youtube"
"Youtube" бол хүмүүсийг өөрийгөө илэрхийлэх, авьяас чадвараа нээн илрүүлж, хүмүүст танигдахад том тус болсон сайт юм. Түүнчлэн шинэ мэдээ мэдээлэл, кино, клип гээд л маш олон хэрэгцээгт зүйлсийг нэг дороос авах боломжтойгоороо давуу талтай. Тиймээс ч энэ нь хүн төрөлхтний хөгжлийг зүйрлэшгүй ихээр ахиулсан юм. "Youtube"-ийг үүсгэн байгуулсан Чад Херли (Chad Hurley), Стив Чен (Steve Chen), Жавед Карем (Javed Karim) нарт бид өнөөдөр талархах нь зүйтэй.
6
iPhone
Тус брэнд нь анх 2007 онд олонд танигдаж, түүнээс хойш, бид бүхний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон. Маш олон хүмүүс "Apple" компанийн бүтээлүүдийг өдөр тутамдаа хэрэглэж, нөгөөтэйгүүр нэр хүндийн баталгаагаа ч болгож байдаг гэхэд хилсдэхгүй. Ердөө 3 сарын дотор 1 сая гаруй ухаалаг утсыг борлуулдаг гэхээр маргаангүй юм. Өдгөө тус брэндийн гар утас, зөөврийн болон суурин компьютер, таблет зэргүүд нь өндөр эрэлттэй байгаа билээ.
7
Автомат удирдлагатай машин
Автомат удирдлага нь жолоочийн аюулгүй байдлыг хамгаалах шинэ гарц болсон гэхэд болно. Учир нь үүний тусламжтай хүмүүс гэнэтийн болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах, тэрчлэн илүү тав тухтай жолоо барих боломжтой болсон юм. Гэвч асуудлын гол нь үүндээ бус. "Google" компани харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан анхны автомат удирдлагатай машинаа зохион бүтээж, амжилттайгаар туршиж үзэн, түүнээс хойш энэхүү төслөө бүр ч өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
8
Мэдрэгчтэй дэлгэц
Мэдээллийн технологид хувьсгал хийж, шинэ дэвшлийг авчирсан бүтээл бол яалтачгүй мэдрэгчтэй дэлгэц буюу "Touch Screen" билээ. Ялангуяа бидний хэрэглэж байгаа гар утсыг үүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хурууны хээ мэдэрдэг дэлгэцний тусламжтай бид цаг хугацаа хожиж, жинхэнэ утгаараа хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болсон юм.
9
iPad
“Apple” брэндийн бас нэгэн гайхамшигтай бүтээл бол яахын аргагүй “Ipad”. Авсаархан, дээр нь хаана ч хэрэглэх боломжтой тус төхөөрөмжийг дэлхий дахины хүүхэд багачууд өргөнөөр хэрэглэх болсон юм. Хэмжээгээрээ ухаалаг утаснаас том, комьютерийн дэлгэцээс жижигхэн учраас кино үзэх, тоглоом тоглох, хурал цуглаанд тэмдэглэл хөтлөх, шинэ төсөл турших гээд л тоо тоймшгүй олон талын хэрэглээгээ хөнгөвчлөх болсон билээ.
10
"GitHub"
2008 онд анх хэрэглэгчдэд танигдсан тус технологи нь өдгөө хүмүүсийн хамгийн эрэлттэй, түгээмэл технологийн нэгээр нэрлэгдэж байна. Үүний тусламжтай хүмүүс аливаа шинэ аппликейшнийг өөр хоорондоо солилцох, түгээх, боломжтой болсон юм.