Дэлхийн хамгийн өндөрт орших 7 суурин газар

Түүхийн уртад хүмүүс амьдран суурьших газраа сонгохдоо аж ахуйд ээлтэй, аюулгүй тухтай байдлыг бодолцож, аль болох тааламжтай уур амьсгал, байршилтай газруудыг илүүд үздэг байв. Тэдгээр нь ихэвчлэн голын эрэг, тэнгис далай, нуурын хөвөө, нөмөртэй хөндий, үржил шимтэй тал нутаг байлаа. Гэтэл зарим ард түмэн өнө эртнээс эхлэн цасан оргилтой уулсын дунд, далайн түвшнээс маш өндөр цэгт амьдарсаар дасчээ. Тэгвэл ямар нутгийн хүмүүс хамгийн өндөрт амьдардаг, яагаад тэд ийм байршлыг сонгох болов гэдгийг дараах нийтлэлээс уншаарай.

Дэлхийн хамгийн өндөрт орших 7 суурин газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ла Ринконада, Перу

Далайн түвшнээс дээш 5100 метрийн өндөрт байх энэхүү хот нь байнгын оршин суугчидтай дэлхийн хамгийн өндөр дээрх суурин болжээ. Энд зочилсон хүмүүс тусгай хэрэгсэлгүйгээр амьсгалахад ч хүндрэлтэй байдаг бол иргэд нь нимгэн, хаягдал материалаар барьсан байшинд амьдрахын зэрэгцээ өдөр бүр алт олборлох хүнд ажлыг ажрахгүй хийдэг байна.

Анх Ла Ринконадад ганц уурхайн отог байсан бол одоо цэнгэлдэх хүрээлэн бүхий бүхэл бүтэн хот бий болжээ. Хэдий тус хотод хатуу хучилттай зам, бохирын систем, усны хангамж байхгүй хэвээр боловч хүн ам нь тасралтгүй өсч, өдгөө 50 мянгыг давжээ. Мөн Ла Ринконада экваторын шугамаас ердөө 14 градусын зайтай орших ч уур амьсгалын хувьд Гренландтай ч харьцуулшгүй. Энд жилийн дундаж температур 1.2 ° C бөгөөд ихэнх үед цастай, жихүүн салхи үлээж байдаг.

Ла Ринконада, Перу

Хатуу ширүүн нөхцөл, амьдралын чанараас гадна Ла Ринконадаг тулгардаг гол асуудал нь экологийн бохирдол юм. Алт олборлоход мөнгөн ус ашигладаг тул хотын хөрс, агаар, ус нь ихээр бохирджээ. Үнэндээ Ринконадагийн бүх уурхай хууль бус бөгөөд хотод ямар ч засаг захиргаа гэж байдаггүй, хяналт бараг үгүй аж. Мөн сүүлийн жилүүдэд тэндхийн үнэт металийн нөөц шавхагдаж байгааг үл харгалзан азаа үзэх хүсэлтэй хүмүүсийн Ринконадаг зорих цуваа тасрахгүй байна.

2 Эл Альто, Боливи

Нэр нь испани хэлнээс "өндөрлөг" гэж орчуулагдах энэхүү хот нь дэлхийн хамгийн өндөрт орших метрополис юм. Хотын хүн ам нь тасралтгүй өссөөр байгаа бөгөөд өдгөө сая гаруй хүн энд амьдарч байна. Эл Альто нь нэг хэсэг Боливийн нийслэл Ла Пасын нэг дүүрэг гэж явдаг байсан ч сүүлдээ тусдаа засаг захиргаатай хот болжээ.

Хотод байдаг нисэх буудал нь Боливи улсдаа хамгийн томоос гадна мөн дэлхийд хамгийн өндөрт орших агаарын боомт гэж тооцогддог. 4061 метр өндөрт орших нисэх буудлын зурваст газардсан онгоцны хаалга онгойход зорчигчид агаарын даралтын өөрчлөлтийг шууд мэдэрч, бие нь хямардаг байна.

Уур амьсгалын тухайд хамгийн дулаан улиралд Эл Альтогийн агаарын хэм + 14-15 ° C давдаггүй.

Эл Альто, Боливи

3 Ла Пас, Боливи

Эл Альтогоос холгүйхэн дэлхийн хамгийн өндөрт орших нийслэл хот Ла Пас (далайн түвшнээс 3600 метр) бий. Хэдий Сукре хот Боливийн албан ёсны нийслэл гэгддэг хэвээр боловч ерөнхийлөгчийн ордон тэргүүтэй бүхий л төрийн байгууллага, гол аж ахуйн нэгжүүд Ла Паст төвлөрдөг.

Сонирхуулахад, дэлхийн хамгийн өндөр дээрх олон улсын зэрэглэлтэй спортын байгууламжууд тус хотод бий. Жишээлбэл гольфийн талбай, ФИФА-аас зөвшөөрөл авсан Рафаэль Кастеллоны нэрэмжит хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байдаг. Хэдий тамирчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс улс хоорондын тэмцээнийг далайн түвшнээс дээш 2500 метрээс илүү өндөрт зохион байгуулахыг хориглодог боловч Ла Пас хотод тусгайлан зөвшөөрсөн ажээ.

