Хөгжмийн наадам дээр болсон эмгэнэлт явдлын дараа рэппер Трэвис Скоттын нэр хүнд унасаар байна

Одоогоос долоо хоногийн өмнө буюу 11-р сарын 6-нд, алдарт рэппер Трэвис Скоттын жил бүр зохион байгуулдаг "Astroworld" хөгжмийн фестивалийн үеэр хэт олон хүн цугласнаас болж үймээн дэгдэж, шахцалдаан үүссэн билээ. Үүний улмаас амь үрэгдэгсдийн тоо 9-д хүрч, 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэсэнээс 50 гаруй нь хүнд байдалд байгаа юм. Чухамхүү тус фестивальд оролцсон иргэд өөрсдийн үзэж харсан зүйлсээ цахим орчинд хуваалцсан нь дэлхий нийтийг цочроогоод байгаа юм. Учир нь рэппер Трэвис Скотт тайзан дээр гарахад хүмүүс тайз руу ойртож шахцалдаж эхэлсэн нь тодорхой байгаа бөгөөд тэрээр юу болж байгааг анзаарсан ч нөхцөл байдлыг зохицуулах юу ч хийгээгүй гэж үзсэн учраас 50 гаруй хүн шүүхэд гомдол гаргажээ. 

Хөгжмийн наадам дээр болсон эмгэнэлт явдлын дараа рэппер Трэвис Скоттын нэр хүнд унасаар байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Astroworld" хөгжмийн фестивалийг анх 2018 онд Трэвис Скотт зохион байгуулж байсан бөгөөд түүний нэр хүнд өсөхийн хамтаар жил бүр ирэх хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна. 

Энэ жилийн хувьд Техасын Хьюстон хотод болсон тус фестивальд нийтдээ 50 мянга гаруй хүн оролцохоор ирсэн аж.

Үнэндээ зохион байгуулагчид ийм олон хүнийг зохицуулах хэмжээний хүн хүчгүй байсан нь бүх зүйл дууссаны дараа тодорхой болсон юм. 

Тиймээс Трэвис Скоттын тоглолтын үеэр ажилласан хамгаалалтын албаныхан шахцалдсан олны урсгалыг зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Үүний улмаас зохион байгуулагчид цагдаа дуудахаас өөр аргагүй болсон бөгөөд цагдаагийн алба хаагчид нар цугласан олныг тайвшруулах гэж оролдож байх үеэр нэгэн үл таних этгээд харуул хамгаалалтын ажилтны хүзүү рүү нь тариураар бодис шахаж байхыг хэд хэдэн хүн анзаарсан байна.

 

Тэрхүү хамгаалагч ухаан алдан унасан тул түргэн тусламж дуудахаар шийджээ. Эмч нар азаар амжиж ирсэний хүчинд харуулыг сэргэсээн байна. 

Хьюстоны цагдаагийн хэлтэс үүний дараа дээрх явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Дээр дурьдсанчлан Трэвис Скотт болон түүний хамт тайзан дээр байсан реппер Дрейк нарыг хэд хэдэн хүн шүүхэд өгсөн бөгөөд шахцалдааны үеэр нөхцөл байдлыг намжаахын оронд тайзан дээрээс хүмүүсийг үймээн самуунд өдөөн турхирсан гэсэн үндэслэлээр орон нутгийн хууль сахиулагчид буруутгажээ.

Учир нь Трэвис Скотт шахцалдаан үүсч, тэр бүү хэл хүн ухаан алдаж байгааг анзаарсан ч нэг их тоолгүй тоглолтоо үргэлжлүүлж байгаа бичлэг хэд хэд байгаа юм. Тэр бүү хэл түргэний машин ирж байгааг харсан ч тэдгээрт зай тавьж өгөх тал дээр юу ч хийгээгүй аж.

Гэхдээ энэхүү явдлаас ч өмнө Трэвис Скоттын тоглолтууд нь хэл амны бай болж ирсэн байна. Нэгэн ярилцлагын үеэр тэрээр тайзан дээр байхдаа эрч хүчээр дүүрдэг учраас тоглолтоо бүхэлд нь нохой зодооны тэмцээн шиг байлгахыг хүсдэг хэмээн хэлсэн байдаг.

