Үндэстний хэмжээнд "тэг зогсолт" хийлгэдэг Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт

Манай орны хувьд ЭЕШ байдагтай адил дэлхийн ихэнх оронд их сургуульд элсэхийн тулд тэнцэх ёстой элсэлтийн шалгалт бий. Энэхүү шалгалтанд өндөр дүн авахын тулд ихэнх улсын хүүхдүүд ахлах сургуульд ормогцоо бэлдэж эхлэдэг. Мэдээж төгсөх ангид хамгийн ачаалалтай байдаг учраас 17-19 насныхан тэрхүү элсэлтийн шалгалтаас болж хэрхэн зовж байгаагаа цахим орчинд ний нуугүй илэрхийлдэг билээ. Гэхдээ Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт өгөх шиг "там" байхгүй гэдгийг сүүлийн үед дэлхий нийтээрээ ойлгож эхэлсэн байна. Учир нь тус орны боловсролын тогтолцоо тэр чигтээ дарангуйллын нийгэм аятай зохион байгуулалтанд орсон тухай мэдээлэл байнга гарах болсон юм. 

Үндэстний хэмжээнд "тэг зогсолт" хийлгэдэг Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Боловсролын дарангуйлал

БНСУ нь Дэлхийн 2-р дайны дараа л жинхэнэ тусгаар тогтносон улс болсон байдаг. Түүнээс өмнөх олон зууны туршид Солонгосын хойг нь Япон, Манжийн харъяат байсан юм. Урт удаан хугацааны дараа өөрсдийн тусгаар тогтнолыг олсон хэдий ч дайн дажин, харийн дарангуйлалд олон жил байснй уршгаар нийгмийн бүхий л салбар нь хоцрогдож, эдийн засаг нь дэлхийд сүүл мушгиж байв.

Дээрээс нь байгалийн баялаг гэх юм байхгүй, газар нутаг нь жижиг, ундны усны хүрэлцээ муу зэрэг нь хөгжилд жинхэнэ саад болж байв. Тиймээс засгийн газрын зүгээс боловсон хүчнээ хөгжүүлэхээс өөр сонголт үгүйг ойлгож, боловсролын салбартаа онцгой анхаарч эхэлсэн байна. 

Боловсролын дарангуйлал

Чухамдаа үүний нөлөөгөөр өнөө цагт Өмнөд Солонгос улс дэлхийд боловсролын чанараар тэргүүлэх болсон билээ. 

Тус улсад боловсрол олгох шат дараалал нь бусад орнуудтай адил бага, дунд, ахлах анги хэмээн хуваагддаг. Анхан шатны боловсролын хүрээнд 6-12 насны хүүхдүүд бага сургуульд элсэн суралцах бөгөөд тэдний хичээл нь тийм ч хүнд байдаггүй.

Гэхдээ тэдэнд энэ наснаас нь эхлээд амь хайргүй өрсөлдөх сэтгэлгээг багш нар нь суулгадаг байна. Ийм бага насандаа бусдаас илүү гарах хүсэл сууж чадаагүй хүүхэд дунд, ахлах ангидаа сайн сургалцаж чадахгүйд хүрнэ. 

Хамгийн гол нь сурагч нарт ийм хүмүүжил суулгах нь багш нар төдийгүй сурагчдын өөрсдийн үүрэг хэмээн нийгмээрээ үздэг. Үүнээс болоод дундаас дээш ангийн хүүхдүүд өдөрт дор хаяж 10 гаруй цагийг ширээний ард өнгөрүүлдэг байна. 

Өмнөд Солонгосын сурагч, оюутнуудын хувьд хичээлийн эхний цаг өглөөний 8:30-д эхэлж, сүүлчийнх нь 18:00 цагт дуусдаг. Энэ нь аль ч оронд байдаг зүйл. Гэхдээ солонгосчуудын хувьд хичээл үүгээр дуусдаггүй, учир нь тэд хичээлээ тармагцаа нэмэлт давтлаганд заавал сууна.

Энэ мэтээр Өмнөд Солонгосын сургуулийн хүүхдүүд дунджаар 22.00 цагийн үед гэртээ харьж, дараагийн өдөр нь 8:30 цагт дахин хичээлийн ширээний ард бэлэн сууж байдаг юм. Өөрөөр хэлбэл тэд гэртээ дөнгөж 7 цагийг л унтаж, идэж өнгөрөөнө. Мэдээжийн хэрэг, хүн бүр ийм ачааллыг тэсвэрлэж чадахгүй. Тиймээс хичээлийн ширээн дээр зүүрмэглэж үзэгдэх нь тэдний хувьд энгийн зүйл болжээ. Үүнийг анзаарсан Солонгосын сургуулиуд хичээлийн үеэр ширээн дундуур явж унтаж буй сурагчдыг сэрээдэг тусгай орон тооны хүмүүс хүртэл хөлсөлдөг байна. 