Ла Пас, Боливи

4 Лхас, Төвд

"Бурхдын орон" хэмээх утга бүхий нэртэй Лхас нь Хималайн уулсын дундах хөндийд, далайн түвшнээс 3650 метрийн өндөрт оршино. 

Хуучин тусгаар Төвд улсын нийслэл, Далай ламын суудаг байсан Лхас хот нь өдгөө ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгджээ. Эртний Потала ордон, Их Зуу хийд, Норовлингийн ордонт цогцолбор зэрэг үзэх харах зүйл ихтэй болохоор тэр.

2006 онд Төвдийн өөртөө засах орныг хөндлөн гарсан төмөр зам тавигдаж, Лхас хот хамгийн том зогсоол нь болжээ. Бээжин, Гуанжоу зэрэг Хятадын бусад хотоос ирж буй зорчигчдод өндрийн ялгаа эрс мэдрэгддэг тул галт тэргийн купенуудад хүчил төрөгчийн аппарат суурилуулсан байдаг.

Лхас, Төвд

5 Намчэ Базар, Балба

3400 метрийн өндөрт орших Намчэ Базар тосгон нь Эверест уул руу гарахад хамгийн тохиромжтой эхлэх цэг болдог тул уулчдын дунд нэлээн танигджээ.

Хүн ам нь нэмэгдэж, олон зочид буудал, кафе, дэлгүүр нээгдсэн тул Намчэ Базарыг өдгөө тосгон гэж хэлэхээргүй болжээ. Гэвч уугуул оршин суугчид нь тосгоноо гадны жуулчдын хөлд дарагдсан газар болгохгүй гэж ихээхэн эсэргүүцдэг байна. 

Намчэ Базарын хамгийн алдартай цэг нь 3800 метрийн өндөр байдаг Everest View зочид буудал юм. Тансаг үйлчилгээ, ажиглалтын цэг, нисдэг тэрэгний зогсоол гээд мөнгөтэй жуулчинд хэрэгтэй бүх зүйл тэнд байдаг гэнэ.

Намчэ Базар, Балба

6 Потоси, Боливи

Энэхүү жагсаалтад орж буй Боливийн бас нэгэн хот бол далайн түвшнээс 4090 метрт өргөгдсөн Потоси юм. Дөрвөн зууны туршид Потоси хот бараг бүх Америк тивийн хамгийн олон хүнтэй, хамгийн баян хот байсан бол өдгөө энд 200 мянга гаруй хүн л амьдарч байна. 

Хотын хурдацтай өсөлт, хөгжил нь асар том мөнгөний ордтой холбоотой. Потосигийн дээгүүр дүнхийх Серро Рико де Потоси уул нь тэр чигтээ мөнгөний хүдрээс тогтсон байсан гэж хотын иргэд ярьцгаадаг. Харамсалтай нь тэндээс олборлосон ихэнх мөнгийг Испанийн эзлэн түрэмгийлэгчид авч явсан бөгөөд 1800-аад он гарсны дараа ордын нөөц барагдаж, Потосигийн доройтол ч эхэлсэн байна.

Өнөөдөр Потосигийн эдийн засгийн ихэнх хувийг аялал жуулчлал бүрдүүлж байгаа нь бусад хотуудтай харьцуулбал очиход амархан байдагтай холбоотой. Мөн хувийн зорилгоор, хууль бусаар мөнгө олборлох явдал байгаа ч ажлын нөхцөл маш муу тул төдийлөн амжилтанд хүрдэггүй байна. 

Потоси, Боливи

7 Мургаб, Тажикистан

Тажикистан улсын Горно-Бадахшаны өөртөө засах мужид орших Мургаб тосгон нь хуучин зөвлөлтийн орнууд дахь хамгийн өндөрт байдаг суурин юм. Байршлын хувьд Памирын уулсын дунд, далайн түвшнээс 3600 метрийн өндөрт оршино. Цаг агаар эрс тэс, өвөлдөө –50 ° C хүрч хүйтрэх ч зундаа маш халуун байдаг. 

Хэдий алслагдсан суурин боловч 4000 гаруй хүн Мургабт байнга оршин суудаг. Киргизийн хилтэй ойролцоо тул хүн амыг нь киргиз, тажик үндэстнүүд тэнцүү бүрдүүлдэг байна. 

Мургаб тосгонд сургууль, зах, угаалгын газар, аялал жуулчлалын төв, аялагчдыг хүлээн авах гэрүүд бий. Гэхдээ тосгон руу хот хоорондын зорчигч тээврээр очих боломжгүй, заавал Душанбе болон Хорог хотоос жийп машинд дайгдаж л очдог байна. Өвлийн улиралд тосгон ерөнхийдөө гадаад ертөнцөөс тусгаарлагддаг тул очсон хүмүүс тэнд хэдэн долоо хоног гацах ёстой болно.

Мургаб, Тажикистан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()