Дэлхийн 1-р дайныг түр зогсоосон "Зул сарын баяр"-ын түүх

1914 онд Дэлхийн I дайн болон зул сарын баярын өдрийн үеэр баруун фронтын талбарт нэгэн хачирхалтай үйл явдал болж түүхэнд бичигдэн үлджээ. Үүнийг хүмүүс "Зул сарын баярын эвлэрэл" гэж нэрлэсэн юм. Уг үйл явдал Дэлхийн I дайн төдийгүй бусад бүх дайны хамгийн хачирхалтай, ер бусын үзэгдэлд одоог хүртэл тооцогддог билээ. Хожим нэрт шог зураач болон алдаршсан Британийн армийн пулемётчин Брюс Бэйрнсфатер энэ тухай дурсамж номондоо ийнхүү бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. 

Дэлхийн 1-р дайныг түр зогсоосон "Зул сарын баяр"-ын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Рояал Уорвикширийн 1-р батальоны явган цэргүүдийн нэгэн адил би баярын үдшийг нуувчиндаа дагжин чичирч, аль болох дулаацахыг хичээн өнгөрүүлж байв. Би сүүлийн хэдэн сарын турш германчуудтай тулалдахад нэлээдгүй хугацааг зарцуулсан. Төрсөн нутаг гэр бүлийнхнээсээ алс хол хэдэн мянган километрийн зайд шавар шавхай болсон нуувчинд дааран чичирж, олон хоног нойргүй явсан. Эндээс явах ганц арга зам шархдаж түргэн тусламжийн машинд ачуулах л байлаа.

Оройн 10 цагийн үед Бэйрнсфатер нэгэн сонин чимээ гарахыг сонсов. "Та нар сонссон уу? Тэр талбайн цаана байгаа бараан сүүдэр дунд Германчууд шуугилдаж байгааг сонсож байна уу?" гэж нуувчинд байсан нэг цэрэг рүү эргэж хараад хэлэв. Ийнхүү тэд хэсэг зуур чимээгүй сонсож суув.

Германчууд жирийн л нэг "Зул сарын баяр"-ын үдэш шиг дуулцгааж байх нь тэр. Гэтэл Британийн цэргүүдийн нэг нь хаа нэгтээгээс хариу дуулж эхлэв. Гэнэтхэн Германчуудын талаас хэн нэгэн хашхирахыг сонслоо. Бид бүгд юу гэж байгааг нь сонсохоор хэсэг чимээгүй болон зогсов. Тэгтэл дахин хашхирах чимээ гарав. Герман аялгатай ч англиар "Наашаа хүрээд ир" гэж байх нь тэр. Британийн нэг түрүүч "Чи наашаа жаахан дөх. Тэгээд голдоо уулзъя" гэж хариуллаа.

1914 оны "Зул сарын баяр"-ын өдөр Британи, Германы явган цэргүүд ярилцан инээлдэж байгааг Дэлхийн 1-р дайны британийн цэрэг, шог зураач Брюс Бэйрнсфатер ийнхүү буулгажээ.

Ийнхүү Британи, Германы цэргүүд хоёр фронтын голд уулзав. Харин энэхүү болсон үйл явдал дараа нь дэлхий нийтийг гайхшруулж, түүхийг бүтээсэн юм. Дайсны цэргүүд нуувчнаасаа сандран гарч, армиа тусгаарласан өргөст тороор хүрээлэгдсэн фронтын гол шугам дээр уулзаж эхэллээ. Өмнө Британи, Германчууд зөвхөн бууны сумаар харилцахаас гадна хааяа нэг амиа алдсан цэргүүдийнхээ цогцсыг цуглуулахдаа нэгэнтэйгээ харц тулгардаг байв. Гэтэл тэр үед юу ч болоогүй юм шиг гар барилцаж, бие биендээ нөхөрсөг үг хэлэн хөхрөлдөж, хамтдаа дуу дуулцгааж, янжуур тамхи, дарс солилцож, хүйтэн шөнөөр баярын цомхон үдэшлэг хийж байсан нь үнэхээр хачирхалтай.

Бейрнсфатер нүдэндээ ч итгэж чадаагүй ба Британи, Германы армийн цэргүүдийн  алинд нь ч үзэн ядалтын харц байгаагүй бүгд жаргалтай харагдаж байв. Мөн уг хачирхалтай үйл явдал зөвхөн энэ фронтод болоогүй ба Франц, Герман, Бельги, Британийн цэргүүдийн дунд баруун фронт даяар гэнэтийн гал зогсоох аман бус хэлэлцээр байгуулж, зүүн фронтын зарим хэсгээр ч бас галыг зогсоожээ. Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр албан бус баярын эвлэрэл ганц биш хэд хэдэн өдрийн турш үргэлжилсэн хэвээр байсан гэлцдэг. 

