Өдгөө 33 настай Рианна нь Барбадос арлын Сент Майкл хотод төрж, нийслэл Брижтаунд өссөн бөгөөд өдгөө улсынхаа хамгийн алдартай хүн хэмээн зүй ёсоор тооцогддог. 2018 онд Барбадосын соёл ба залуучуудын албан ёсны элчээр томилогдсон тэрээр англиар ярихдаа карибын аялгаа хэзээ ч орхидоггүй, мөн уран бүтээл, дуу бүжигтээ нутгийнхаа соёлын онцлогийг үргэлж оруулдаг юм. Ийм ч учраас шинээр тусгаар тогтносон Барбадос улсын ерөнхийлөгч Сандра Мэйсон түүнд Үндэсний баатар цол хүртээжээ.
Тус ёслолын үеэр Рианна бие барьсан улбар шар торгон даашинз өмссөн тул түүний хэвлий бага зэрэг томорсон нь илт анзаарагдаж байлаа. Мөн тэрээр шагнал гардаж авах үедээ хэвлийгээ нуух мэт үргэлж хоёр гараа өмнөө барин зогсож байв.
Ийнхүү тэр даруй хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчид нь дуучин бүсгүйг хөл хүнд болжээ хэмээн таамаглаж эхэлсэн юм.
Удалгүй дуу бичлэгийн алдартай компани "The Academy" твиттер хуудастаа "Рианна жирэмсэн болжээ. A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна" хэмээн бичсэн нь таамаглалыг улам хүчтэй болгожээ. Мөн ТикТок сүлжээ дээр #rihannapregnant (Рианна жирэмсэн) гэсэн хаштаг богинохон хугацаанд 350 мянган хандалт авсан байна.
Гэхдээ дуучин бүсгүйг үнэхээр хүүхэдтэй болох гэж байгааг баталсан ойрын эх сурвалжийн мэдэгдэл огт гараагүй байгааг дурдах хэрэгтэй.
Рианнаг жирэмсэн болсон гэсэн цуу яриа өмнө нь бас дэгдэж байсан билээ. Тийм болоод ч тэр үү, томоохон хэвлэлүүд энэхүү таамагт төдийлөн итгэлгүй хандаж байгаа аж.
Харин фэнүүдийн ихэнх нь эсрэг бодолтой байгаа бөгөөд "Харваас ойлгомжтой байна", "Өмнө нь хэзээ ч ийм гэдэстэй харагддаггүй байсан шүү дээ", "Хэвлийгээ нуух гэж хичээж байгааг нь хар л даа ", "Одоо тэр хоёр хүүхэдтэй болох цаг нь болсон" хэмээн сэтгэгдлүүд бичжээ. Мөн энэ сэдвээс огт өөр зүйлд буюу Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хөхөвч зүүлгүй ирсэнд нь дургүйцэж, хүндэтгэл үзүүлсэнгүй хэмээн шүүмжилж буй хүмүүс бас байлаа.
Рианна болон рэппер A$AP Rocky хоёр арваад жилийн турш дотно нөхөрлөж байгаад 2020 оны эхэн үеэр хайр дурлалын холбоотой болсон гэлцдэг аж. Үүний дараа тэр хоёр хамт хоолонд орж, болзоонд явж байгаад папарацийн дуранд өртөх болсноор үерхэл нь баталгаатай болсон билээ.
Ийнхүү дуучин бүсгүй болон рэппер залуу албан ёсоор мэдэгдэл хийж, дээрх маргааныг нэг тийш болгох л үлдлээ.