Япончууд цусны бүлгээр хүмүүсийн зан чанар, онцлогийг хэрхэн тодорхойлдог вэ?

Япончуудын хувьд цусны бүлгээр бусдын зан араншин, темперамент, хосууд хоорондоо зохицох эсэхийг тодорхойлох нь бий. Тэр ч байтугай цусны бүлгийн ачаар тэд нэгдмэл хамт олон, бат бөх гэр бүл үүсгэж, найз нөхөд болохоос гадна тухайн хүний хийсэн алхмыг хүртэл дүгнэж чаддаг байна. Өөрөөр хэлбэл, япончуудын хувьд цусны бүлэг гэдэг нь бидний хувьд бараг л зурхай гэсэн үг бололтой.

Япончууд цусны бүлгээр хүмүүсийн зан чанар, онцлогийг хэрхэн тодорхойлдог вэ?

Хэдэн жилийн өмнө Японд ажлын анкет дээр цусны бүлгээ тодорхойлохыг шаарддаг байсан бол одоо сургууль, цэцэрлэгт орох, хэн нэгэнтэй танилцах үед цусны бүлгийг асуудаг. Заримдаа энгийн харилцан ярианы үеэр хэн нэгнийг хийсэн алхмыг тайлбарлахдаа хүртэл “цусны бүлэг” нь холбож ярьдаг байна.

Үүнээс гадна гэр бүлийнхээ хосыг сонгоход ямар шалгуур тавих вэ гэсэн асуултанд залуусын ихэнх нь “цусны бүлэг чухал" гэж хариулжээ. Япон алдартнуудын Википедиаг уншихад төрсөн он сар өдрийн ард нь заавал цусны бүлэг байдаг.

Хэдийгээр шинжлэх ухааны талаас энэ нь байж боломгүй зүйл боловч япончуудын хувьд энэхүү сүсгээ хаях хүртэл нэлээн удах бололтой.

Япончуудын хувьд цус яагаад чухал гэж?

Цусны бүлэгтэй холбоотой онол хамгийн анх дайны үед үүссэн гэж үздэг байна. Тухайн үед гэмтэж шархдсан хүмүүст туслах зорилгоор цусны бүлгийг нарийн судалж эхлэхтэй зэрэгцэн энэ нь иргэдийн дунд хурдацтай тархжээ.

1927 онд Токиогийн эмэгтэйчүүдийн багшийн их сургуулийн сэтгэл судлаач Фурукава Такэжи цусны бүлэг болон темпераментын холбоог илэрхийлсэн нийтлэлийг гаргаж байжээ.

Түүний онол шинжлэх ухааны талаас үзэхэд боломжгүй мэт байсан учир удалгүй мартагдсан боловч 1930 оны 11-р сарын 14-нд ерөнхий сайд Хамагүчи Осачи халдлаганд өртсөнөөр энэ сэдэв дахин хөндөгджээ.

Фурукава Такежи

Тухайн өдөр ерөнхий сайд Окаяма дахь томоохон цэргийн сургуулийн бэлтгэлийг очиж үзэхээр Токиогийн зогсоолоос галт тэргэнд суух гэж байхдаа халдлаганд өртөж, гэдэс рүүгээ буудуулсан аж.  Эмч нар Хамагүчигийн биеийн байдлыг үзэж, цусны бүлгийг нь тодорхойлоод нэн даруй хүүгийнх нь цуснаас авч цус сэлбэлт хийжээ.

Ерөнхий сайдын амийг цус сэлбэлтийн ачаар аварсан болох нь Япон даяар ил болж, цусны бүлгийн талаар яриа дахин халуун сэдэв болов.

Тухайн үед Осакагийн “Daimaru” дэлгүүрт худалдан авагчдад зориулсан цусны бүлэг тогтоох лаборатори хүртэл байсан бөгөөд олон хүмүүс уг үйлчилгээг авчээ.

Иргэд ийнхүү шуурах тусам нөлөө бүхий хүмүүс Фурукава Такэжиг худал мэдээлэл тараан хүмүүсийн тархийг угаалаа хэмээн буруутгаж, хурцаар шүүмжилж эхлэв. Ийнхүү бусдаас эмээж, санаа зовж амьдарч байсан Фурукава Такэжи 49 настай байхдаа томуунаас үүдэлтэй сүрьеэ өвчнөөр гэнэтхэн амьсгал хураажээ.

