Нидерланд дахь бүх иргэд нь зөнөсөн тосгон

Амстердамаас 20 км-ийн зайд орших Хогьюи тосгоныг анх харахад Нидерландын бусад хотоос ялгагдах юмгүй харагдана. Хотын оршин суугчид дэлгүүр явж, кино үзэж, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлнэ. Гэвч энэ бүхэн бодит төрх биш гэнэ. Оршин суугчдыг 24 цагийн турш камер хянадаг бөгөөд дэлгүүр, цэцэрлэгч, шүдний эмч гээд бүхий л хүмүүс энэхүү худал хуурмагийн нэгээхэн хэсэг болдог юм.

Нидерланд дахь бүх иргэд нь зөнөсөн тосгон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үнэн хэрэгтээ Хогьюи (Hogewey) бол өндөр настны асрамжийн газар юм. Уг тосгоныг сэтгэцийн өвчнөөр өвчилсөн, оюуны доройтолд орсон хүмүүст зориулж босгосон аж. Энэхүү асрамжийн газар бол бид бүхний харж дассан асрамжийн газраас тэс өөр. Бидний мэдэх асрамжийн газрын өвчтөнүүд урт хонгилтой, нэгэн хэвийн уйтгартай саарал байшинд амьдарна. Харин Хогьюи тосгонд эдгээр  иргэдэд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг аж. Тэд энгийн байшинд амьдарч, театр, хүнсний дэлгүүр, шуудангийн хайрцаг, цэцэрлэгт хүрээлэн, өөрийгөө хөгжүүлэх клуб гээд хүссэн газраараа үйлчлүүлэх боломжтой. Хамгийн гол нь үүдний цэвэрлэгч, худалдагч, зөөгч гээд бүх хүмүүс Хогьюигийн ажилчид бөгөөд энэ нь өндөр настнуудыг хуурч байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Тосгонд нийт 150 оршин суугч, 250 ажилтан байдаг аж.

Энэхүү өвөрмөц асрамжийн газрын төслийг анх Ивонн ван Амеронген (Yvonne van Amerongen)  санаачилжээ.  Тэрээр голландын уламжлалт өндөр настны асрамжийн газар ажиллаж байсан юм. Ийнхүү өндөр настнуудын өдөр тутмын амьдралыг удаан хугацааны туршид ажигласан Ивонн тэдний амьдралыг илүү аз жаргалтай болгохыг хүссэн байна. Ван Амеронгенд гайхалтай санаа орж ирсэн боловч тэрээр өөрийн энэхүү санааг хэрэгжүүлэхэд туслах санхүүжилтийг 20 жилийн турш хайсан аж.

Хогьюи хотхон 2009 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд 32 давхар бүхий барилгатай энэхүү хотод бүх зүйл орчин үеийн стандартын дагуу. Хотхон 7 га орчим газар нутгийг эзэлнэ. Байр бүрд 6-7 гэр бүл амьдарна. Хөршүүдийг өөрсдийн сонирхлын дагуу нэг байранд оруулж,  гэрийн дотоод заслыг ч сонирхолд нь нийцүүлж хийсэн байдаг. Тэд дундаа 1-2 асрагчтай.

Оршин суугчид өөрсдийн хүсэл сонирхолд нийцэхүйц хоолны цэс, өдөр тутмын үйл ажиллагаагаа сонгодог. Зарим хүмүүс тосгоны кафе эсвэл ресторанд өдрийн хоолоо идэх боломжтой. Сар бүр хотын оршин суугчдад хуурамч мөнгө тараадаг бөгөөд тэд мөнгөөрөө дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдаж авах, ресторанаар үйлчлүүлэх гэх мэтээр зарцуулна. Заримдаа оршин суугчид дэлгүүрт ирж хэрэгтэй зүйлээ аваад гарах нь энгийн үзэгдэл.

Сэтгэцийн өвчнийг эмчлэх хамгийн чухал ойлголт нь автономит байдлыг мэдрүүлэх явдал юм. Зарим өвчтөнүүдийн хувьд жижиг зүйл ч чухал үүргийг гүйцэтгэдэг. Ажилчид тэднийг ямар кофе уух дуртайг мэдэх боловч өдөр бүр сүүтэй кофе уух уу элсэн чихэртэй кофе уух уу гэх мэтээр асуух болно. Энэ нь тэднийг одоог хүртэл өөрөө бүх зүйлийг шийдвэрлэх чадамжтай гэдгийг илэрхийлж байгаа юм. Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралтай байх нь сэтгэл зүйн өвчлөлийг эмчлэхэд маш тустай. Хогьюигийн иргэд бага эм хэрэглэж, хангалттай сайн хооллож байгаа учир энгийн асрамжийн газрын өвчтөнүүдээс илүү удаан, аз жаргалтай амьдарч чаддаг.

