“Powerco” компанийн удирдлагууд ч энэ төслийг амжилттай болгохыг хүсэж байгаа гэнэ. Тэд уг системийг цахилгаан дамжуулахад хүндрэлтэй өндөр уулын бүс гэх мэт газруудад ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. Уг технологи нь байгаль цаг уурын онцгой тохиолдлууд үүссэн ч гаднын нөлөөгүй, сааталгүй ажиллах боломжтой юм.
“Emrod” компанийн инженерүүд туршилтын эхний загвараа аль хэдийн бэлэн болгосон бөгөөд одоогоор бүрэн ажиллагаатай, хэвийн байгаа аж. Хоёр дахь сайжруулсан загварыг энэ оны 10-р сард бэлэн болгох бөгөөд бэлэн болсны дараагаар “Powerco” компанид хүргүүлэн туршилтад оруулж эхлэх гэнэ. Лабораторийн туршилтыг хэдэн сарын турш гүйцэтгэх бөгөөд амжилттай болсны дараагаар бодит нөхцөл байдалд туршиж үзнэ гэв.
Туршилтын эхний шатанд 2кватт хэмжээтэй цахилгаан дамжуулах бөгөөд уг дамжуулалт нь ямар нэгэн саадгүй, аюулгүй явагдаж байвал цаашид бага багаар кватт-ыг нэмсээр шаардлагатай хэмжээнд хүргэж шалгах ажээ.
Уг шинэ систем нь дамжуулах антен, давтамж баригч болон хүлээн авагч зэргээс бүрдэх ажээ. Давтамж баригчид нь цахилгаан соронзон долгионы тусламжтай эрчим хүчийг барьж байх юм. Энэхүү давтамж баригч болон антен, зэрэг нь нүдээр үзэхэд ердийн л дөрвөлжин, хар дэлгэцүүд байна гэв.
Шинээр бүтээсэн цацраг шингээгч материалын тусламжтай тэдний бүтээж буй уг систем эрчим хүч хүлээж авахдаа бараг 100 хувь, дамжуулахдаа 70-аас дээш хувийн чадамжтай байгаа юм.
Уг систем нь байгаль, цаг уур, орчны ямар ч нөхцөлд ажиллах бөгөөд бороо, салхи, их хэмжээний тоосжилт, шороон шуургыг ч ажрахгүй. Мөн инженерүүд уг технологийн аюулгүй байдлыг хамгийн ихээр бодолцож ажиллаж байна.
Тухайн эрчим хүч дамжуулах бүсэд өндөр мэдрэг чанартай лазер мэдрэгчид байрлуулах бөгөөд тухайн бүсэд онгоц эсвэл шувуу зэрэг гаднын зүйлс орж ирсэн тохиолдолд мэдэрч, тэр даруй унтраах арга хэмжээ авах аж. Гэсэн хэдий ч эрсдэлтэй байх талтай тул шинэ төхөөрөмжөөр эрчим хүч дамжуулахдаа маш өргөн талбайд тархаах санаачилга гаргасан бөгөөд ингэснээр тухайн бүсэд ямар нэгэн гаднын биет орж ирсэн ч дулаан өдрийн нарны тусгалтай л ижил байх гэнэ.