Угсаа залгамжлах хунтайж Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактум нь цахим орчинд "царайлаг ханхүү" гэх имижийг бүрдүүлж чадсаны дээр олон улсад эх орноо байнга төлөөлж явдаг юм. Зарим хүмүүс түүнийг Дубайн Брэд Питт хэмээх нь ч бий.
Чухамдаа түүний бусад хамаатнууд нь цахим ертөнцөөс хол байдаг учраас Инстаграм дээр тун идэвхтэй Хамдан нь олон сая дагагчтай болж чаджээ.
Түүний Fazza хэмээх хаяг нь өдгөө 12 сая дагагчтай болсон байна. Тэрээр олон орноор аялахын хажуугаар яруу найраг сонирхдог гэжээ. Мэдээж хунтайж болсон хойно энгийн иргэдийн төсөөлж ч чадахгүй зүйлсийг хийж өдөр хоногийг өнгөрөөдөг гэнэ.
Тэрээр шүхрээр үсрэх, шумбалтын спортоор хичээллэдгийн дээр гольф тоглож, далайд сэлж, сноубордоор тун чадварлаг гулгадаг аж.
Хамдан мөн ан амьтанд дуртай учраас шонхор шувуу, арслан, цагаан бар зэрэг ховор амьтдаар дүүрэн хувийн хүрээлэнтэй болжээ. Энэ бүхний дээр Хамдан талийгаач ах шигээ морь унах дуртай гэнэ.
Тиймдээ ч хунтайж манай оронд 2017, 2019 онуудад хоёр удаа зочилж, хөдөө нутагт амраад буцаж байв. Монголын байгаль, ахуйг харуулсан гэрэл зургуудыг түүний Инстаграм хуудаснаас харж болно.
Мөн папараццичид үе үе Хамданыг Дубайн ойролцоо супер дарвуулт онгоцон дээрээ үзэсгэлэнт загвар өмсөгчидтэй наргиж байгаа, эсвэл казинод тоглож байгаатай таардаг юм. Шинжээчдийн үзэж байгаагаар тэрээр ааваасаа 5-15 тэрбум ам.доллар өвлөх гэнэ.
Ингээд харвал түүний амьдралд дутах зүйл байхгүй мэт санагдана. Гэхдээ хүний хүсэл эрмэлзэл хязгааргүй учраас Хамдан ахынхаа оронд удам залгах хунтайж болох хүсэл байсан л байж таараа.
Түүний эцэг Дубайн захирагч, Арабын Нэгдсэн Эмират улсын хоёр дахь нөлөө бүхий хүн Шэйх Мохаммед өөрийн том хүү Рашиддаа амьд байхад нь хэнээс ч илүү найддаг байжээ. Хамданы төрсөн ах тэрээр царайлаг, өндөр боловсролтой, сэргэлэн цовоо нэгэн байв.
Хамданы талийгаач ах Рашид
Гэвч хэд хэдэн золгүй явдлын дараа Рашид эцэг эхтэйгээ түнжин хагарч, улмаар тэд 2 дахь хүү Хамданыг угсаа залгамжлагч болгов. Үүнээс төд удалгүй Рашид хунтайж 34 нас хүрэхээсээ сар хагасын өмнө гэнэт нас барав. Хунтажийн үхлийн албан ёсны шалтгааныг зүрхний шигдээс хэмээн үздэг ч албан бус шалтгаан нь илүү сонирхолтой юм.
Рашид, Хамдан нарыг төрөхөөс нь эхлээд эцэг эх нь өөрийн орны үнэт зүйлсийг сургаж хүмүүжсэн байна. Боловсролын хувьд Рашид Дубай дахь Шейхийн нэрэмжит хөвгүүдийн сургуулийг төгссөний дээр Их Британийн Сандхурст дахь Хатан хааны цэргийн академид элсжээ. Арабын шейхүүд хүүхдүүдээ заавал тус сургуульд явуулдаг уламжлалтай аж.
Рашид ибн Мохаммед эцгийнхээ залгамжлагч болохын тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд хүссэн ёсоор нь сургуулиа нэр хүндтэй төгсөж, өндөр боловсролтой болжээ. Эцэг нь ч хүүгээ эргэж ирсний дараа өөрийн орлогчоор томилон төр барих ухаанд сургаж, хөрөнгө оруулалтын чухал төслүүдийг даалгажээ.