Тиймээс энэ мэт амьд тоглолтынх нь үеэр хүмүүсийг эмх замбараагүй байдалд уриалдаг байсан бөгөөд үүний нөлөөгөөр хэд хэдэн хүн гэмтсэн төдийгүй тэрхүү тоглолтууд дээр гэмтсэн хүмүүс Трэвисийг мөн шүүхэд өгч байжээ. Гэхдээ үүн шиг хүний аминд хүрсэн явдал гарч байгаагүй аж.

Мөн Скотт тэрхүү хэргүүдээс болж ял үүрээгүй учраас өөрийн тоглолтуудаа аль болох "зугаатай" байлгахын тулд чадах бүхнээ хийх болжээ.

Скотт "Astroworld"-ын тасалбар худалдаж авсан хүмүүсийн мөнгийг бүрэн буцаан олгож, сэтгэл зүйгээр хохирсон хүмүүсийн эмчилгээний зардлыг даагаад зогсохгүй нас барсан есөн шүтэн бишрэгчийнхээ оршуулгын зардлыг төлөхийг санал болгожээ. Гэсэн хэдий ч энэхүү эмгэнэлт явдалд түүнийг буруутай гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ид мандаж явсан алдарт реппер маань карьертайгаа үлдэх эсэх нь эргэлзээтэй болоод байна. 

Тэрээр 2015 оноос эхлээд олны анхааралд өртөж эхэлсэн бөгөөд Кайли Женнертэй үерхэж PlayStation, McDonald's, Nike зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болоод амжсан төдийгүй "Dior"-той хамтарч ирэх сард өөрийн нэрийн цувралыг гаргахаар төлөвлөөд байсан нь талаар өнгөрч байна. 

Дээрх явдлын улмаас Скоттын аялан тоглолтууд нь цуцлагдаж эхэлсэн талаар баттай эх сурвалжууд мэдээллэв. Өнгөрсөн даваа гарагт тэрээр "Day N Vegas" хэмээх фестивальд ирэх ёстой байсан ч тоглолтоо цуцалсан байна. Үүний хажуугаар Variety-ийн мэдээлснээр Скотт Саудын Арабт хийх хувийн тоглолтоо мөн цуцалсан бөгөөд тэрээр тус арга хэмжээнээс 5.5 сая ам.долларын ашиг олох байсан аж. Мөн олон мянган шүтэн бишрэгчид нь түүнийг ирэх дөрөвдүгээр сард болох "Coachella" фестивальд оролцуулахгүй байх хүсэлт гаргажээ. 

Өмнө нь хэлсэнчлэн Трэвис Скотт шүтэн бишрэгчдээ өөр шигээ "зэрлэг" байлгах дуртай байсан нь эргээд өөрт нь хүндээр тус эхэлжээ. Учир нь тоглолтон дээр нь дарагдаж амиа алдаж байгаа хүмүүсийг тоохгүй байгааг нь харсан шүтэн бишрэгчид нь Скоттыг бүх зүйлд буруутгах кампанит ажлыг цахим орчинд эхлүүлээд байгаа юм. 

Ямартай ч Astroworld болон түүнтэй холбоотой шүүх ажиллагаа, мөрдөн байцаалт ойрын хэдэн жил үргэлжлэх нь тодорхой. Томоохон уран бүтээлчтэй холбоотой ийм золгүй явдал сүүлийн 10 гаруй жилд тохиолдоогүй учраас хүмүүс энэ бүгдийг мартах нь юу л бол. Эцсийн эцэст шүтэн бишрэгчид болоод ивээн тэтгэгчдийнхээ итгэлийг дахин олохын тулд Скотт одоо юу хийхийг л харах үлдлээ. Түүний хийх дараа дараачийн мэдэгдлүүд нь багахан ч гэсэн "хийтэй" байх юм бол карьер буцаж сэргэх найдваргүй болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()