Гэтэл 1970-аад оны үед Номи Масахико гэх нэгэн сэтгүүлч эр нас барсан сэтгэл судлаачийн ажлыг үргэлжлүүлж, “Цусны бүлгээр зохицол тогтоохуй” нэртэй цуврал ном гаргажээ. Тэрээр 1920-1930 оны үед Нацист Германд хийсэн яс үндэс, цустай холбоотой судалгааны үр дүн дээр голчлон тулгуурлаж бүтээлээ гаргасан байна.

Номи Масахико.

Цусны бүлэг болон хүмүүсийн онцлог шинж, зан араншингийн холбоо хамаарлыг дэлгэрэнгүй өгүүлсэн тус ном удалгүй бестселлер болж, Японд цусны бүлэг судлалын гурав дахь давлагааг үүсгэжээ. Номныхоо санааг тайлбарлахын тулд тэрээр хүнийг хүнсний ногоотой харьцуулсан бөгөөд олон төрлийн хүнсний ногоо байдгийн адилаар хүн төрөлхтөн ч гэсэн цусны бүлгээрээ ялгарна гэжээ.

Түүний тодорхойлсноор: О (I) – шинэ ургацын ногоо, А (II) - давстай,  В (III) – чанасан ногоо , AB (IV) – чанасан давстай ногоо

Гэхдээ цусны бүлгээр тухайн хүний онцлогийн зөвхөн дөрөвний нэгийг тодорхойлж болно. Харин бусад нь хүмүүжлээс шалтгаална гэжээ.

Ингээд дэлхий даяар хүн төрөлхтнийг цусны бүлгээр тодорхойлж эхэлсэн байна. Японы зэвсэгт хүчин цэргүүдийг, цагдаагийн байгууллагынхан гэмт хэрэгтнүүдийг цусны бүлгээр ангилах болжээ.

Урлагийн ертөнцөд хүртэл амжилт гаргахад цусны бүлэг нөлөөтэй гэж үзэх болов. Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдийн хувцсан дээр түүний цусны бүлгийг оёж, түүнийг харснаар тухайн хүүхэдтэй харилцах арга эвийг олох хэрэгтэй гэж үзжээ.

Тэр ч байтугай албан байгууллагууд нэг ижил бүлгийн цустай хүмүүсээр ажилчдаа бүрдүүлэх болсон аж. Ийм маягаар хэдэн жил болсны дараа "цусны бүлгийн халуурал" намжиж, Фурукава болон Номи нарын онол хуурамч шинжлэх ухаан болох нь тодорхой болжээ.

Уншигч та бүхэнд сонирхуулах үүднээс дээрх онолын дагуу цусны бүлгийн онцлог шинж чанарыг хэрхэн тодорхойлсон байдгийг хүргэж байна.

O-(I) цусны бүлэг

Энэхүү бүлгийн цустай хүмүүсийн өвөг дээдэс нь 40000 жилийн өмнө Японы газар нутаг дээр амьдарч байсан анчид гэнэ.

Тэд ухаантай, сайхан сэтгэлтэй, хувиа хичээсэн биш, нийтэч, бусдын дарамт шахалтанд орох нь бага, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, өөртөө итгэлтэй, хүчтэй хүмүүс байдаг. Ерөнхийдөө тэд их тайван хүмүүс бөгөөд уурлах нь маш ховор. Харин нэгэнт уурлуулсан тохиолдолд та харамсах болов уу. Үүнээс гадна тэд жижиг сажиг зүйлд огт санаа нь зовдоггүй.

Хүчтэй, зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй, өөдрөг үзэлтэй, романтик,  нууц эрдэнэс олж баяжихыг мөрөөддөг хүмүүс байдаг.

Мөн тэд маш зөрүүд учир дунд эргэм насны энэ төрлийн хүмүүсийг тэвчихэд бэрхшээлтэй байдаг хэмээн япончууд үздэг. Анхаарлын төвд байх дуртай, ихэнхдээ бодохгүйгээр ярьдаг. Бага зэрэг бүдүүлэг, заримдаа асуудал үүсгэх магадлалтай, хартай, их зантай хүмүүс.

