Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэгт тооцогдох Хонконгийн байрладаг жижигхэн арал нь өдгөө сайхан амьдралыг хайн ирсэн 8 сая гаруй хүнийг багтааж чадахгүйд хүрчээ.
Ийнхүү орон сууцны үнэ тэнгэрт хадсан тул 200 мянга гаруй хонконгчууд дотор нь олигтойхон хөдөлчих ч боломжгүй өчүүхэн жижиг оромжинд амьдрахаас өөр аргагүй болжээ.
Багадаа 1.5 метр, ихдээ 9 метр квадрат хүрэх талбайтай энэхүү сууцнуудыг "авс тасалгаа" гэж нэрлэх нь бий. Энгийн талбайтай орон сууц эзэмшдэг хүмүүс байраа панер мод болон төмөр хавтан ашиглан "хоёр давхар" болгоод, дотор нь хэд хэд хуваан тасалгаа үүсгээд орон гэр хайсан хүмүүст түрээслэдэг нь энэ аж. Мэдээж энэ нь хууль бус үйлдэл гэдгийг дурдах хэрэгтэй.
Ийм байранд амьдардаг хүмүүс сард дунджаар 250 долларыг түрээст төлдөг байна. Таны харж байгаачлан зай талбай нь дэндүү жижиг тул босч зогсох боломжгүй, өндөр хүн бол хөлөө ч бүтэн жийж чадахгүй аж.
Бенни Лам 4 жилийн хугацаанд Хонконгийн хуучин хорооллууд дахь 100 гаруй "авс тасалгаа"-нд зочилж эдгээр зургуудыг авчээ. "Би гэртээ ирээд тэднийг өрөвдсөндөө шууд уйлсан. Ийм амьдрал хэзээ ч байх ёсгүй. Торонд хашигдсан амьтан л гэсэн үг" хэмээн тэрээр ярьжээ.