Гэвч 2008 оны 2-р сарын 1-нд түүний дүү Хамданыг Дубайн угсаа залгамжлах хунтайжаар сонгов. Мөн өөр нэг дүү болох Мактумыг Дубайн захирагчийн орлогчийн албан тушаалд томилов. Эмирийн ууган хүү ийнхүү бүх албан тушаалаа алдсан бөгөөд улсынхаа эрх баригчдын дунд дахин орох ямар ч эрхгүй болсон байна.
Арабын ертөнцөд ингэж угсаа залгамжлагчаа "жийх" нь ёстой ховор үзэгдэл гэхэд болно. Тэгвэл "WikiLeaks"-ийн ил болгосон мэдээлэл дунд энэхүү явдлыг тайлбарласан хэд хэдэн баримтууд байжээ.
Хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж эрүүл ухаанаа алдсан Рашид аавынхаа ажлын өрөөнд байхдаа галзууртлаа уурлаж, нэгэн ажилтныг зэрлэгээр зодож хөнөөсөн байна. Мэдээж хэрэг энэхүү явдлыг хав дарсан ч эцэг нь том хүүгээ эрүүл бус хүн гэж үзээд түүнд эрх мэдэл өгч огт болохгүй хэмээн шийджээ.
Хаан ширээнд суух эрхээ алдсан Рашид ибн Мохаммед спортын амжилтад анхаарлаа хандуулав. Тэрээр Zabeel Racing International хэмээх томоохон морин уралдааны корпорацийг эзэмшдэг байсан бөгөөд өөрөө мэргэжлийн унаач байжээ. 2008-2010 он хүртэл Рашид АНЭУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч цаг зав муутайн улмаас энэ албан тушаалаа орхисон байна.
Ханхүү яг юунаас болоод завгүй байсныг "WikiLeaks" ил болгосон юм. Эцгийнхээ Британид эзэмшдэг цайзад амьдарч байхдаа тэрээр ажилтнуудтай нь зүй бус харьцсан хэмээн шүүхэд дуудагдсан байна. Хунтайж тэндхийн хар арьстай ажилтнууд болон Христийн шашинтнуудыг байнга доромжилж, Исламын шашинд оруулахыг оролддог байжээ.
Мөн тэрээр цайзынхаа газар доорх хонгилыг тусгайлан тохижуулж, тэндээ найз нөхдийнхөө хамтаар үдэшлэг зохион байгуулж, архи хар тамхийг хэтрүүлэн хэрэглэж байсан нь нотлох баримтаар илэрсэн гэдэг.
2009 онд Рашид өөрийн биеийн хяналтаа бүрэн алдсан тул аав нь түүнийг хилийн чанадад нөхөн сэргээх эмчилгээнд явуулахаар шийджээ. Энэ удаад тэрээр муу зуршлуудаасаа ангижирч чадсан төдийгүй эх орондоо эргэн ирж өөрийгөө цоо шинээр бэлдэж эхэлжээ.
Тиймээс зарим эх сурвалж Рашидийг цоо эрүүл байсан учраас зүрхний шигдээсээр бус, Йемен дэх цэргийн мөргөлдөөнд оролцож байгаад нас барсан хэмээн мэдээлсэн байдаг. Үүнийг Шэйхийн гэр бүл удаа дараа няцаасан юм.
Харин дүү нь өөрөөс нь илүү алдар нэр, эд баялаг, эрх мэдэлтэй болсон нь ахынх нь дургүйг хүргэсэн байх бүрэн боломжтой.
Рашидийг нөхөн сэргээх эмчилгээнээс буцаж ирэхэд Хамдад бүх талаараа илүү гарсан байв. Үүний дээр дүү нь үеэл Хессетэйгээ гэрлэж гэр бүлийнхээ хөрөнгийг хэд дахин нугалахаар төлөвлөж байсан гэдэг.
Тиймээс хөөрхий Рашид энэ бүхэнд сэтгэлээр унаад дахин хар тамхинд орсон байх магадлалтай. Ингэхдээ тэрээр тунгаа хэтрүүлэн нас барсан бөгөөд үүнийг нь зүрхний шигдээс хэмээн далдалсан байж болохыг гаднын сэтгүүлчид таамаглажээ.
Хунтайж Хамзан