Тус баярт оролцсон цэргүүдийн хувьд тэдний тэвчин туулж ирсэн тамаасаа чөлөөлөгдөх мэт санагдаж байсан нь гарцаагүй. Зургаан сарын өмнө анх дайн эхлэхэд ихэнх цэргүүд дайн хурдан дуусаж гэртээ харин дотны хүмүүстэйгээ уулзана гэж бодож байв. Харамсалтай нь дайн дөрвөн жил үргэлжилсэн төдийгүй тэр үеийн хамгийн цуст мөргөлдөөн болж хувирсан билээ.

Аж үйлдвэрийн хувьсгал минутад хэдэн зуун сумаар шүрших боломжтой галт зэвсгийг олноор үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй хэдэн зуугаар нь сөнөөгч онгоцыг богино хугацаанд маш эрчимтэй үйлдвэрлэж байлаа. Төд удалгүй Орос болон Германы талын цэргүүдийн сэтгэлийг гонсойлгосон нэгэн үйл явдал болсон нь 1914 оны 8-р сард Танненбергт Оросууд ялагдал хүлээж долоо хоногийн дараа Марнегийн тулалдаанд Германчууд ялагдал хүлээсэн явдал юм.

1914 оны өвөл хүйтний эрч чангарах үед Баруун фронт хэдэн зуун миль сунаж хүрээгээ тэлж байв. Тоо томшгүй олон цэргүүд фронтын шуудуунд зовлонт амьдралыг туулж байхад хэдэн арван мянган цэрэг аль хэдийнээ алагдсан байлаа. Төд удалгүй зул сарын баяр ирлээ.

"Зул сарын баяр"-ын эвлэрлийн талаар олон тооны өдрийн тэмдэглэл, ил захидлуудад дурдсан байдаг. Их Британийн цэрэг Ж.Ридинг 1914 онд баяраа хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа “Зул сарын баярын өдөр манай рот галын шугамад байсан ба нэгэн балгас болсон байшин руу очиж зул сарын баярын өглөө 6:30 хүртэл харуулд гарсан. Гэтэл хар өглөөгүүр Германчууд англиар дуулж, тэр ч бүү хэл "Чи буудлагын бригад мөн үү, та нарт илүү архи бий юу? Голдоо уулзъя” гэж хашхирч эхэлсэн гэж ил захидалдаа буулган эхнэртээ явуулжээ. Түүнчлэн "Хожим тэд бидний өөдөөс чиглэн ирэхэд манай цэргүүд тэдэнтэй уулзахаар хөдөлсөн. Би тэдний заримтай бүр гар барьсан. Тэд бидэнд янжуур, навчин тамхи өгч бас бус юм солилцсон. Тэр өдөр бид нарын хэн ч гал нээгээгүй. Бүх зүйл үнэхээр нам гүм байсан тул яг л зүүд шиг санагдаж байлаа" гэсэн байв. 

Бусад өдрийн тэмдэглэл, захидлуудад Германы цэргүүд нуувчныхаа хажууд зул сарын гацуур модыг лаагаар гэрэлтүүлж байсан гэж бичсэн байдаг. Нэг Германы явган цэрэг өөрийн тэмдэглэлдээ "Английн нэг цэрэг бид нарын үсийг засаж өгөөд оронд нь хайрцаг тамхи авч байсан" хэмээн дурджээ. Мөн бусад эх сурвалжуудад зарим цэргүүд дайсныхаа талын нас барагсдыг цуглуулахад тусалж байсан гэж бичсэн байдаг.

1914 оны "Зул сарын баяр"-ын эвлэрлийн үеэр хоёр фронтын голд хөл бөмбөг тоглож буй хоёр армийн цэргүүд

Английн цэрэг Эрни Уильямс хожим ярилцлагадаа мөс болсон талбай дээр хөл бөмбөг тоглож байсан тухайгаа дурсахдаа "Бөмбөг хаа нэгтээгээс л гараад ирсэн. Хоёр талд хаалга хийгээд бид хөл бөмбөг тоглосон. Миний бодлоор 200 орчим хүн оролцсон" гэж бичжээ. Германы явган цэргийн Саксонс 134-р ангийн дэслэгч, сургуулийн багш Курт Земишч Англи, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг ба өдрийн тэмдэглэлдээ "Англичууд гэнэтхэн нуувчнаасаа хөл бөмбөгийн бөмбөг гаргаж ирсэн. Нөхөрсөг бөгөөд ширүүн тоглолт боллоо. Үнэхээр гайхалтайгийн хажуугаар сонин хачирхалтай өдөр байсан. Ийнхүү "Зул сарын баяр"-ын өдөр атаат дайснууд хэсэг хугацаанд ч гэсэн найзууд шиг цагийг хөгжилтэй өнгөрөөж чадсан юм" гэж эртний герман хэлээр товч бичиж үлдээсэн байна.