Хогьюигийн амжилт нь бусад орнуудад энэ төрлийн асрамжийн газар байгуулах санаа өгч байгаа гэнэ. Жишээлбэл: Канад, Кенте, Англи болон Кентерберигээс холгүй газар сэтгэцийн өвчтөнүүдэд зориулсан асрамжийн газрыг аль хэдийн байгуулсан байна. Мэдээж шинэлэг санаа бүхэн шүүмжлэлд өртдөг. Зарим хүмүүст сэтгэцийн асуудалтай хүмүүсийг ийнхүү хууран мэхэлж байгаа нь таалагдахгүй байгаа гэнэ. Харин зарим нь үүнийг тийм ч буруу зүйл биш гэж үзнэ. Судлаачдын дүгнэлтээс харахад хэдийгээр тэд хязгаарлагдмал, алслагдмал орчинд амьдарч байгаа ч аз жаргалтай харагдаж байна гэжээ. Энэ л төслийн гол зорилго юм.

Тосгоны ажилчдын гол үүрэг нь өвчтөнүүдийн хэрэгцээг хангах явдал юм. Тиймээс энэхүү тосгонд амьдарснаар өвчтөнүүд өөрийгөө бие даасан, өөрийн амьдралыг өөрөө хариуцаж буй нэгэн мэтээр хүлээж авна. Альбертагийн их сургуулийн дизайнер, антропологич Меган Стрикфаден (Megan Strickfaden) "Хогьюид хуурамч зүйл гэж үгүй. Энэ бол бас л нэг энгийн амьдрах орчин. Үүнийг хууран мэхлэлт гэж ойлгож болохгүй. Эдгээр хүмүүс хүнсний дэлгүүрт орох, төрөл бүрийн арга хэмжээ үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхтэй” гэжээ.

Сэтгэцийн өвчин нь ихэнхдээ сэтгэл түгшилт, өөртөө итгэлгүй байдал, анхаарал халамж дутагдсанаас болж үүсэх асуудлуудтай холбоотой болохыг олон судалгаагаар баталсан байна. Харин Хогьюигийн бүх оршин суугчид аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг аж. Тосгонд хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчтэй болон Альцгеймерийн өвчтэй хүмүүсийг л хүлээж авдаг. Хэн нэгэн нас барах үед л ажлын орон тоо гардаг. Сэтгэцийн өвчтэй иргэдэд зориулсан хотхоны хөрөнгө оруулалтыг Нидерландын засгийн газар хийдэг бөгөөд барилга 25 сая гаруй доллароор бүтсэн байна. Нэг хүний зардал сард дунджаар 8000 доллар болдог ч өвчтөний гэр бүлийн гишүүдээс нь сард 3600 долларын төлбөр авч, голландын засгийн газраас татаас авах замаар зардлаа нөхдөг аж. 3600 доллар гэдэг энгийн асрамжийн газраас ч илүү хямд үнэтэй болж байгаа юм.

Энгийн өндөр настны асрамжийн газар үйлчилгээний доголдолтой байх нь элбэг. Жишээлбэл: өндөр настнуудтай таарамжгүй харьцсанаас болж тэд сэтгэл зүйн дарамтад ордог. Үүнээс гадна гадаа гарах нь маш ховор. Харин Хогьюид идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчилдаг. Сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүст бүрэн цогц эмчилгээ хийх нь Хогьюигийн ажилчдын гол зорилго байдаг. Ихэнх тохиолдолд аль ч газар сэтгэцийн асуудалтай хүмүүсийг олон нийтээс бүрэн тусгаарладаг. Гэтэл сүүлийн үеийн судалгаанаас харахад энэ нь тархины эсийг дэмждэг миелинд сөргөөр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтад байх нь өвчтөнүүдийн биеийн байдлыг улам хүндрүүлэх магадлалтай гэсэн үг юм.

Уламжлалт өндөр настны асрамжийн газар өвчтөнүүдэд хандаж "Та нар өвчтэй, та нар өөртөө анхаарал хандуулж чадахгүй, та нар тогтмол бүх  зүйлийг мартдаг гэж ойлгуулдаг". Харин Хогьюид иргэд гэртэйгээ ижил орчинд амьдарч байгаа учир гэртээ байгаа мэт мэдрэмжийг авч илүү тайван байдаг гэнэ. Хогьюи тосгон байгуулагдсанаас хойш АНУ, Их Британи, Ирланд, Герман, Япон, Норвеги, Швейцарь, Австралийн сэтгэцийн өвчний мэргэжилтнүүд дэлхий даяар тулгарч буй энэхүү томоохон асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулж байгаа аж. Хэдийгээр бусад оронд энэ төрлийн асрамжийн газрууд байгуулагдаж байгаа ч хэт өндөр зардалтай байгаа нь асуудал дагуулж байгаа юм.

Хогьюид хэн ч сэтгэцийн өвчин, ой тогтоолт муудах өвчний эсрэг эмийг гаргаагүй ч орчноосоо хамаарч өвчтөнүүд биеэ тэс өөрөөр авч явж байгаа гэнэ. “Энэ бол аймшигтай өвчин. Гэхдээ Хогьюигийн тусламжтайгаар энэ өвчнөөс айх айдас минь багассан” хэмээн Хогьюигийн оршин суугчдын нэгний охин болох Элли Гедхарт (Ellie Gedhart) хэлсэн байна. Энэхүү тосгоны иргэд өдөр бүр аз жаргалтай, сэтгэл хангалуун  амьдарч байгаа юм.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()