Владимир Зеленский: НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд ОХУ байх эрхгүй

2022-04-07, 12:50
962
Владимир Зеленский: НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд ОХУ байх эрхгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан Улаанбаатарын цагаар 22 цагт эхэлж гишүүн 15 улс Украины асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд ОХУ-ын НҮБ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя “Зөвлөлийг тэргүүлж буй Английн төлөөлөгч Украины Буча хотод хядлага явуулсан гэж манай улсыг гүтгэсэн асуудлыг хэлэлцэх бидний саналыг хоёр удаа хэрэгсэхгүй орхиж Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дүрмийг ноцтой зөрчлөө” гэж шүүмжлэв. Хариуд нь уг хурлыг даргалж буй Их Британийн Байнгын төлөөлөгч Барбара Вудворд “Бид танай саналыг хэрэгсэхгүй орхиогүй. Бусад гишүүн улсуудаас оруулсан Украины асуудалтай хамт эсвэл урд нь үгүй бол хойно нь хэлэлцье гэсэн. Та нар татгалзсан. Иймээс бид дүрэм зөрчөөгүй” гэж мэдэгдэв.

Ийнхүү хурлыг даргалж буй Их Британийн Байнгын төлөөлөгч Барбара Вудворд хуралдааны дүрмийн дагуу Украины төлөөлөгчийг урьж суулган “Энэ хуралдаанд Украины ерөнхийлөгч цахимаар оролцож үг хэлэх бөгөөд хэрэв техникийн саатал гарвал бид Украины төлөөлөгчийн үгийг сонсох болно” хэмээн мэдэгдэв. Мөн тэрээр Хүний эрхийн дээд комиссарыг хуралдаанд урьж оролцуулж буйг сонсгоод хуралдааныг нээж НҮБ-ын ерөнхий Нарийн бичгийн даргыг үг хэлэхийг урив. Антонио Гутерриш “Украины дайн даян дэлхийд тулгарч байсан том хямралын нэг болчихоод байна. Байлдаж буй талуудаас гадна бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол үүссэн нь бусад улсууд ялангуяа хөгжиж буй улсуудад том аюул учруулаад байна. Энэ дайнаас нийт 10 сая хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа нь дэлхийн II дайнаас хойш бий болсон хамгийн том хүмүүнлэгийн гамшиг болоод байна. Энэ дайныг зогсоох тухай Аюулгүй байдлын зөвлөлийн хоёр ч тогтоол гарсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй” гэв. Мөн тэрээр “Буча хотод алагдсан энгийн иргэдийн зургийг би хэзээ ч мартахгүй” гээд энэ асуудлаар тусгайлсан мөрдлөг заавал явуулах ёстойг цохон тэмдэглэв.

Үүний дараа НҮБ-ын ерөнхий Нарийн бичгийн даргын орлогчид болох Розмари ДиКарло, Мартин Гриффитс нар Украинд яг юу болоод байгааг товч илтгэв. ДиКарло “Украины хотуудыг оросууд ямар ч сонголт хийхгүй, хайр найргүй утсгаж байна. Оросууд олон улсад хориглосон задардаг хөнөөлт бөмбөгийг энгийн украинчуудын эсрэг 24 удаа хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна” гэв. Харин Гриффитс “НҮБ-д ирээд буй мэдээгээр Украины дайнд 1480 энгийн иргэн амь үрэгдэн, 2195 энгийн иргэн шархадсан гэдэг нь тогтоогдоод байна. Амь үрэгдэгсдийн 331эрэгтэй, 211 эмэгтэй, 22 охин 40 эрэгтэй хүүхэд, 61 нялх балчир хүүхэд байна. Энэ нь мэдээж бодит тооноос хамаагүй бага тоо” хэмээн цохон тэмдэглэв. Мөн Хүний эрхийн дээд комиссар “Оросын цэргүүд хүүхдүүдийн нүдэн дээр хүчингийн хэрэг үйлдэж байгаа мэдээ, бүр нэг эмэгтэйг олон орос цэрэг хүчиндсэн тухай мэдээнүүд НҮБ-д ирсэн. Үүнийг заавал шалган тогтоож гэм буруутанд хариуцлага тооцох ёстой болоод байна. Мөн ОХУ-д дайныг эсэргүүцсэн олон арван мянган энгийн иргэдийг баривчилж байгаа явдлыг ч мөрдөн шалгах ёстой” гэв.

Үүний дараа Украины ерөнхийлөгч цахимаар оролцож үг хэлэв. Владимир Зеленский Буча хотод болсон хядлага болон НҮБ-ыг өөрчлөх талаар үг хэлэв. Тэрээр “Оросын цэргүүд манай Буча хотыг орхин гарахдаа хийгээгүй үлдээсэн нэг ч гэмт хэрэг байхгүй. Өнөөдөр 2022 он. Зураг авдаг хиймэл дагуул гэж бий. Украин улс энэ гэмт хэргийг олон улс болон Олон улсын Гэмт хэргийн шүүхтэй нягт хамтран ажиллаж мөрдөх ажиллагаа явуулахыг хүсч байна” хэмээн цохон тэмдэглэв. Тэрээр мөн “НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл энэхүү байгууллага энэ үүргээ огт биелүүлж чадахгүй болчихсон байна. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн улсын хориг тавих эрх хүн алах эрх болон хувирдаг явдлыг таслан зогсоох цаг болсон. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд ОХУ байх эрхгүй. Иймээс ОХУ-ыг энэ зөвлөлөөс зайлуулах цаг болсон. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд өөрийгөө эрс өөрчлөх, эсвэл татан буугдах гэсэн хоёр л зам байна” хэмээн мэдэгдэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцож үг хэлсний дараа хэд хэдэн улс ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах санал гаргав.

