Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон

2021-12-05, 15:40
199,170

Орон гэрээ сольж нүүхэд ямар хүндрэлтэй байдгийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз ээ. Харин бүхэл бүтэн улс тэр аяараа нүүвэл юу болох бол? Тэгвэл дэлхийн дулаарлын улмаас Номхон далайд орших Тувалу улс усанд автаж, газар нутаггүй анхны улс болоход ойртоод байгаа ажээ.

Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус улс нь Номхон далайн өмнөд хэсэгт 5 шүрэн арал, 4 бүлэг арлаас бүрдэн оршдог. Мөн ердөө 26 км2 нутаг дэвсгэртэй тул дэлхийн хамгийн жижиг орнуудын нэгт тооцогдоно.

Харамсалтай нь тус орны хэмжээний тухай мэдээлэлд бүрэн итгэж болохгүй болжээ. Учир нь Тувалу улсын газар нутаг дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор өдөр ирэх тусам багассаар байгаа ажээ.

Өнгөрсөн 11-р сард дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тувалу улсын гадаад хэргийн сайд Симон Кофе өвдөг хүрсэн усан дунд зогсоод,  НҮБ-ын цаг уурын дээд хэмжээний уулзалтад оролцогсодтой цахим уулзалт хийж байгаа дүр зураг түгсэн билээ.

Түүний хувьд 10-р сарын 31-ний өдрөөс өнгөрөгч сарын 12-ны өдөр Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бага хуралд оролцох ёстой байсан ч цар тахлын улмаас хөл хорионы дэглэмд байгаа тул ийнхүү цахим уулзалт хийсэн нь тэр байсан аж.

Тэрбээр усан дунд зогсоод олон улсын төлөөлөгч нарт мэдэгдэл хийхдээ, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд би Тувалу улс цаг уурын өөрчлөлтөөс улбаатай далайн түвшин нэмэгдэж буй явдлын бодит хохирогч болж буйг мэдэгдэхийн зэрэгцээ орох оронгүй болсоор буй иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал болж байгааг цохон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм.

Үнэхээр ч тус улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш ердөө 4.8 метрт оршдог тул цаг уур дулаарч, туйлын мөс хайлсаар байвал цаашдаа ямар ч газар нутаггүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа ажээ.

Хэрэв Тувалу улс газар нутаггүй болсон тохиолдолд иргэд нь хаачих вэ?

Одоогийн байдлаар тус улсын хүн амын тал орчим хувь буюу 5,000 гаруй иргэн төрөлх орноо орхин нүүгээд байгаа юм. Тэдний дийлэнх хэсэг нь Шинэ Зеланд руу нүүсэн бөгөөд цаг уур энэ хэвээр дулаарсаар байвал тун удахгүй газар нутаг нь бүрэн үгүй болсон анхны орон болох магадлал тун өндөр байгаа гэдгийг сонордуулжээ. Түүнчлэн хэрэв тэд газар нутаггүй болвол ямар арга хэмжээ авах талаар ажилдаа хэдийн ороод буй бөгөөд ОУ-ын хууль тогтоомжид газар нутаггүй болсон орны талаар ямар заалтууд байдаг талаар судалж эхлээд байгаа аж.

Хэрэв Тувалу улс газар нутаггүй болсон тохиолдолд иргэд нь хаачих вэ?

Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй зүйлтэй нүүр тулаад буй тэдний хувьд хэрэв бүх иргэд нь гадаад орон руу дүрвэсэн тохиолдолд тусгаар улс гэсэн статусаа хадгалж үлдэх эсэх нь ч эргэлзээтэй байдалд байгаа юм. Магадгүй тэд дэлхийн анхны “Дижитал улс” болохыг ч үгүйсгэхгүй билээ.

Бусад сонирхолтой мэдээллүүд

Тус улсын хамгийн том арал нь нийт 5 орчим хавтгай дөрвөлжин км талбайг хамрах Вайтупу юм. Харин хамгийн жижиг арал болох Ниулакита нь ердөө 0.4 хавтгай дөрвөлжин км (400 мянган хавтгай дөрвөлжин метр) хэмжээтэй.

Фунафути нь албан ёсоор тус улсын нийслэл хот гэж тооцогддог боловч үнэндээ 3 тусдаа тосгоныг нийлүүлсэн нэршил гэнэ.

Бусад сонирхолтой мэдээллүүд

2019 онд тус улсын засгийн газар хиймэл арал барьж, газар нутгаа тэлэх төслийг эхлүүлсэн ч удалгүй зогсоож байжээ. Тэрхүү төсөл нь иргэдийг дээрх аюулаас хамгаалахад тус дэм болох байв. Гэхдээ уг төслийн саналыг Хятадууд тавьсан учраас Тайванийг дэмждэг Тувалу татгалзсан хариу өгсөн ажээ.

Дээр дурдсан гадаад хэргийн сайдын үйлдэл нь цаг уурын өөрчлөлт хэр түвшинд байгааг дэлхий дахинд харуулахаас гадна улсдаа гадны хөрөнгө оруулалтыг татах оролдлогуудын нэг жишээ юм. Харамсалтай нь Тувалу дэлхийн хамгийн ядуу орны тоонд орсон хэвээр байна. Хэдий тропикийн дулаан бүсэд, үзэсгэлэнтэй шүрэн арлуудын ойр орших ч тус улсын ДНБ-ий 10 гаруй хувийг л аялал жуулчлал бүрдүүлдэг байна.

Сонирхолтой нь Тувалу улс үндэсний интернетийн ".tv"  домэйныг төрөл бүрийн видео сайтуудад түрээсэлж, ихэнх орлогоо олдог байжээ.

2010 оны эхээр Тувалу арлууд дахь гүний ус нь бохирдсон учраас оршин суугчдыг худгаас ус авахыг хориглож байв.

Цэвэр усны гол эх үүсвэр нь өдгөө борооны ус болоод байна. Хэрэв хомсдол үүсвэл ойрын хөрш болох Шинэ Зеланд тэргүүтэй орнуудаас агаараар тээвэрлэн усаа авдаг. Арлууд дээр далайн усыг давсгүйжүүлэх үйлдвэр барьсан ч үр дүнгээ хараахан өгөөгүй байгаа аж.

Нутгийн иргэд мөн далайн эрэг дээр хуримтлагдсан хог хаягдлын тал дээр маш их санаа зовдог. Харамсалтай нь эрх баригчид энэ тал дээр арга хэмжээ авалгүй олон жил болжээ. 

Хэдий 1978 онд тус улс тусгаар тогтнолоо олж авсан ч ард иргэдийн санал асуулгаар Их Британийн хатан хааныг албан ёсны тэргүүн хэвээр үлдээжээ. 

1982 онд Элизабет хатан нөхрийн хамт, 2012 онд хунтайж Уильям, түүний эхнэр Кейт Миддлтон нар Тувалуд айлчилж байсан юм. Хэрэв асуудал улам даамжирч, ард иргэд нь амьдрах нутаггүй болоход тэднийг олон жил колоничилж байсан британичууд тусламжийн гараа сунгах биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()