2 Нарийн хуваарь, дэг жаяг

Бусад орнуудаас ялгаатай нь Өмнөд Солонгосын хичээлийн шинэ жил хавар эхэлдэг. Оюутан, сурагч нар ерөнхийдөө 2 семестрээр хичээллэг бөгөөд эхний семестр 3-р сард эхэлж, 7-р сард дуусах бол хоёр дахь нь 8-р сарын сүүлээр эхэлж 2-р сарын эхээр дуусна. Ингэхээр зуны болон өвлийн амралтын аль аль нь 1 сар үргэлжилж таарна. Харамсалтай нь сурагччид амралтынхаа тал хугацааг хагас жилийн болон төгсөлтийн шалгалтандаа бэлдэж өнгөрөөдөг. Мэдээж "аз мэдэг" гээд бүтэн амардаг хүүхдүүд бий ч ингэх нь ховор үзэгдэл юм. 

Нарийн хуваарь, дэг жаяг

Сургууль дээр хүүхдүүд маш хатуу дүрмийг дагах ёстой. Бүх сургуулийн сурагчид ижил дүрэмт хувцастай байх бөгөөд охид нүүр, хумсаа будахыг хориглоно. Дүрэмт хувцас нь үнэтэй ч түүнийгээ дагаад чанартай аж. Үс засалтын тал дээр ямар нэг тусгай дүрэм байхгүй ч элдэв янзаар будаж, засуулсан хүүхдүүдэд багш нар тун тааламжгүй хандана. 

Сурагч бүр хичээл эхлэхийн өмнө багшдаа утсаа хураалгана. Хичээлийн ширээ бүр өөрийн гэсэн хогны ууттай учраас тухайн хүүхдэд босох шаардлага гарахгүй. Багш самбарт хүүхэд дуудахдаа нэрийн эхний үсгийн дарааллаар бус зөвхөн өөрийн үзэмжээр сонгоно. Хэрвээ тухайн сурагчийн хариулт эргэлзээ төрүүлбэл аль ч сурагч эсрэг гаргалгаа гарган, мэтгэлцэх эрхтэй. Солонгос сурагчдын мэтгэлцээний дэргэд улс төрчдийн хэлэлцүүлэг хүртэл жулддаг гэхэд хилсдэхгүй.

Сурагчид хувийн шалтгаанаар жилд 15 удаагийн чөлөө авах эрхтэй учраас хүүхдүүд аль болох өвдөхгүйг, мөн их сургуульд орохоосоо өмнө хүнтэй үерхэхгүйг боддог.  Мөн сурагч өдөрт хичээлийн цагаас 25 минут хоцрох эрхтэй. Тиймээс тэд бие өвдсөн гэж худлаа шалтаглаад сувилагчийн өрөөнд хэдэн минут зүүрмэглээд авдаг байна. Энэ бүхэн дүрмийн дагуу болохоор багш нар нь төдийлөн тоохгүй.

Хамгийн гол анхаарал хандуулах ёстой зүйл нь биеэ авч яваа байдал юм. Сурагчид багш нартайгаа тааралдах бүртээ гараа урдаа авч, аль болох сайн мэхийн мэндлэх ёстой байдаг. Ихэнх тохиолдолд багштайгаа маргах хориотой. Үүнээс болоод зарим сурагчид хичээлээ ойлгоогүй ч гэсэн багшаасаа юм асууж чадалгүй өнгөрдөг. Үүний дараа хөөрхий сурагч ойлгоогүй сэдвээ бие даан сурахын тулд олон цаг зарцуулна. 

Энэ бүхний нөлөөгөөр солонгос хүүхдүүд маш нямбай, хянамгай, олон талаас ирэх мэдээллийг шууд хүлээж авах чадвар суудаг ч аливаа юмсыг өөр өнцгөөс харах болоод бүтээлч сэтгэлгээгээ алддаг байна. 

3 Улс даяарх бэлтгэл

"Солонгос хүүхдүүд "SKY" (тэнгэр)-т сиймхийгээр ч хамаагүй гарахыг оролддог" гэсэн үг бий. 

"SKY" гэдэг нь Өмнөд Солонгосын хамгийн том 3 их сургууль болох "Seoul National University", "Korea University", "Yonsei University" нарын нэрсийн эхний үсгийн товчлол юм. Чухамдаа энэ сургуулиудад яаж ийгээд орох л юм бол үлдсэн амьдрал нь баталгаатай болно гэж ихэнх солонгосчууд итгэдэг. Үүнийг дагаад хуваарь авах өрсөлдөөн жинхэнэ дайн болж хувирдаг. 

Улс даяарх бэлтгэл

Дээрх сургуулиудад элсэхийн тулд бүхэл амьдралынхаа туршид бэлтгэж ирсэн элсэлтийн шалгалт буюу "CSAT" (Коллежийн эрдмийн шалгалт)-г өгөх шаардлагатай болно. 

Өмнө дурдсанчлан шалгалтын үр дүн тухайн хүүхдийн ирээдүйн амьдралд шууд нөлөөлдөг гэж үздэг тул уг арга хэмжээнд Өмнөд Солонгос даяар онцгой анхаарал хандуулдаг байна.