Тухайлбал, АНУ-ын НҮБ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд “НҮБ-ын Хүний эрх хариуцсан зөвлөлд ОХУ-ын орон зай байх ёсгүй” гэж мэдэгдсэн юм. Харин ихэнх улс “Буча хотын хядлага”-ын талаар олон улсын мөрдлөгийн дүн гарсны дараа НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүний асуудлыг авч хэлэлцэх нь зөв гэж үзсэн юм. ОХУ-ын эсрэг түдгэлзэх байр суурь баримталдаг НҮБ-ын 35 улсын гол төлөөлөл Энэтхэгийн Байнгын төлөөлөгч Т.С.Тирумурти “Буча хотод энгийн иргэдийг хядсан явдал биднийг үнэхээр цочоосон явдал болоо. Энэ зэрлэг балмад явдлыг хөндлөнгийн шинжээчид заавал мөрдөн шалгах ёстой“ гэсэн бол НҮБ дахь Хятадын Байнгын төлөөлөгч Жан Жүн “Энэ явдлын учир шалтгааныг заавал шалган тогтоох ёстой” гэж мэдэгдэв.

Украинд болж буй зэрлэг балмад явдал НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 15 улс төдийгүй бусад улсын засгийн газруудыг ч цочоосон явдал болсон юм. Тухайлбал, Европын Холбооны гишүүн Итали, Испани, Дани улсууд Оросын дипломатчидад 48 цагийн дотор нутаг дэвсгэрээсээ гарч явах шаардлага хүргүүлжээ. Украины Буча хотод Оросын цэргүүд энгийн номхон иргэдийг олноор хядсан баримтууд илэрсний дараа Европын Холбооны улсууд 150 орос дипломатчийг хөөв. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа дипломатчидыг нь хөөсөн явдлыг “алсын хараагүй алхам” гэж шүүмжилжээ. “Урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд хэцүү хямралын үед шийдэл олоход зайлшгүй шаардлагатай дипломат харилцаа холбоо тогтоох боломжийг хумих нь алсын хараагүй алхам.

Энэ тохиолдолд бид зайлшгүй хариу арга хэмжээ авна” гэж тэр хэлсэн юм. Италийн Гадаад хэргийн сайд Луйжи Ди Майо “үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар” Оросын 30 дипломатчийг хөөж байгааг мэдэгдсэн бол үүнээс хэдхэн цагийн дараа Испани улсын гадаад хэргийн сайд Оросын 25 дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ гаргах болсныг зарласан байна. “Оросын цэргүүд гарч явсны дараа Буча хотын иргэдийг хядсан баримтууд ил болсон нь биднийг маш их бухимдууллаа” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хосе Мануэл Албарез мэдэгджээ.

Дараа нь Швед улс Оросын гурван дипломатчийг, Дани улс 15 дипломатчийг “хууль бус ажиллагаа, тагнуулын ажиллагаа” явуулсан шалтгаанаар хөөсөн байна. Мөн Франц улс Оросын 35 дипломат ажилтныг, Герман улс 40 дипломатчийг тус тус нутаг дэвсгэрээсээ хөөв. Бучагийн аллагатай холбоотойгоор Литва улс тус улсад суугаа ОХУ-ын элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөж байгааг бас зарлав. Мөн Португали, Румын улсууд тус бүр Оросын 10 дипломат ажилтанг өөрийн улсаас хөөн гаргав. Ийнхүү Украины дайныг эзлэн түрэмгийлэл хэмээн үзэж Европын Холбооны улсууд нийт 260 орос дипломат ажилтныг хөөн явуулаад байгаа юм.

Тэгвэл Бучагийн хэрэг явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Украинд 100 сая ам.долларын цэргийн нэмэлт “тусламж” үзүүлэхийг үүрэг болгосон тухай Цагаан ордон мэдээлэв. Цагаан ордон “Ерөнхийлөгч Жо.Байден “Украинд тусламж үзүүлэх зорилгоор батлан хамгаалах хэрэгсэл, үйлчилгээ болон цэргийн бэлтгэл, сургалтад нийт 100 сая хүртэл ам.доллар хуваарилах эрхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад олгосон” гэж мэдээлсэн байна. Барууны улсууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь алдаа бөгөөд хохирлыг нэмэгдүүлж буй ч ажиллагааны үр дүнд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын байлдааны ажиллагааны удирдах газрын дарга Сергей Рудской мэдэгдсэн байна. Мөн Бучагийн хэрэг явдлын дараа Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель нар энэ долоо хоногт Киевт айлчлах болсон тухай Евро комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер мэдээлээд байна.

 

Г.АМАРСАНАА

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()