O-(I) цусны бүлэг

А -(II) цусны бүлэг

Япончуудын хувьд А бүлгийн цус тархмал байдаг. Тэдний өвөг дээдэс МЭӨ 25000-15000 жилийн өмнө амьдарч байсан тариачид гэнэ.

Энэ төрлийн хүмүүс сайхан сэтгэлтэй, жижиг зүйлд болон эргэн тойрныхоо зүйлд маш их анхаарал хандуулдаг, нягт нямбай, ичимхий, халамжтай, болгоомжтой хүмүүс байдаг.

Тэдэнд сэтгэгдэл төрүүлэхэд маш амархан. Ямар нэгэн ажил хийж байгаа тохиолдолд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хариуцлагатай, хичээнгүй, амжилтанд хүрэх эсэхдээ эргэлзэж байсан ч зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлдэг. Үүнээс гадна тэд бусдад маш их анхаарал хандуулдаг бөгөөд хэрүүл маргаанаас зугатаж, заримдаа өөрийгөө золиослох ч бий.

Нөгөө талаас маш амархан стресстдэг, амиа хичээсэн, зөрүүд,шаардлага өндөртэй хүмүүс. Бусдыг шүүмжлэх, азгүй дурлалыг хүндээр тусгаж авах нь бий.

А -(II) цусны бүлэг

В -(III) цусны бүлэг

В бүлгийн цустай хүмүүсийн өвөг дээдэс нь 15000 жилийн өмнө Японд амьдарч байсан нүүдэлчид гэнэ.  

Энэ бүлгийн цустай хүмүүс шударга, ёс зүйтэй хүмүүс байдаг. Тэд авъяаслаг хүмүүс учир эргэн тойрныхоо хүмүүст аз жаргал авчирдаг.  

Гэвч тэд амархан аливаа зүйлээс залхдаг. Мөн бүх зүйлийг шууд л байгаа чигээр нь нүүрэн дээр хэлдэг шулуун шударга зантай. Өөрсдийн сонирхож буй зүйлдээ маш их сэтгэл гаргаж, уян хатан сэтгэсний үндсэн дээр хийж гүйцэтгэдэг.

Заримдаа ганцаардлыг мэдэрдэг. Энэ төрлийн цустай хүмүүс багагүй алдаа гаргадаг бөгөөд хуурахад маш амархан байдаг учир хайр сэтгэлийн тал дээр азгүй байх тохиолдол гарна. Гэхдээ тэд тайвшрахдаа хурдан учир төдийлөн удаан зовдоггүй.  Хаана ч байсан биеэ барьдаггүй, нийтэч, бүтээлч, жижиг зүйлд ч анхаарал хандуулдаг.

Бага зэрэг амиа хичээсэн зантай учир багаараа хийх ажилд тааруу, заримдаа хариуцлагагүй ханддаг байна.

В -(III) цусны бүлэг

AB - (IV) цусны бүлэг

Япончуудын хувьд энэ төрлийн цусны бүлэгтэй хүмүүс маш нууцлаг байдаг учир тодорхойлоход хэцүү гэж үздэг байна. Тэдний дотоод ертөнц нь А цусны бүлэгтэй ижил бол гаднаа В цусны бүлэгтэй ижил байх нь бий. Өөрөөр хэлбэл, нүүдэлчид болон суурин иргэншилтэй хүмүүсийн зан чанарыг хоёуланг нь агуулсан гэсэн үг. 

Эдгээр хүмүүс бүх зүйлд амжилт гаргаж чаддаг бөгөөд аливаа нөхцөл байдалд дасан зохицохдоо сайн, тайван, ухаалаг, нийтэч.  Бага зэрэг амиа хичээсэн талдаа учир гүн гүнзгий харилцааг эрхэмлэдэггүй. АВ цусны бүлэгтэй хүмүүс мөрөөдлөө биелнэ гэдэгт ямагт итгэдэг бөгөөд ухаалгаар сэтгэж гайхалтай шинэ өвөрмөц санаа гаргах  нь бий.

Хэн нэгэн саад болох үед дургүй. Заримдаа хэтэрхий эрх, шаардлага өндөртэй, шийдвэр гаргахдаа тааруу, анхааралгүй, хариуцлага, хоёр нүүртэй байх тохиолдол гарна.

AB - (IV) цусны бүлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()