"CSAT"-г буюу хүмүүсийн товчилж дуудаж заншсанаар "Сон Юн"-ыг өгөх өдөр үндэсний хэмжээнд тэг зогсолт хийнэ. Тодруулбал шалгалт өгч буй хүүхдүүдийн сонсох сорилд саад болохгүйн тулд нисэх онгоцнуудыг газардуулж, барилгын ажлыг завсарлуулна. Мөн эцэг эх, хүүхдүүдийг шалгалтаас хоцроохгүйн тулд албан байгууллагууд ажил эхлэх цагаа хойшлуулж, дэлгүүрүүд үүдээ барьдаг.

Тэр ч байтугай хөрөнгийн бирж болон банкууд замын бөглөө үүсгэхгүйн үүднээс шалгалт дууссаны дараа нээсэн аж.

Хот даяарх энэ анир чимээгүй байдлыг хааяахан шалгалтаасаа хоцорсон сурагчдыг хүргэж өгөх цагдаагийн мотоциклын дуут дохио л эвдэх аж. Сурагч төөрөх, хоцрох, эсвэл хэрэгтэй зүйлээ мартсан тохиолдолд гэрт нь шуурхай хүргэх зорилгоор дээрх тусгай эргүүлүүд гардаг юм.

2017 онд Сөүл хотод газар хөдлөлт болоход шалгалтыг долоо хоногоор хойшлуулах шаардлага гарсан байдаг. Харин яг шалгалтын өдөр засгийн газар онц байдал зарлаж, 18,000 эргүүлийн алба хаагчдын дайчлан сургуулийн сурагчдын явах зам, шалгалтын материалыг тээвэрлэх маршрутыг хамгаалалтанд авсан гэдэг.

4 Нууц материал

Бусад орнуудын адилаар Өмнөд Солонгосын боловсролын мэргэжилтэнгүүд элсэлтийн шалгалтын асуултуудыг жил бүр шинээр зохиодог. Гэхдээ солонгосчууд л болсон хойно энэ үйл явц арай л хэтэрхий гэмээр нөхцөлд явагдана. Асуулт зохиодог мэргэжилтнүүд хэний ч мэдэхгүй зэлүүд газар гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдан шалгалтын материалаа бэлддэг.

Байрлах газар нь хүний бүхий л хэрэгцээг хангасан байна. 2017 оны шалталтын асуултуудыг зохиосон мэргэжилтэн болоод тэдний туслахууд нийлсэн 700 хүн газар доорх нуувчинд бүтэн сар амьдарсан гэдэг. Харин тэндээс орж гарах бүх төрлийн сүлжээг нууц албаны ажилтнууд хаадаг.

Нууц материал

Гэхдээ ажил нь дууслаа гээд тэд гэртээ харьж эрхгүй бөгөөд шалгалт дуусах хүртэл өөр тусгаарлалтанд дахин ордог байна. Гэр бүлийн гишүүн нь нас барах гэх мэт онцгой шалтгаан гараагүй бол тэндээс гарна гэж горьдоод ч хэрэггүй. Чухал шаардлагаар гарлаа ч гэсэн нууц албаны хүмүүс мэдээлэл задруулахаас сэргийлэх үүднээс хаа ч явсан дагана. 

Шалгалтнаас нэгэнт хоцорсон бол дараа жил хүртэл хүлээх ёстой учраас сурагчид юу ч болж байсан амжих ёстой. Азаар өмнө нь хэлсэнчлэн хүүхдүүдийг цагт нь хүргэж өгөхийн тулд улс даяараа хөдөлдөг.

Ийм хатуу боловсролын тогтолцооны ачаар Өмнөд Солонгос улс хөгжиж чадсан ч зарим сөрөг үр дагавар мөн гарч иржээ. Жишээ нь жил бүр шалгалтын дүнгээ сонсоод амиа хорлосон сурагчийн тухай мэдээ гарах нь бараг заншил болсон гэхэд болно.

Олон жилийн турш нийгмийн болоод сэтгэлийн асар их дарамтад байсан хүүхдүүд өөрсдийн зүтгэл нь талаар болсон гэдгийг мэдмэгцээ сэтгэцийн хямралд орж, улмаар амиа хорлохоос өөр замгүй хэмээн  үздэг байна.

Солонгосын боловсролын салбар ийм хэмжээний дарамт сурагчдадаа үзүүлдэггүй байсан бол ингэж жил бүр амьдрал нь дөнгөж эхэлж байгаа хүүхдүүд харамсалтайгаар амиа алдах явдал гарахгүй нь мэдээж. 

Гэхдээ ингэж "чангалсны" хүчинд улс орон нь ийм хөгжилтэй болсон гэж хэлэх хүмүүс олон бий. Ямартай ч ямар их хичээл зүтгэл гарах ёстойг тайлбарласан нэгэн хэлц үг байдаг: "Ахлах сургуулийн сурагч шөнө гурван цаг унтдаг бол SKY-д орно, дөрвөн цаг унтдаг бол аль нэг их сургуульд орно, тав ба түүнээс дээш цаг унтдаг бол их сургуулийг мартах хэрэгтэй."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()