Зул сарын эвлэрлийн тухай мэдээ жилийн дараа хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн. 1915 оны 1-р сарын 15-ны өдөр "The Irish Times" сонинд гарсан нэгэн Англи цэрэг захидалдаа "Энэ зул сарын баяр бидний хэнд ч тохиолдож байгаагүй хамгийн ер бусын зул сарын баяр байсан. Англи, Герман цэргүүд амиа алдсан нөхдийнхөө хажууд тойрон сууцгааж хоорондоо юм ярьж хөхрөлдөж байлаа. Германчууд нэлээд эелдэг байсан" гэж бичжээ. Эдгээр албан бус баярын цугларалтад нийт хэчнээн цэрэг оролцсон нь одоо маргаантай байдаг ба "Time" сэтгүүлийн 100 жилийн ойд зориулсан тусгай дугаарын мэдээнд 100 мянга гаруй хүн оролцсон гэж нийтэлж байжээ.

Эцэст нь зул сарын баярын эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр байхаа болив. Английн байлдагч Перси Хаггинсыг дайсны явган цэргүүдтэй хамт амарч байхад Германы мэргэн буудагч толгойд нь буудаж амийг нь хөнөөлөө. Түүний өшөөг авахаар зэхсэн Английн нэгэн түрүүч мөн адил мэргэн буучийн гарт алагдсан байдаг. Нэгэн герман цэрэг зул сарын эвлэрлийн үеэр цэргүүдээ "Дайны цагт ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Чамд эх орноо гэх сэтгэл алга уу?" гэж 25 настай Адольф Гитлер бусад цэргүүдийг загнаж байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

Тус хачирхалтай баярын үзэгдэл хоёр талын армийн дээд тушаалтнуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн. 1914 оны 12-р сарын 7-нд Ромын Пап лам Бенедикт тулалдаж буй улс орнуудын удирдагчдаас Зул сарын баяраар "Ядаж сахиусан тэнгэрүүд дуулах шөнө буун дуу битгий гарга" гэж гуйж байжээ. Гэвч энэхүү хүсэлтийг аль аль талууд төдийлөн хайхраагүй билээ. Цэргүүдийн эвлэрэл анх хоёр армийн удирдагчдын чихэнд хүрэхэд тэд ихээхэн гайхаж сандарч байжээ. Армийн дээд тушаалтнууд цэргүүдийг дайснуудтайгаа анд нөхдийн холбоо үүсгэсэн гэж шийтгэдэг байсан бөгөөд ийм зүйл дахин хэзээ ч давтагдах ёсгүй гэсэн тушаал хүртэл гаргаж байжээ.

Дэлхийн I дайн ойролцоогоор 15 сая хүний амь насыг аван оджээ. Үүнээс хойш зул сарын баярын эвлэрлийн үзэгдэл ахиж хаана ч болоогүй гэдэг. 1914 онд болсон энэхүү уулзалтуудаас харахад дайнд мангасууд биш харин хайрлах энэрэх сэтгэлтэй хүмүүс тулалдсан хэмээн олон нийт дурсан санацгаадаг. Дайны дараахан энэхүү үйл явдлыг олон жилийн турш урлагийн бүтээлээс эхлээд дэлгэцийн бүтээл, зар сурталчилгаа, дуу хөгжим зэрэг бүхий л хэвлэл мэдээллийн томоохон сэдэв болгож тод томруунаар дүрслэн олон нийтэд хүрч байв.

Энэхүү зул сарын баярын эвлэрлийн дурсгалын хөшөөг Английн хунтайж Уильям зориулан барьсан ба Дэлхийн I дайны 100 жилийн ойн хүрээнд Англи, Германы хөл бөмбөгийн шигшээ баг 1914 онд болсон цэргүүдийн хөл бөмбөгийн тоглолтыг дурсах зорилгоор Англид хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийж байжээ. (Англи 1:0-ээр хожсон.)

Британийн цэрэг, шог зураач Брюс Бэйрнсфатер энэхүү түүхэн чухал мөчийг "Энэ бүхнийг эргэн харахад би хэцүү дайныг туулж маш их зовсон хэдий ч тэрхүү өвөрмөц, хачирхалтай зул сарын баярын гэрч болсондоо үргэлж баярлаж өөрийгөө азтайд тооцож явдаг" хэмээн өөрийн тэмдэглэлээ төгсгөн бичжээ.

1914 оны "Зул сарын баяр"-ын эвлэрлийг дурсан Английн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд хөл бөмбөгийн дурсгалын хөшөө цогцолбор сүндэрлүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()