Хиймэл оюунаас болж бид ирээдүйгүй болох уу?

Хэдий боломжгүй мэт санагдаж болох ч хүн төрөлхтөн хэдийн ирээдүйг харахын тулд хиймэл оюуныг ашиглаад эхэлжээ. Алгоритмын тусламжтай томоохон компаниуд ойрын ирээдүйд юу шаардлагатай, дайн тулааны үед улс орнууд эсрэг тал нь ямар үйлдэл гаргах вэ гэдгийг тооцоолдог болоод удаж байна.

Хиймэл оюунаас болж бид ирээдүйгүй болох уу?

Өдөр ирэх тусам ийм төрлийн технологи амьдралын бүхий л салбарт нэвтэрч байгаа гэхэд болно. Хүн байхын утга учир нь саад бэрхшээлийг даван туулах чадвар гэдэгтэй та санал нийлэх биз. Абрахам Линкольн, Махатма Ганди, Мари Кюри, Хелен Келлер, Роза Паркс, Нелсон Мандела зэрэг хүмүүс хүнд хэцүүг даван түүхийг бүтээж хөгжлийг урагшлуулсан. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан хүмүүсийг ангилж, тэдний ирээдүйг урьдчилан таамаглаж, түүнд нийцүүлэн гаргаж эхэлснээр тийм хүмүүс төрөх нь бүү хэл компьютер өөрөө ч тооцоолж чадахааргүй эрсдэл үүсэх аюултай.

Эрт цагт Грекчүүд Дельфийн зөнчдөөс ирээдүйн тухай мэдэж авдаг байсан бөгөөд тэдний зөн билэг дээр дээр үндэслэн дайн хийдэг байжээ. Зөнчид энд тэндээс сонссон мэдээлэл дээр тулгуурлан зөгнөл гаргана. Харамсалтай нь тэдний зөн билэг Грекийн хот улсуудыг мөхлөөс аварч чадаагүй.

Үүнтэй төстэй байдал одоо тогтох гэж байна. Жишээ нь компаниуд цэвэр хиймэл оюуны тооцоолол дээр тулгуурлан шийдвэр гаргадаг болсон. Жишээ нь Ford компанийн шинэ машин дээр ямар нэг загварын алдаа гарсан гэж бодъё. Тус компани энэхүү алдааг засахын тулд бүтээгдэхүүнээ эргүүлэн татах эсвэл үүнээс болж үүсэх шүүхийн заргын аль нь илүү зардалтай болохыг тооцоолохоор боллоо. 

Ford 100,000 хүн тутмын хэд нь машинтайгаа осолдох вэ гэсэн тооцоог өмнөх тоо баримтууд дээр тулгуурлан бүтээсэн алгоритмын тусламжтай тооцоолж болно. Үүн дээр тулгуурлан тэд шийдвэрээ гаргав. Гэвч бодит байдал дээр тэдний гаргаж ирсэн тоо яавч нийлэхгүй шүү дээ. 

Хамгийн гол алгоритмын гаргаж ирж байгаа тооцоолол нь бодит баримт бус харин таамаглал гэдгийг хүмүүс мэдсээр байж түүнд найддаг. Харамсалтай нь томоохон байгууллагууд, засгийн газрын агентлагууд алгоритмаар гаргаж ирсэн дүн шинжилгээг жинхэнэ бодит баримт хэмээн шууд тулгадаг. Магадлалын онолд тулгуурласан ямар ч алгоритм 100 хувь биелэх таамаг дэвшүүлж чадахгүй. Учир нь хүн өөрөө алгоритмыг зохиодог бөгөөд хүний тархи магадлалыг хэзээ ч төгс ойлгож чадахгүй. Хэрвээ чаддаг байсан бол ийм "дэвшилтэт технологи" гаргаж ирэх шаардлагагүй байсан нь мэдээж. 

Хиймэл оюуны хамгийн том сул тал нь өөрчлөлтийг тооцоолох чадвар байхгүйд оршино. Хүний хамгийн том давуу тал бол байнга хувьсан өөрчлөгдөх чадвар билээ. Чухамдаа ямар ч хиймэл оюун хүнд гарах өөрчлөлтийг тооцоолж чадахгүй учраас ирээдүйг нь хэзээ ч зөв таамаглахгүй. 

Харамсалтай нь хиймэл оюун аль хэдийн дэндүү хүчирхэг болсон учраас алдаа дутагдлыг нь хүмүүс анзаарахгүй байна. Жишээ нь Facebook-ийн алгоритм аль нэг постыг олон хүнд хүрнэ гэж үзээд түүнийг аль болох дэмждэг. Үүнийг дагаад тухайн пост үнэхээр алдартай болох нь мэдээж. 

Эцэст нь хэлэхэд урьдчилан таамаглах алгоритмын үндсэн дээр хүний хувь заяаг шийдсэнээр бид хүмүүсийг робот болгож байна. Магадлалыг сорьсон хүмүүсийн эр зориг нь бүхэл бүтэн үндэстнийг аварсан гэдгийг санах хэрэгтэй. Цөөн тооны цэргүүд тоогоор хавьгүй олон дайсанг дарж байсан тохиолдол бишгүй олон шүү дээ. Эсвэл Ганди, Нелсон Мандела зэрэг хавчлага дунд байсан хүмүүс түүнийг сөрж амжилтад хүрсэн түүх ч зөндөө. Тэд хувийн болон мэргэжлийн амьдралдаа хэлж баршгүй бэрхшээлийг даван туулж дэлхий нийтэд боломжгүй зүйл гэж байхгүйг харуулсан. Чухамдаа хиймэл оюунаас болж бид саадыг давах хүчгүй, хүсэлгүй болох дээр тулаад байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()